Хаана ямар дугуйланд хамрагдах вэ?

Хаана ямар дугуйланд хамрагдах вэ?

Сурагчдын амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ.

Бага ангийн хүүхдүүд хоёр долоо хоног амарна. Харин гурваас дээш ангийнхан нэг долоо хоног амарна. Тиймээс бид хүүхэд, залуучуудын байгууллагаар орж, сурагчдын амралтыг ая тухтай өнгөрөөх ямар боломж байгааг судалж үзлээ . Хаана, ямар дугуйлан хичээллэдэгийг дараах мэдээллээс аваарай.

УРЛАН БҮТЭЭХ ТӨВ ЗАРИМ ДУГУЙЛАНДАА НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

Хүүхэд багачуудын чөлөөт цагаа  зөв өнгөрүүлдэг цөөхөн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв. Тус төвийнхөн энэ хичээлийн жилд уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 16 ангид 600 хүүхэд хичээллэж байна.

Эдгээр дугуйлан нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм. Дугуйлан тус бүр гурван жилийн сургалттай. Бүртгэлийн 20 мянган төгрөгийг эс тооцвол үнэ төлбөргүй юм байна. Тус төвийнхөн өнгөрсөн сарын сүүлчээр буюу есдүгээр сарын 26- нд хичээлээ эхэлжээ. Одоогоор сүрлэн наамал, сүлжмэл, сийлбэр, баримлын ангид нэмэлт элсэлтээ авч байгаа юм байна.

ЗУРГААН НАСТНУУД БАРИМЛЫН ДУГУЙЛАНД СУРАЛЦАЖ БОЛНО

Хүүхдүүд хичээлийнхээ цагийн хуваариас хамааран долоо хоногт хоёр удаа гурван цагаар Хаана Ямар дугуйланд хамрагдах вэ? хичээллэхдээ үдээс өмнө, үдээс хойшхи ангийг сонгон суралцдаг аж. Хэрэв хүсвэл илүү олон цагаар гүнзгийрүүлэн сурах боломжтой юм байна. Энд уран зураг, сийлбэр, ханын чимэг, сүрлэн наамал, сүлжмэл, хүүхэлдэйн бэлэг дурсгал, баримал, хайчилбар, шүрэн урлал гэсэн төрөл бүрийн дугуйлан хичээллэдэг. Зургийн дугуйланд найман настай хүүхэд хамрагдах боломжтой. Зургаан настнуудын хувьд нэмэлт элсэлт авч байгаа сүрлэн наамал, баримлын ангид суралцаж болно.

Бусад дугуйлангийн хүүхдүүд зайлшгүй багаж хэрэгсэлтэй харьцдаг учраас гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг. Манай дугуйлангуудад хамрагдсан бүх сурагч сертификаттай төгсдөг” гэдгийг дугуйлангийн багш нар онцлож байна. Дугуйлангийн сурагчид жил бүрийн тавдугаар сард тайлан үзэсгэлэнгээ гаргаж хүүхдүүдийн бүтээлийг дэлгэн харуулдаг юм байна. Тиймээс та бүхэн сонирхсон мэдээллээ 329426, 321052, 325703 дугаарын утсаар тодруулж асуугаарай.

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР 12 ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭДЭГ

Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын дэргэд дуу, бүжиг, төгөлдөр хуур, ямаха зэрэг хөгжмийн дугуйлан хичээллэж байна. Мөн спортын төрлүүдээс сагс, волейбол, хөл бөмбөгийн дугуйлан хичээллэж байна. Тус төвд амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой айлын, халамжийн төвийн хүүхдүүд ирж суралцдаг.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд эцэг, эхийн хараа хяналтаас хол байдаг хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг дүүрэг, хороодын Засаг даргын захирамжаар энд суралцуулдаг аж. Дугуйлан тус бүрийг мэргэжлийн багш нар зааж суралцагч хүүхэд багачуудыг улсын хэмжээнд зохион байгуулдаг уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулдаг гэдгийг дугуйлангийн багш н. Энх-Оюун хэллээ.

ХЯТАД ХЭЛ СОНИРХОГЧИД, ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИД БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

Хүүхдийн ордонд, урлаг, уран бүтээл, гадаад хэлний гээд 20 гаруй дугуйлан хичээллэж байна. Хичээлээ есдүгээр сарын 15-наас эхэлсэн, шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаа жигдээд сар болж байна.

Одоогоор Хятад хэл, загвар өмсөгч, загвар зохион бүтээгчийн ангидаа нэмэлт элсэлт авч байгаа гэдгийг Хүүхдийн ордоныхон хэлж байна. Тиймээс хэл сурах сонирхолтой, загвар өмсөгч болохыг хүсдэг охид, хөвгүүд яаравчлах хэрэгтэй юм байна. Хэл, уран бүтээлийн ангиуд нь хоёр жилийн сургалттай. Харин урлагийн дугуйланг сонгосон хүүхдүүд сургуулиа төгстлөө сураад үргэлжлүүлэн мэргэжлийн их, дээд сургуульд элсэн орох боломжтой юм байна.

Тухайлбал дууны дугуйланд суралцаж буй хүүхэд дуу, хөгжим, нотны талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй болохоос гадна тайзны соёл зэрэг олон чадварыг эзэмшдэг аж. Мөн гүнзгийрүүлэн судалж буй хүүхдүүд нотоор дуулахаас гадна сонсож буй хөгжмөө нотлон бичихийг хүртэл сурдаг юм байна. Төлбөр мөнгөний тухайд дугуйлан тус бүр өөр өөрийн гэсэн үнэ тарифтай учраас аав, ээжтэйгээ ирээд үнийн дүнгээ судалж болох нь. Хамгийн доод тал нь 190 мянгаас эхэлж байна.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих