Бөх үзмээргүй болжээ

“Бөхийн өргөө” бөхийн үзэгчдэд багаддаг бол­чих­сон юм шиг байна. Тэнд ням гаригт зохион байгуулсан “Харцага, начин цолтнуудын халз барил­даан”-ыг үзэх гэж эрчүүд ёстой нэг нэгийгээ үзэлцлээ. Суудлаасаа олон тасалбар борлуулсан бололтой. Эхлээд “Бөхийн өргөө”-нд орох гэж хоёр талын хаалганы гадна бөөн хэрүүл маргаан, зодоон цохион, бараг л “барилдаан” болов.

Арай гэж дотор орлоо. Суух байтугай бараг хөл тавих зай алга. 8000 төгрөгөөр тасалбар авсан хүмүүс суудал олдохгүй, шалаар эгнэж суусандаа эхлээд уур­лаж бухимдсан ч хаалганы цаана үлдэгсдийг бодвол орж ирсэндээ баярлан, хаа таарсан газраа хөлөө жийн тухалжээ. Үзэгчдийн хамгийн ихээр барилдааныг нь сонирхдог, үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа улсын залуу цолтнууд зодоглосон халз барилдааны тасалбарын “шаг”-ийн үнэ 25 мянга хүрчээ. Харамсалтай нь, цаг тулгаж ирээд мөнгө цохиж авсан тасалбараараа дотогш орж чадахгүй үлд­сэн хүн олон байлаа. Зарим нь бүр буцаж ч харагдав. Тэр байтугай телевиз, сонины сэтгүүлч, зурагчдыг хамгаалагч нар нь хөөж туугаад дотогш оруулсангүй. МҮОНРТ-ийн спортын “Чандмань” студийнхэн хамгаалагчид дээрэлхүүлээд буцсан. “Бөхийн өргөө” сүүлийн үед сэтгүүлчдэд хаалгаа тайлахаа больсныг энд хэлчихэд гэмгүй байх. За тэр яахав.

Ингээд дотор гаднагүй бужигнаж байтал барил­даан эхэллээ. Харцага Л.Пүрэвжав, Д.Батболд, С.Мөнхбат, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, А.Бямба­жав, улсын начин Г.Эрхэмбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Д.Лхагважав, Ж.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Ц.Содном­дорж. Хэн энэ залуусын барилдааныг сонирхолгүй болно гэхэв… Хамгийн уран, дайчин барилдаанч, байнгын бэлтгэл, торгон ирэн дээрээ яваа залуу хүчтэнүүдийн барилдааныг санаачлан явуулсан нь сай­шаал­тай ч хоёрын даваанаас эхлээд багтаж шингэхгүй болтлоо цугласан үзэгчид багтарч үхтлээ бухимдав.

Улсын начин Ц.Содномдоржийг хэн ч муу бөх гэхгүй! Гэтэл энэ залуу өөрийгөө, бусдыгаа, үзэгч олноо, цаашлаад энгийн олны эгэл бусаар хайрлаж ирсэн бөхийн дэвжээгээ хүндэлж мэддэггүй юм байна. Монгол үндэсний бөхөд уг нь дүрэм, журам, тэр байтугай хууль бий. Түүнээс тун багахан хувийг нь бөхчүүд өөрсдөө мэддэг юм шиг байна, угаасаа дүрэм, журам нь ч тэр хэмжээндээ хэрэгждэг байх.

