Оюуны хомсдол олширсоор байгаа Монгол

527-1381826669untitledБидний ухаант дээдэс Монголын ард түмэнд үлдээсэн томоохон төрийн бодлогын нэг бол Монгол удмын санг хэвээр нь хадаглан үлдээсэн явдал мөнөөс мөн. Манж Чин улсын эрхшээлд хоёр зуу гаруй жил болохдоо Манж өөрөө уусаад алга болчихсон байхад “Хөх толбот” Монгол үр садаа хөх тэнгэрийн оронд аваад үлдсэн энэ ухаант өвөг дээдсийн бодлогыг үргэлжлүүлэхэд ухаан, ур зарцуулах ёстой.
Дэлхийд оюуны хомсдол 1000 хүнд 10 байхад хэвийн дундаж гэж үздэг. Байгалийн хуулиар аль нэгэн өвчин үндэстэн, арьстан, яс үндэс ялгахгүйгээр аль нэгэн оронд, аль ч үндэстэнд дундаж тоотой байдаг. Өндөр хөгжилтэй гэгдэх оронд оюуны хомсдол цөөн хоцрогдсон Африкчуудын оронд олон байна хэмээн ойлгож болохгүй.
Германд ч, Хятад ч, Өрнөд ч, Монголд ч оюуны хомсдол статистикийн тоогоор нэг түвшинд байму! Амьдралын хэв загвар, байгаль орчны нөхцөлөөс болж зарим өвчин нутгийн чанартай, тоогоор нилээд илүү, дутуу байх учир бий.
Жишээлбэл: Монголд элэгний хорт хавдар нилээд их (Дэлхийн дунджаас илүү буй нь архидалтай холбоотой юм). Дэлхийд бүх хүн амын 1-3% оюуны хомсдолтой, дэлхийн 1000 хүнд дунджаар 10 оюуны хомсдол тохиолддог .
Оюуны хомсдол хэт өндөр оронд оюуны хомсдол 1000 хүнд 30 ажээ. Дэлхийн даяар авч үзвэл оюуны хомсдолтой хүмүүсийн 88% нь 16 наснаас доош хүүхэд байдаг. Оюуны хомсдолтой нийт хүний 71-91% нийгмийн үйл ажиллагаанд оролцох чадвартай. Оросын коммунистуудын шууд оролцоо шахалтаар 1925 онд Монголын засгийн газрын хорин тав дугаарх уралдаанаас тогтоол гаргажээ.
Уул тогтоол нь “Хар, шар феодлуудын эрх ямбыг хасах ба ургийн бичиг сэлтийг хөтлөхийг зогсоох тухай” нэртэй гарчээ. Энэ тогтоол гарснаар алтан ургийн ухаантнуудыг дэс дараалан устгасан тул Монголын төрийн бодлогын залгамж халаагүй болгосон, нөгөөтэйгүүр монголчуудыг ураг төрлийн угийн бичиггүй ойд төөрсөн сармагчин болгожээ.
Чухамдаа энэ бол 30,000 хүнийг хэлмэгдүүлэн буудан хороосноос ч хор уршгийн хувьд илүү, аажим байнга дэлбэрсэн үндэстнийг устгах, тэсрэх, тэсэрсээр байгаа бөмбөг байжээ. Сталины мах бэлтгэлд туугдсан Монголын 30,000 хүн бол хүний махан хүнстэн И.Сталины үгээр бол зөвхөн дүн бүртгэл статистик юм. Оюуны хомсдол ихсэхэд шууд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг.
1.Удамын санг хамгаалах, хэвийн байлгах хууль тогтоомжгүй
2.Хүн амзүйн зохистой бодлогогүй байх
3.Архинд тавих хязгаарлалтгүй байх,
Архиар улс үндэстнийг уусгах, устгах бодлого аль ч улсын түүхэнд гарч байжээ. Америкчууд Индиануудыг уусган, боолчилсон түүх, наад захын жишээ бөлгөө. Архиар Оросын Чучка, Тува, Өвөр-монголчуудыг хордуулан оосорлож байсанг хэвлэлд бичжээ.
