МCS-ийн зөвшөөрөлгүй барилгаас болж хажуугийн барилгад цууралт үүсч, олон байгууллага, айл өрх орох оронгүй болох нь

11687_359МCS компанийн охин компани болох MCS пропертейз холдингийн барьж буй барилгаас болж хоёрхон метрийн хойно орших Шилэн пирамид буюу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпийн гудамжны 9-р байранд цууралт үүсч, өнөө маргаашгүй нурж унах дээрээ тулаад байна.
Одоогийн МАХН-ын байрны өмнө, Хуримын ордны дэргэд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн амины орон сууц байсныг уншигч та санаж буй байх. Энэхүү газрыг өдгөө MCS пропертейз холдинг эзэмшиж буй хэдий ч барилга барих зөвшөөрөл огт аваагүй хэрнээ 25 давхар барилга барихаар улайрч, газраа ухаж байгаад ийнхүү хоёрхон метрийн зайтай байсан шилэн пирамид барилгад 12-15 см-ийн цууралт үүсгээд байгаа юм байна.

Даацын хана, тулгуур баганаа дагаад сууриндаа хөндлөнгөөр, маш хурдацтай цууралт өгч байсан учраас Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдлагууд газар дээр нь ирж, яаралтай хуралдаад барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авсан аж. Гэсэн ч мөнгөтэй газар өнөөдөр үйл ажиллагаагаа түр зогсоосон ч маргааш ажиллаад эхлэх нь ойлгомжтой.

Мэдээж барилгын тулгуур багана, даацын хананд цууралт үүснэ гэдэг тухайн барилга цаашид удаан тэсвэрлэх боломжгүй болсныг илтгэж байна. Ганц л тулгуур багана унахад тус барилга шууд л нурах нь ойлгомжтой. Тиймээс MCS пропертейз холдингийн удирдлагууд цаашид ямар арга хэмжээ авч, яаж ажиллахаа шийдвэрлэцгээж буй биз ээ.

Асуудлын гол нь MCS пропертейз холдинг газар эзэмших эрхтэй ч барилга барих зөвшөөрөлгүй байсан гэнэ. Ийм байтал Үйлчилгээний зориулалтаар 25 давхар барилга барихаар том толгой гаргасан нь харамсалтай. 25 давхар барилгын 23 давхарыг дээшээ, хоёр давхарыг нь доошоо газар ухаж барих гэж байгаад 20 метрийн гүнд хүрээд өдгөө ийм хүнд байдалд орсон аж.

Юутай ч тухайн барилгад цууралт үүсэнгүүт оршин суугчдад газар хөдөлж буй мэт чимээ, доргилт мэдрэгдэж, шууд л ажлын байр, гэрээсээ гүйн гарч ирэхэд хүрсэн гэнэ. Зарим оршин суугчид “Газар хөдлөх шиг болохоор нь биднийг гүйхээрээ гарч ирэхэд урд газар ухаж байсан барилгынхан бас гүйлдэцгээж байсан. Тэгэхээр нь газар хөдлөөгүй, газар ухалтаас болоод байшинд цууралт өгчээ гэж ойлгосон” хэмээцгээж байлаа.

Харин цууралт өгсөн гэгдэх шилэн пирамид барилгад цөөн хэдэн айл, ихэвчилэн албан байгууллагууд оршин суудаг аж.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11687


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих