Э.Болор-Уянга: Надад ирсэн хамгийн нандин бэлэг аавын минь хэлсэн үг

Дуучин хүний сэтгэл уяхан байдаг. Дуулж яваа хорвоо нь гэгээхэн байдаг билээ. Ийнхүү гэрэлт орчлонг аргадаж олон сайхан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдийг байлдан дагуулж байсан Э.Болор-Уянга нам жим болчихсон. Гэхдээ л түүний уран бүтээл өнөөг хүртэл бидний зүрх сэтгэлд эгшиглэсээр л. Тэгвэл өөрийн гэсэн өнгө аялгуутай гэгээлэг дуучин маань их урлагийн тайзнаа эргэн ирж шинэ уран бүтээлүүдээ хийгээд тун завгүй байгаа аж. Ингээд эрхэм уншигч таныг дуучинтайгаа уулзуулъя.

-“Чамд” нэртэй цомог гаргаснаасаа хойш нам гүм болчихсон. Хаагуур яваад байна даа?
-Сургуулиа төгсөх, аж- лаа хийх гээд л завгүй шахам явлаа. Амьдрал баян болохоор дан уран бүтээлээ хөөгөөд явах боломж, цаг хугацаа нэг хэсэг олдсонгүй. Гэхдээ одоо эргээд уран бүтээлээ хийж эхлээд байгаа. Эргээд санахад 2004 оноос уран бүтээл хийж урлагтаа дурлаж, дуугаа дуулж явсан он жилүүд минь надад олдсон хамгийн том бэлэг юм. 2006 онд “Чамд” нэртэй цомгоо гаргаж байсан. Тэр цомгийн минь дуунууд одоо ч дуулагдсаар л байна. Өнгөрсөн оноос уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орж шинэ жилийн өмнөхөн “Дурсая, дуулья” цомог гаргаад үнэгүй тараасан. Энэ цомогт эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дуулж байсан дуунууд багтсан байгаа. Миний зорилго бол тэр сайхан хоолойтой дуучны амилуулж олонд хүргэсэн уран бүтээлийг хойч үедээ өвлүүлэх уран бүтээлийг нь үргэлжлүүлэн өвлөх байсан. Гэвч Д. Эрдэнэцэцэг эгчийн уран бүтээлүүдээс манай урын санд дөрөвхөн дуу үлдсэн байдаг юм билээ. Монголын эстрад урлагийн поп дуучны үүх түүхийг дэлгэрүүлэх тийм хүн байсан гэдгийг таниулах нь зөв байх гэж бодсон юм. Мөн Э. Болор-Уянга гэж хэн бэ гэдгийг харуулах үүднээс өөрөө шинэ уран бүтээлдээ орчихсон явна.

-Чиний уран бүтээл их гэрэл гэгээтэй санагддаг. Ер нь гунигийн дуу урын санд чинь бий юу?
-Би гуньж гутарсан өнгө аястай дуу дуулахыг хүсдэггүй. Дандаа гэгээлэг, жаргал зөгнөсөн уран бүтээл хийхийг зорьдог. Хүн мэдээ орсон цагаасаа л аз жаргал уруу тэмүүлдэг шүү дээ. Тэгээд ч хэн нэгэн сэтгэл санаандаа байгаа хөнгөн гунигаа арилгах гэж эсвэл найр наадам, баяр ёслолын үед л дуулдаг болохоос биш зовлонтой үедээ дуулдаггүй биз дээ. Саяхан Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Пүрэвдорж ахтай хамтарч “Сэтгэлийн толь” нэртэй их сайхан уран бүтээл хийсэн. Энэ дууг дуулахад сэтгэлд өөрийн эрхгүй аз жаргал мэдрэгддэг.

-Урлагийн замд чамайг хэн хөтөлсөн бэ?
-Миний аав. Аав минь дуучин, хөгжимчин хүн байсан. Гэхдээ урлагаар яваагүй. Манай ах, дүү нарын дунд дуулдаг, хөгжим тоглодог олон сайхан хүмүүс бий. Миний өвөг эцэг ч гэсэн хөгжим тоглодог хүн байсан. Аав минь намайг урлагийн хүн болгох гэж маш их зүтгэсэн. Хүүхэд байхаас л дугуйланд явуулж хөгжүүлж эхэлсэн.