4. Хоол хүнсний аюулгүй байдалд үл анхаарах
Оюуны хомсдолтой хүн Монголд 1986 онд 1,000 хүнд 8.4 орчим байснаа 1997 онд 3.9% хүнээр буюу (11.9%) нэмэгдэж 11-12 болжээ. 1997 оноос хойш улс даяар судалсан дорвитой судалгаа байхгүй лавтайяа нэмэгдсэн ,нь сэтгэцийн өвчтөн ерөнхий түвшинд эрс нэмэгдэж буйгаас харагдаж байна. Одоо доод зах нь 1,000 хүнд 13 хүрсэндэг. Энэ тоо бол судлаач бидний айдсыг хүргэж буй тоо бөлгөө.
Монголын оюуны хомсдолтой хүмүүсийн 24.2% удамшлын гаралтай билээ. Гэр бүл бологсод хоёул оюуны хомсдолтой бол төрсөн хүүхдийн 42.1%, нэг нь оюуны хомсдолтой бол 19.9%, төрсөн ах дүү нарын нэг нь оюуны хомсдолтой бол төрөх хүүхдийн 7.8% оюуны хомсдол илрэх магадлалтайг эрдэмтэд дунджаар тогтоожээ. Монголын оюуны хомсдолтой хумүүсийн шалтгааныг бид судлан үзэхэд,
1.Удамшлын гаралтай 24.5% (5000 гаруй)
2.Архидалтын үүсэлтэй 17%
3.Бага насандаа мэдрэлийн элдэв өвчнөөр өвчилсөн, гэмтэл авсан 24%, төрөх үедээ хүндэрч тархи гэмтсэн 5.5 %, эцэг эхийн архаг өвчнөөс 5.2% бусад тодорхойгүй шалтгаан 24.8% байлаа. Монголын оюуны хомсдолтой хүмүүсийг насаар ангилахад 0-7 настай 5.8%, 8-11 настай 57.6%, 12-15 настай 24.4%, 16 наснаас дээш 12% тус тус байлаа.
Өвчлөлийг хүнд, хөнгөнөөр ялгахад хөнгөн хомсдол дүйнгэ 72.3%, илэрхий мэдэгдэхүйц тэнэг 19.2%, маанаг 6%, усан тэнэг 0.6% байлаа. 2000 оны эхээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн анагаах ухаан удамшил судлалын секторын хийсэн судалгаагаар,
1.Оюуны хомсдол 1,000 хүнд 10 жилийн хугацаанд 3.1 хүнээр нэмэгдсэн.
2.Зарим сум, буйршил хүн амын дунд дэлхийн хамгийн өндөр түвшинээс 1000 хүнд 30 дээш гарсан.
3.Нийт хүн ам түүний дотор залуучууд өөрсдийн удам судрыг хоёр үеэс дээш мэдэхгүй болсон.
4.Суманд гэрлэгсдийн 90-95% хоорондоо 20 км зайтай амьдрагсад, бараглаж 100% нь 40 км-д амьдрах хүмүүс гэрлэх болсон.
5.Оюуны хомсдол 1000 хүнд 20-оос дээш болсон суманд хүмүүсийн оюуны чадамж нийтлэгээр буурч зарим сумдаас сүүлчийн 10 жилд дээд сургуульд элсэлтийн шалгалт өгч элссэн хүүхэдгүй болсон (одоо бол мөнгөөр хувийн сургуульд орох болсон учраас мэдэгдэхгүй болсон!)
6.Оюуны хомсдол өндөртэй сумдын айл, өрх бүрд оюуны хомсдолтой хүн байх учраас сүүлдээ нутгийн хүмүүс байх л ёстой үзэгдэл шиг ойлгож ач холбогдол өгөхгүй болсон зэрэг ажиглагдсан.
Бид 1987 оноос бараг 2000 он хүртэл 10 гаруй жил оюуны хомсдолын судалгааг улсын хэмжээгээр таванзуу гаруй мянган хүнд арван гурван аймагт тухайлбал нэг сум гэхэд сумын бүх өрхийн хүнийг эмч нарын бүлэг судлан (цусыг авч) тогтоосон учир үнэний магадлал өндөртэй судалгаа болсон.
