Гурван эгнээтэй автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлаж эхэллээ

НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон.
Мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамлах тухай заасан юм.  НИТХ-ын энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс  3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчиход зориулж туршилтын журмаар хашлага байрлуулж эхэллээ.
Одоогоор “Техник импорт” ХХК-ны урдаас “Гермес” төвийн уулзвар хооронд 2 метрийн урттай автозамын 140 ширхэг хашлагыг 2,7 метрийн зайтайгаар байрлуулсан гэж “Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ.
Хашлага замын зорчих хэсэгт байрлаж байгаа учраас аюулгүй байдлыг хангахын тулд нийслэлийн замын цагдаагийн газартай зөвшилцөж, цагаан шар өнгөөр буджээ. Харин жолооч нарт анхааруулга өгөх зорилгоор үзүүр хэсгийг цагаан өнгийн гэрэл ойлгогчтой будгаар будсан байна.
Цаашид шинээр тавьсан хашлагын эхлэл төгсгөл хэсэгт анхааруулах тэмдэг тэмдэглэлээг нэмж хийх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

URL:

Сэтгэгдэл бичих