-Чамайг эдийн засагч гэж сонссон юм байна?
-Би эдийн засгийн харилцааны чиглэлээр сургууль төгссөн. Одоо мэргэжлээрээ нэг компанид ажиллаж байна. Гэхдээ урлагаас холдож чадахгүй юм билээ. Мэдээж ар гэр, амьдралаа авч явах ачаа хүн бүрт л байдаг шүү дээ. Тиймээс мэргэжлээрээ нэг хэсэгтээ ажилласан нь зөв байх гэсэн шийдвэрийг өөртөө гаргасан.

-Анхныхаа цомгийг бас үнэгүй тараачихсан уу, үгүй юу?
-Үгүй л дээ. Тухайн үед надад бүх зүйлд туршлага л дутсан гэж боддог. Би анхныхаа цомгийн нээлтийг төрсөн өдрөөрөө хийсэн. Шинэ дуучин төрж байна гэдэг санааг агуулсан юм. Бүх дуугаа филиппин хөгжимчтэй хамт амьд дуулж байсан.

-Нэг үе хит болж байсан олон дууг эргээд хүмүүст хүргэх үүргийг өөртөө хүлээж байна. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Нэгэн үе уран бүтээлээ хийж явсан дуучдаа бид мартах эрхгүй. Тиймээс би тэр үеийн дуунуудын үүх түүхийг ч гэсэн бичиж байгаа. Миний хоолойны темберт Нандинцэцэг, Эрдэнэцэцэг нарын дуу их ойрхон учраас сонгож авсан. 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд эстрад урлагийг монголд хэн гаргаж ирснийг тэр бүр сайн мэдэхгүй. Тиймээс би хүргэх үүрэгтэй байх.

-Сүүлийн үед шинээр төрж байгаа дуучид хүний дуулж байсан дууг ашиглах болсон гэсэн шүүмж их байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Би хүний юманд дураараа ханддаггүй. Мэдээж яруу найрагч, хөгжмийн зохиолчтой нь болон дуулах гэж байгаа дууныхаа дуучных нь ар гэрийнхэнтэй уулзаж албан ёсоор зөвшөөрөл авсан. Мэдээж сайн уран бүтээл бол мөнх байдаг. Харин тэр уран бүтээлийг илүү урт наслуулахад нь мэдээж дуучин хүн өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой. Дуу нь дуулагдаж байж дуучин нь дурсагддаг.

-Филармоны Д.Эрдэнцэцэг эгчийг чи таньдаг байсан уу?
-Би тухайн үедээ арван жилийн сурагч байлаа. Гэхдээ тэмцээн уралдаанд оролцоод явж байхдаа таараад уулздаг байсан. Дуу бүхэн нь надад их таалагддаг. Найз нөхөд гэр орныхонтой нь уулзаад явахад Д. Эрдэнцэцэг эгч их сайхан сэтгэлтэй, өгөөмөр эгэл хийгээд энгүй хүн байсан гэж ярьдаг. Мөн маш сайхан хоолойтой хүн шүү дээ.

-Нэг үе уран бүтээлээсээ хөндийрөөд эргээд ирлээ. Үеийнхэн чинь хэр хүлээж авав?
-Хэдхэн жил болсон гэхэд маш их өөр болж. Манай үе ч гэлтгүй манай дуучид, хөгжмийн зохиолчид, дуу бичлэгийн студийнхэн надад их тусалж байгаа. Алдаа оноог минь сайн хэлж өгч байна. Дууны минь өнгө аяс хоолойны нугалаа гаргах тэр бүү хэл нүүр амаа будах тал дээр минь хүртэл санал тавьдаг.

-Өөрийнхөө зан чанарыг тодорхойлбол?
-Би өөрийгөө магтахаасаа өмнө алдаагаа олж харахыг хичээдэг. Надад дутагдалтай зүйл их байгаа. Тэр дундаас би их яаруу. Ер нь цаг хугацаатай маш их уралддаг. Болж өгвөл хүнд туслахыг боддог. Өөр илүү дутуу ааш авир гаргадаггүй байх аа.