Хоёрдугаар тойргийн барилдаанд таарсан улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Ц.Содномдорж нарын оноолтыг энэ өдрийн хамгийн үзүүштэй барилдаан гэж хүлээсэн үзэгчид андуурсан байлаа. Ц.Содномдорж начин ухарч гүйгээд ерөөсөө барилдсангүй. Угаасаа эхний даваанаас л тэр нэг бол эмчийн өмнө очиж зогсчихоод, нөгөө бол зугтаж гүйгээд харахаас залхмаар байлаа. Нэг барилдаан 20 минут үргэлжлэх ёстой. Гэтэл Ө.Даваабаатар, Ц.Содномдорж хоёр арваад минут хөөцөлдөж гүйсний дараа тайлбарлагч улсын начин залууд “Дахиж тойрч зугтвал энэ тойргийн барилдаанаас хасна” гэсэн сануулга өглөө. Үзэгчид шуугиад явчихав. Гэхдээ энэ гайгүй. Ц.Содномдорж дахиад арваад минут барилдахгүй зугтсан болохоор Цэцдийн зөвлөлийнхөн ярилцаад, сануулж байснаараа барилдаанаас хасч, Ө.Даваабаатарыг давсанд тооцлоо. Улсын начин Ц.Содномдорж тэгтэл Ө.Даваа­баатарын өмнө хөндөлсөж зогсоод барилдах гэж зүтгэв. Бүр гарнаас нь барьчихаад тавьдаггүй ээ. Засуул, цэц хэдэн хүмүүс ирж байж Ө.Даваабаатарын малгайг хүчээр шахуу өмсгөөд, туг руу дөхүүлж өгөв. Ц.Содномдорж начин харин тахимаа ч өгөлгүй суудал руу гаа алхлаа. Бөхчүүдийн энэ байдал, яг энэ дүр зураг үзэгчдийг солиоруулах шахав. Тэд ундааны шил, сав, хог цаас, ер юу хүссэн бүхнээ дэвжээ рүү шидэлж, чих дүлийрэх шахам орилолдлоо. Бүр аймаар… Ой гутмаар, ичмээр. Үзэгчдийн өмнөөс үү, бөхчүүдийн өмнөөс үү мэдэхгүй. Нэг тийм муухай мэдрэмж төрөв.

Нэг харсан, Ц.Содномдорж начин барилдааныг орхиж явах гэсэн үү, дээл хувцсаа аваад суудлаасаа өндийх гэхэд нь улсын арслан Х.Мөнхбаатар болиу­лах шиг болов. Тайлбарлагч, гуравдугаар тойргийн барилдаан эхэлснийг зарлаж, харцагууд байраа эзэлсэн ч начингуудын багийнхан суудлаасаа бос­сон­гүй. Үүнийг эсэргүүцэл илэрхийлж байна гэж ойлгох байх. Үзэгчид бүр цөс нь хөөрчихсөн, зарим нь тэднийг “Босч барилд” гэж загнаад, зарим нь “Битгий барилд” гэж орилоод л…Тэр хооронд тайлбарлагчийн яриаг арай гэж сонслоо.

Бөх тайлбарлагч “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь заалт болох “Бөхийн цээр, зэм, шийтгэл” хэсэгт “Барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхөд хө­лийн цэц хоёр удаа сануулах ба дахин зөрчвөл бөхийг унасанд тооцон хасч, бай шагналыг олгохгүй” гэж заасан байдаг тул Ц.Содномдорж начинд энэ дүр­мийн дагуу хариуцлага тооцлоо. Та бүхэн бөхийн дэв­жээгээ хүндэлж, бөхчүүд та бүхэн бөхийн дүрэм, журмаа сахин барилдаж, гаргасан шийдвэрийг зөвөөр ойлгоно уу” гэсэн мэдэгдэл хийв. Харин үүний дараа байдал нэлээд зөөлөрч, улсын начин Ц.Содномдорж дэвжээний зүүн талд зогсч байсан Ө.Даваабаатар харцага дээр очин, тахимаа өгч, гар барьснаар тарж, бутрахдаа тулаад байсан барилдаан үргэлжилж, талцаж зодолдоод амжсан үзэгчид ч тайвширлаа.  Энэ л уг нь жудаг шүү дээ.

Зааланд маш халуун, тэгээд ч ард ажил хүлээж байсан болохоор гуравдугаар тойргийн барилдаан эхлүүлээд “Бөхийн өргөө”-нөөс гарсан тул бусад даваа­ны тухайд даваа, унааны байдлыг товчоор дор мэдээлэх болно. Харин дээр онцолсон дүр зургийг өгүүлсний учир нь ганц Ц.Содномдорждоо биш. Нийтээрээ манай үндэсний бөхчүүд ёс жудаг багатай болж, үндэсний спорт маань өөрөө дэг жаягаа сахиулж чаддаггүйн улмаас бөхчүүд ч, үзэгчид ч са­хил­га бат, хүндэтгэлийн үнэргүй, эрээ цээргүй болсныг хэлэх гэсэн санаа юм.