Оюуны хомсдол бидний судалгаагаар Дорнодын Матад суманд 1,000 хүн амд 47.1%, (оюуны хомсдолтой 72.2% удамшлын гаралтай, тухайлбал хорин гурван хүний нэг нь оюуны хомсдолтой), Дорнодын Халх гол суманд 35.5 (хорин таван хүний нэг нь). Өмнөговийн Манлай суманд 22, Дундговь аймгийн Адаацагт 19.7, Баянхонгорын Баянлигт 16.2 байлаа.
Дорнодын хилийн хоёр суманд оюуны хомсдол өндөр буй нь энэ хоёр сумыг 70 гаруй жил хүн амын ямарч хөдөлгөөнгүй захиргаадсанаас ах дүүгийн хоорондын гэр бүл болох, цус ойртох ихэдсэнтэй шууд холбоотой байлаа. Нэг айлын таван хүүхэд оюуны хомсдолтой байх жишээтэй. Дорнодын Халх гол, Матад сумдаас агуу их соён гэгээрүүлэгч Д.Дамдинсүрэн нэртэй академич, биологич О.Шагдарсүрэн, нэрт орчуулагч Аким мэт олон ухаантнууд төрсөн байдаг юм.
Хүн амын цөөнх ястнуудын дунд аймшигтай үзүүлэлт гардаг. 1990 оны сүүлчээр Баян-Өлгий аймгийн Алтай сумын тавин өрх айлын 184 хүнийг шинжлэхэд оюуны хомсдол 17 буюу 1,000 хүнд 92.3 % байлаа. Эдгээр хүмүүсийн 23.6% нь гажиг хөгжилтэй, 7.8% хэл ярианы хоцрогдолтой, 3.4% хэлгүй дүлий, 8.9% нүдний харааны гажигтай, 3.4% зүрхний гажигтай байв.
2013 оны 6 сард хэвлэлд бага ястнуудын дунд цус ойртох үзэгдэл газар авч байна гэсэн мэдээлэлд 558 хосыг хамруулан түүвэр судалгаа хийхэд гэрлэгчдийн 81.0% нь тухайн ястнуудын хооронд гэрлэсэн ба 314 гэрлэлт нь нэг багийн хүмүүс байжээ. Гэрлэгсдийн оршин суух зайн хувьд 2-40 км-ийн хооронд, хамгийн хол нь 190 км байжээ. Тухайн сумын гэрлэлтийн 61.8-96% нь баг дотроо гэрлэснийг дурьджээ.
Энэ бол буйршил хүн амын генийн солилцоо буурч, алдагдсаныг заах ажгуу. Бидний судалгаа хийсэн аймаг, сумдаас Булган аймгийн сайхан сум (айл өрх бүрийг шинжлэхэд) оюуны хомсдол бараг үгүй, нийт хүн ам нь эрүүл, шүд, гүйлсэн булчирхайн үрэвсэл огт үгүй байв.
Судлаач бид үзэхдээ Сайхан сумын айрганд хүнийг эрүүлжүүлэхэд онцгой нөлөөтэй бодис байдаг юм уу гэж таамагласан. Тэндхийн адуу (зэргэлдээ Орхоны урд биеийн сумын аль нь ч адил иддэг ургамал Монголд өөр нутагт байхгүй, эрүүлжүүлэх бодис бүхий ургамал байдаг магадлал өндөр).
Булган бол Монголд оюуны хомсдол хамгийн багатай аймаг. Монголын бүх салбарын баатруудаас анхдагч нь энэ нутгийнх, судлан сонирхууштай хүн зон, нутаг, бичсэн зүйлээсээ бага зэрэг хадуурсандаа уншигчид олноосоо өчил гуйя!
Би сумдыг нэрлэсэн нь сэрэмжүүлэн түргэн арга хэмжээ авах хэрэгтэйг сануулсан зүйл шүү! Энэ талаар удаа дараа бичиж сум, олон түмнийг доромжилсон гэж үзэх элдвээр айлгах хүн бас байдаг. Бид одоо л нухацтай арга хэмжээ авахгүй бол засахад хэцүү уршиг үүсч магадгүй.