-Өөрт чинь үлгэр дууриал болдог эмэгтэй дуучин бий юу?
-Хүн хүнээс өөрийгөө олж харна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ манай эмэгтэй дуучид их гайхамшигтай хүмүүс байдаг. Хэн нэгний хамааралгүй зөвхөн өөрийнхөө уран бүтээлийг хийж яваа хүмүүс олон. Гаднаас нь харахад хүмүүс дуулаад л мөнгө олоод байдаг гэж боддог байх. Тэдний дунд байгаа хүний хувьд хэлэхэд хүнд хэцүү үе байлгүй яахав хүн л юм чинь. Гэхдээ ямар ч бэрхшээлийг давж чаддаг. Бүгд л ядарна цуцана гэж байхгүй уран бүтээлдээ, урлагтаа хайртай хүмүүс олон байгаа нь сайхан санагддаг.

-Хамгийн сүүлд ямар тоглолт дээр дуулсан бэ?
-Сүүлийн үед хурим найр ихтэй байгаа болохоор өдөр бүхэн л том, жижиг гэлтгүй тоглолтод дуулж байгаа. Хамгийн сүүлд орсон тоглолт гэвэл СГЗ Ү.Хүрэлбаатарын тоглолт.

-Чиний хувьд тайз гэж юу вэ?
-Амьдралын их өндөр босго. Энэ босгоор би дөнгөж л давж орж байна. Тиймээс олонд хүрсэн сайхан уран бүтээл хийж бага багаар ахина гэж бодож байгаа. Хүн амжилтад хүрчихлээ гээд болчихдоггүй шүү дээ. Яагаад гэхээр амжилт гэдэг бол маш өндөр уул. Тэр уулын оргил өөд зүтгэсээр байгаад л хорвоог дуусгана даа. Тухайлбал, Хайдав гуай би тайзан дээр гараад болчихлоо гэж хэлдэггүй биз дээ. Үүнээс үүдээд бодоход тайз бол аугаа байгаа биз.

-Хувийн амьдралын тухайд?
-Охинтойгоо амьдардаг. Мэдээж ах эгч дүүтэй. Охин маань цэцэрлэгтээ яваад л би ажлаа хийгээд л амьдарч байна даа. Надад бусдаас нуугаад байх ч юм уу эсвэл яриад байх тийм урт намтар түүхтэй амьдрал байхгүй. Эгэл нэг амьдралтай л хүн.

-Хайр гэж юу вэ?
-Миний хувьд харилцаа, итгэл. Энэ хоёр зүйл хайрыг бий болгодог. Хайр нь амьдралыг бүтээдэг. Амьдрал бол аз жаргал шүү дээ.

-Нэг үе урлагаасаа хөндий байсан. Эргээд орж чадахгүй бол яана гэж харамсах үе байсан уу?
-Байлгүй яахав. Би яанаа ингээд дуугаа орхичих вий дээ гэсэн айдас үе үе мэдрэгддэг байсан. Гэхдээ би дуулж чадахгүй бол аавынхаа захиасыг биелүүлж чадахгүй. Тэгээд ч урлаг намайг өөрөө хөтөлж ахин орж ирэхэд минь үүдээ нээсэн.

-Ээжийнхээ тухай яриач?

-Миний ээж их ажилсаг хүн. Өндөр настай ч нямбай цэвэрч, ухаалаг. Хивсний үйлдвэрт насаараа ажилласан. Одоо хэдэн ач зээгээ тойруулж суулгачихаад л үлгэр домог ярьж, дуу бүжиг зааж суудаг юм.