Үндэсний бөх хөгжлийнхөө явцад цаасан дээр буулгасан дүрэм, журам, хуулийн хүрээлэлтэй болс­ноос бус хорио, цээр, жудаг ёс гэдэг угаасаа өөрийнх нь төрөлхийн ёс зүй, амин ухаан нь байсан юм. Одоогийн Монгол бөхийн барилдааны дүрмэнд бөх хүний ёс зүйтэй холбоотой олон заалт бий.

-Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаард­лага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргавал хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд ца­лин, цолны хишиг, шагнал олгохгүй.

-Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчвөл учраа бөх­тэй­гээ гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаард­лагыг эс биелүүлвэл тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.

-Хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ. Энэ цээ­рийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай шагналыг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө.

-Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийтдээ 3 минутаас хэтрэхгүй  бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг нь давсанд тооцно…гэх мэтчилэн. Хэрвээ энэ дүрэм юм бол бөхчүүдэд дүрэм ёсоор нь сахиулах цаг болсон юм шиг байна. Энэ барилдааныг Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, улсын цолтой олон бөхчүүд индэр дээрээс үзээд сууж байсан. Тэдэнд ямар санагдсаныг мэдэхгүй. Тэр хүмүүсийн өмнөөс санаа зовж байлаа. Р.Нямдорж тэргүүнд ч гэсэндээ наанадаж төдийгөөс өдий хүр­тэл зүтгэж ирсэн хөдөлмөрийг нь хэдэн жудаггүй залуус үгүй хийж байгааг, цаашлаад монгол бөхийн барилдаан ямар их эгдүйцмээр үйлдлээр арвин болс­ныг улаан нүүрээ улалзуулж байгаад харж суух эвгүй л байдаг байх.

Бөхийн дүрмэнд байдаг “Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ”, “Хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ” энэ тэр гэдэг бол өнөөдөр барилдаан бүрт гарч байгаа наад захын авир шүү дээ. Уур уцаараа дийлэхгүй засуулаа дайрч унагачих шахдаг, өрсөлдөгчөө шанаадаж цохиод авдаг, салаавч гаргаж, хуруу хумсаараа айлгадаг бөхчүүд нэг бус байдаг нь үнэн. Малгайгаа шүүрч авах, тахимаа өгөх­гүй байх бол бүр энүүхэнд. Ямар сайндаа бусдын өлмий дээр гишгэж давдаг башир аргатай бөхөөс болж Үндэсний бөхийн дүрэм “Өлмий дээр гишгэн улмаар мэх хийн унагахыг цээрлэнэ” гэсэн шинэ заалттай болсон байх вэ дээ.

Ийм ичмээр үйлдлүүдээс болж үзэгчид, бөх сонир­хогчид сахилга батгүй болж байна. Тэд жудаггүй бөхчүүд рүү хог шидэхдээ эмзэглэхээ больж. Энэ хэзээний ёс вэ, бөхчүүд ээ. Ёс бус зүйлээр сэвтэх учиргүй дэвжээгээ та бүхэн өөрсдийнхөө оюун ухаанаар бохирдуулж байна. Тийм болохоор хүмүүс бөхчүүд рүү гээ хог шидэж байна. Үндэсний хамгийн сайхан бахархлын хамгийн эмгэнэлтэй дүр зураг энэ биш гэж үү.

“Харцага, начин цолтнуудын халз барилдаан”-ы дүйз:

МҮБХ, “Витамин” студиэс хамтран зохион бай­гуулсан Монгол Улсын шилдэг харцага, начин цолтнуудын халз барилдааныг “Юнител” групп, “Очирням” компани ивээн тэтгэжээ. Нэг багийн бөх нөгөө багийн зургаан бөхтэй барилдаж, нийт давааны тоогоор түрүү баг тодрох журамтай уг барилдаанд начин цолтнууд 22 даваагаар түрүүлж,  6.000.000 төгрөгийн эзэн болсон юм. Харин 14 оноо­гоор удаалсан харцагууд 2.400.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ.

Нэгдүгээр тойргийн барилдааны дүн:

/Харцага цолтонНачин цолтон/

1.   Л.Пүрэвжав - А.Цацабшир
2.   Д.Батболд  -  Ц.Содномдорж
3.   С.Мөнхбат  – Ж.Бат-Эрдэнэ
4.   Ө.Даваабаатар – Г.Эрхэмбаяр
5.   Ө.Бат-Орших – Т.Өсөх-Ирээдүй
6.   А.Бямбажав – Д.Лхагвадорж

Хоёрдугаар тойргийн барилдааны дүн:

1.   Л.Пүрэвжав – Г.Эрхэмбаяр
2.   Д.Батболд – Ж.Бат-Эрдэнэ
3.   С.Мөнхбат – Д.Лхагвадорж
4.   Ө.Даваабаатар – Ц.Содномдорж
5.   Ө.Бат-Орших – А.Цацабшир
6.   А.Бямбажав – Т.Өсөх-Ирээдүй

Гуравдугаар тойргийн барилдааны дүн:

1.   Л.Пүрэвжав – Ц.Содномдорж
2.   Д.Батболд – Д.Лхагвадорж
3.   С.Мөнхбат – Т.Өсөх-Ирээдүй
4.   Ө.Даваабаатар – Ж.Бат-Эрдэнэ
5.   Ө.Бат-Орших – Г.Эрхэмбаяр
6.   А.Бямбажав  – А.Цацабшир

Дөрөвдүгээр тойргийн барилдааны дүн:

1.   Л.Пүрэвжав – Ж.Бат-Эрдэнэ
2.   Д.Батболд – Т.Өсөх-Ирээдүй
3.   С.Мөнхбат – А.Цацабшир
4.   Ө.Даваабаатар – Д.Лхагвадорж
5.   Ө.Бат-Орших – Ц.Содномдорж
6.   А.Бямбажав – Г.Эрхэмбаяр

Тавдугаар тойргийн барилдааны дүн:

1.   Л.Пүрэвжав – Д.Лхагвадорж
2.   Д.Батболд – А.Цацабшир
3.   С.Мөнхбат - Г.Эрхэмбаяр
4.   Ө.Даваабаатар – Т.Өсөх-Ирээдүй
5.   Ө.Бат-Орших - Ж.Бат-Эрдэнэ
6.   А.Бямбажав  – Ц.Содномдорж

Зургадугаар тойргийн барилдааны дүн:

1.   Л.Пүрэвжав – Т.Өсөх-Ирээдүй
2.   Д.Батболд -  Г.Эрхэмбаяр
3.   С.Мөнхбат - Ц.Содномдорж
4.   Ө.Даваабаатар – А.Цацабшир
5.   Ө.Бат-Орших – Д.Лхагвадорж
6.   А.Бямбажав – Ж.Бат-Эрдэнэ

БӨХЧҮҮДИЙН ХУВИЙН АМЖИЛТ:

Харцагууд: Нийт 14 даваа

1. Л.Пүрэвжав: 3 даваа

2. Д.Батболд: 1 даваа

3. С.Мөнхбат: 3 даваа

4. Ө.Даваабаатар: 1 даваа

5. Ө.Бат-Орших: 3 даваа

6. А.Бямбажав:   3 даваа

Начингууд: Нийт 22 даваа

1. Г.Эрхэмбаяр:   4 даваа

2. Т.Өсөх-Ирээдүй:  3 даваа

3. Д.Лхагвадорж:   2 даваа

4. А.Цацабшир:  5 даваа

5. Ж.Бат-Эрдэнэ:  4 даваа

6. Ц.Содномдорж:  4 даваа

Б.БАДАМГАРАВ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.