Бид юу хийх вэ?
Нэгэн зүйл. Улсын хэмжээгээр анагаах ухааны удамшлын албыг аймаг, хотын түвшинд байгуулах нэн шаардлагатай. Залуу гэр бүл болоход тэдгээрийн удам судар нь ямар болох, цусан төрлийн холбоотой эсэхийг тогтоодог байх шаардлагатай. Удамшлын алба бүх жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгч эхийн ургийн усыг шинжлэн гажиг хөгжил, удамшлын өвчнийг эрт зөв оношлон өвчтэй ургийг үр хөндөлтөөр таслан зогсоох гол үүрэгтэй.
Монголд хүний удмын сангийн тухай хуультай болох шаардлагатай байна. Хүний удмын сангийн тухай хуульд гадаадаас Монголд жилд зөвшөөрөн оруулж ирэх хүний тоо, хүн амын шилжилт хөдөлгөөн, хүнээ өсгөх бодлого, гадаадад ажлуулах хүмүүсийн тоо, удамшин дамжих өвчний сэргийлэлт талаар тодорхой оруулах, удмын сангийн хууль нууц хууль байж болно. Нэгэн зүйл. Монгол хүний үрийн сантай болох чухал. Одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр буй үндэсний олонхи, цөөнхийн үрийн сантай болох нэн чухал.
Нэгэн зүйл. Монгол нутагт амьдарч байгаа бага ястан, цөөнхийн үрийн санг даруй бий болгох. Урианхай, Захчин, Өөлд, Торгууд, Тува г.м.
Нэгэн зүйл. Дэлхий дээр байгаа монголчуудын үрийн санг бий болгох, хадгалах. Хятадын автономат Өвөрмонголын Монголчууд бараг, баруун Монгол, Үзэмчин, Цастын цагаан уулын баруун Монгол, Хятадын гүнд буй монголчууд, Буриад, Халимаг, Афганистанын Могол, Балбын, Энэтхэгийн, Тайландын Монголчуудын үрийн сантай болох, үрийн сан бий болгоход зардал мөнгө, өндөр технологийн багаж, тоног төхөөрөмж огт шаардагдахгүй. (гүн хөлдөөгч хоёр талын тэжээлтэй цахилгаан өрөө, сав л орно)
Нэгэн зүйл. Америкийн эрдэмтэд судалгааны үндсэн дээрээ 2010 онд Чингэсийн удмын гентэй 20 сая хүн дэлхийд голдуу Европ, Америкийн орнуудад буйг ч мэдээлсэн. Үүнийг сонирхмоор асуудал. Оюуны хомсдолтой хүмүүсийн нөхөн үржихүйг зохицуулах тодорхой хуультай, ялангуяа ухаан хомсдолтой эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тал дээр онцгой анхаарах үрийн суваг боох, таслах, хөнгөлөх эмчилгээ хийж болох эсэх талаар тодорхой заалттай болгох.
Нэгэн зүйл. Төрөлттэй холбоотой үүссэн оюуны хомсдол голчлон төрөхийн тархины гэмтэлтэй холбоотой, ер нь дэлхийн өндөр хөгжилтэй ихэнх улсад хүүхдийн сэхээн амьдруулахын нарийн заалт, шалгууртай амьдрахгүйд тооцсон хүүхдийг амгалан нөхцөөх хуультай улс орон нэн олон байна.
Манай улс амгалан нөхцөөх (эвтаназия) хуультай болох орны нэг. Оюуны хомсдолтой нас нь 10 их гарсан хүүхдийг ихэвчлэн буурал аав, ээж нь асарч сүүлдээ бие засуулахад өргөн даахгүйн зовлонгоос эхлэхэд олон бэрхшээл хооллох, ундлахад хүнд байдаг учир цөөнгүй хүмүүс эмнэлгийн аргаар егүүтгэж өгөхийг бидэнд хүсдэг юм. Энэ тухай би бас л бичиж, хуралд илтгэл тавьж хүмүүст шүүмжлүүлж байв, Эдгэрэхгүй хүндээр өвчилсөн хавдартай хүмүүс зэрэг өөрсдийн хүсэлтээр амгалан нойрсолтонд ордог хуультай орон дэлхийд олон бий.