-Хамгийн анх тайзан дээр гарахдаа хэр сандарч байв?
-Анх хүүхэд байхдаа “Ирээдүйн од” тэмцээнд орж тайзан дээр гарч байсан. Тэр үедээ “Номин талст”-ын Хаянаа, Батсүх, Дэлгэрмөрөн гээд л нэг үеийнхэн бид өрсөлдөж байлаа шүү дээ. Залуучуудын соёлын ордны тайзан дээр гараад ирсэн чинь хөл чичрээд юу болоод байгаагаа ч мэдэхгүй өнгөрч байсан. Дараа нь хүүхдийн ордны тайз. Тэгээд дуурийн тайз байна. Эхлээд дандаа л уралдаан тэмцээнд оролцож тайзан дээр гардаг байсан.

-Өөрийн чинь авсан хамгийн нандин бэлэг юу вэ?

-Би эд юманд тэгтэл дурладаггүй. Мэдээж үзэгчээ хүндлээд тайзанд гарахдаа сайхан хувцасладаг. Түүнээс биш энгийн үед ээмэг, бөгж гэх мэт зүйлс нэг их хэрэглэдэггүй л дээ. Миний хувьд хамгийн үнэтэй бэлэг бол миний аавын хэлсэн үг гэж боддог. Мэдээж ээж, аав үрдээ үгийн сайхныг харамгүй л хэлдэг л дээ. Гэхдээ тэр дундаас миний аавын үг одоо хүртэл зүрх сэтгэлд минь сонсогдох шиг болоод нулимс гардаг. Намайг анхны цомгоо гаргаад баяраа тэмдэглэж байх үед аав минь хэвтэрт байсан. Гэтэл миний цомгийн баярт ирээд “Эхнэр бид хоёр энэ охиныг төрүүлээгүй. Урлагийн та бүхэн төрүүлсэн. Тиймээс охиныг минь цаашид сайн түшиж тулж яваарай” гэж хэлж байсан. Энэ үг бол надад ирсэн хамгийн том бэлэг.

-Охин чинь хэдтэй билээ. Урлагийн хүн болгох уу?
-Миний охин дөрвөн настай. Урлаг хүнд төлөвшил өгдөг болохоор охиноо жаахан явуулна. Ядахдаа л урлаг ойлгох төгс мэдрэмжтэй болгох нь чухал байх. Ирэх жил төгөлдөр хуурын дугуйланд явуулна гэж бодож байгаа. Одоохондоо оюун ухааныг нь хөгжүүлэх тал дээр анхаарал тавьж байна. Харин ямар мэргэжил боловсролтой хүн болохыг нь байр байдлыг харж байгаад л болно доо.

-Хотын унаган охин хөдөө явдаг уу?
-Урлагийн буянаар явж үзээгүй газар бараг байхгүй. Маш их явж тоглолт хийсэн. Тэр дундаас хамгийн сайхан нутаг бол Архангай аймаг санагдсан. Байгаль нь ямар сайхан гэж бодно. Би тэнд л анх хун харсан даа. Хайр сэтгэл, гэгээн сайхан бүхнийг билэгддэг тэр шувуу ямар үзэсгэлэнтэй юм бэ. Тийм гайхамшигтай шувуу илүү сайхан үзэсгэлэнтэй газар л ирдэг байх.

-Үеийн уран бүтээлчдээсээ хэнтэй нь илүү дотно байдаг вэ?
-Миний үеийн эмэгтэй дуучид хоорондоо их сайн найзууд л даа. Дуучин Сэрчмаа, Баярцэцэг, Номин, Отгоо, Наараа гээд бид нэгнээ дэмжиж хоорондоо нандин холбоотой байдаг.

-Шар хэвлэлээр өөртэй чинь холбоотой мэдээлэл багагүй гардаг. Үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?
-Би өмнөө тавьсан хатуу зорилготой болохоор ирсэн саадыг даваад л гарна гэж боддог. Тэр бүхэнд эмзэглэх ч шаардлага байдаггүй. Мэдээж эмэгтэй хүн болохоор хэн нэгэнтэй нэр холбоод л биччихсэн байдаг. Тэр нь тийм ч чухал биш шүү дээ. Би өөрөө өөртөө л зөв явдаг. Тиймээс миний ард түмэн үнэнийг шар хэвлэлээс биш надаас л олж харна шүү дээ.

В.НЭРГҮЙ

URL:

Сэтгэгдэл бичих