Таван оюун ухааны хомсдолтой хүнтэй Халх гол сумын нэг айлд 10 хоногт нэг адууны мах хүрдэггүй гэж сум нэгдлийн захиргаа нь мэдэгдэж байсан. Одоо тэр хүмүүст хэн тусалдаг бол? Манай төр засаг сүүлийн хорин хэдэн жил тахир дутуу хүмүүс гэхийг хөгжлийн бэрхшээлтэй гэж нэр сольсноос өөр тэдэнд наалдах юм хийсэнгүй. Тахир дутуу гэж дэлхийн бүх оронд нэрлэдэг нэр, уламжилсан Монгол нэр нь Ханчир гэсэн үг.
Монгол хэлний 1912 оноос хойш хэвлэгдсэн Орос-Монгол, Монгол-Англи, Монгол-Герман, Монгол-Хятад зэрэг бүх толь бичигт тахир дутуу гэж нэрлэжээ. Одоо ч тахир дутууг хөгжлийн бэрхшээлтэй гэж арай толинд бичээгүй, оноогоогүй байна. Улсын эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагад үрийн донортой (сантай), үрийн донорын цэгтэй болох шаардлага бий. Үрийн доноргүй учраас үр шилжүүлэн суулгахад нэн бэрхшээлтэй байдаг.
Үр шилжүүлэн суулгах үйлдлийг одоогийн хувийн эмнэлгүүд өндөр үнээр баруун, солгойгүй хийж байгаа нь дэлхийн жишгээр судалгаанд хүний эд, эс, биологийн шингэнийг авч ашиглах тухай анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийг өгөхөд их хянуур хандах ёстой. ЭНЭШТөвийн анагаах ухааны удамшил, нөхөн үржихүйн сектор анх Монголд энэ ажиллагааг эхлэн арав гаруй хүүхдийг үр шилжүүлэн суулгаад төрүүлсэн одоо тэд бүгд эрүүл энх өсөж торниж байна, ихэр хүүхэд ч бий.
Сүүлийн жилүүдэд олон улсын уул үйлдлийг ямар нөхцөлд, ямар зөвшөөрлөөр явуулдгийг нарийн судлаад бид түр зогсоосон юм. Одоо үр шилжүүлэн суулгах төв гэсэн нэр, гарчигтай газрууд гарч сонин хэвлэлээр сурталчлах болов? Чухам хэний үр, хэний өндгөн эс вэ? гэдгийн баталгаа байна уу? эсвэл Хятад, Япон зэрэг Монгол төрхтний үр үү ? Өндгөн эс хэнийх болохыг яаж батлах вэ? Учирзүйн холбогдлоор бодоход зөвхөн энэ асуудал ноцтой, эгзэгтэй асуудал билээ. Энэ ажлыг яасан ч хувийн эмнэлгээр хяналтгүй хийлгэх ажил биш ээ!
Манай засгийн газрын тэргүүнүүд алдарт эхчүүдэд одон тараах, сургуулийн хүүхдийн нэг загварын хувцас телевизээр сурталчлахын оронд улс эх орныхоо тусгаар тогтнол, бие даан хөгжүүлэх төрийн чухал бодлогодоо оролцвол зөв зүйтэй санагднам, арга ч үгүй юм манай засаг төрд Ц.Нямдоржийн саяхан хэлснээр “гудамжинд явсан хүмүүсийг төрд шургуулсан гор гарч байна” гэсэн нь Ц.Нямдорж худлаа ярьж, хууль засдаг ч, ганц үнэн үг хэлжээ. Монголын засаг төрд шургалсан сайн дурын уран сайханчдын нэг нь ч гэсэн үнэн ганц үг хэлжүү хэмээн бодном,
Оюуны хомсдолтой хүүхэд төрүүлсээр байх уу ?
Проф. Ж.Раднаабазар
Эх сурвалж: “Хөх толбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих