Зургаан аймгийг холбоно гэж зуун удаа ярьсан юмсан

- Өмнөговийн зам энэ ондоо багтаж ашиглалтад орохгүй -

 

Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоо мэдэгдээд байсан. Санхүүжилтийг нь “Чингис” бондны хөрөнгөөс гаргаж буй. Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл зэрэг зургаан аймгийн иргэд засмал замаар жирийж нийслэлд хүрнэ гэсэн том төлөвлөгөөтэй. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалт бүр дээрээ шахам “Засгийн газрын хийж байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг сэтгүүлч та нар өөрсдөө очоод шалга. Манай хэдэн хүн цаг, наргүй ажиллаж байна” гэж ярих дуртай. Түүний хэлсэн ёсоор Улаанбаатараас Өмнөговийн чиглэлийн замыг нь “шалгаад” ирлээ. Даланзадгад хот нь нийслэлээс 600 километр зайтай. Үүнээс 400 км замыг “Чингис” бондын хөрөнгөөр энэ онд багтан хатуу хучилттай болгох юм. Үлдсэн 200 км нь хуучин цагт тавьсан засмал зам учраас засч сайжруулах, ховхорсон хэсгийг нь нөхөх юм байна. Улаанбаатараас Дундговь аймгийн Мандалговь сум хүртэл гурван цаг яваад очиж байна. Бартаа саадгүй шуурхай явсан нь Дундговийн зам ашиглалтад орсон учраас тэр. Хаа нэг газар хучилт хийж байгааг эс тооцвол Н.Алтанхуяг сайд очоод тууз хайчлахад бэлэн болчихож. Харин Дундговиос Өмнөговь буюу Мандалговиос Даланзадгад сум хүртэлх  зам энэ онд ашиглалтад орох янз алга. Хучилт хийх нь байтугай хөрсийг нь ч засч янзлаагүй газар бишгүй байна. Уг нь хучилтыг дор хаяж 10 хэмийн дулаантай үед хийж байж зам бат бөх, удаан эдэлгээтэй болдог гэнэ. Гэтэл зун, намартаа багтаж хучилт хийх нь  битгий хэл, далангаа босгож, хөрс хуулалт хийгээгүй энэ замууд хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй. Лав энэ жилдээ амжихгүй. Үүнийг орон нутгийн удирдах албан тушаалтнууд хүртэл  батална лээ.

 

“ЯЛГУУСАН” КОМПАНИД ОРОН НУТГААС ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ

Мандалговиос Даланзадгад сум хүртэлх замын ажил урагшлахгүй байгаа шалтгаан нь мэдээж гүйцэтгэгч компаниудтай холбоотой. Тендерт ялаад Засгийн газраас санхүүжилтийг нь авчихсан атлаа замаа тавихгүй яваа нь “Ялгуусан” компани гэнэ. Зам тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн наймдугаар сард очиж “Замаа хурдан тавь. Аль болох богино хугацаанд үр дүнтэй ажилла” гэж “Ялгуусан” болоод бусад гүйцэтгэгч компанийн удирдлагуудад сануулж. Дээрээс нь Өмнөговь аймгаас сонгогдсон Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ дахин, дахин очиж ажил яагаад явахгүй байгааг асууж тодруулжээ. Гэвч сайд нарын сануулга компанийн эздэд нөлөөлөөгүй нь бодит байдлаас харагдаж байна. Орон нутгийн удирдлагууд ч богино хугацаанд зам тавиад өгчих гээд түгээмэл тархацтай ашигт малтмалын татварын 68 хувийг хүртэл хөнгөлж өгсөн байна. Орон нутагт ордог татаасыг хүртэл авахгүйгээр “Замыг маань хурдан бариад өгөөч” гэж хүссэн нь тэр. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Цогт-Овоо сумаас аймгийн төв хүртэлх 130 км замыг хоёр компани хувааж авсан. Үүний 80 км замыг нь барих тендерт  “Ялгуусан”  гэдэг компани шалгарсан юм билээ. Гэрээг орон нутаг биш яамныхан хийсэн. Яамныхан ажлын үр дүнг шахаж шаардах эрхтэй. Зам тээврийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нь ээлж дараалан ирж ажлаа эрчимжүүлэхийг шаарддаг юм. Гэвч ажил нь маш удаан байна. Миний сонссоноор энэ компани нийслэлд зам тавина гэж тендер аваад уддаг гэх юм билээ. Бид түгээмэл тархацтай ашигт малтмалын татварын хөнгөлөлт хүртэл эдлүүлсэн байгаа. Өнөөдөр ийм байдалтай байгаа зам ашиглалтад орох нь юу бол” гэв. Энэ компаниас гадна Даланзадгадын чиглэлд “Шинжиан жэнгун житуа” 163 км, “Мадимос”, “Наранбулаг хан” түншлэл 25 км зам тавьж буй юм байна. Харин Улаанбаатараас Мандалговь сум хүртэлх замыг “Монголын хурдны зам” компани гүйцэтгэсэн байна. Богино хугацаанд тавьсан учраас Дундговь аймгийн удирдлагууд ам сайтай байна лээ.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД ТЭЗҮ-ГЭЭ БАТЛУУЛААГҮЙ БАЙНА

Өөр нэг онцлох зүйл гэвэл Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтынхан улсын чанартай замуудын гүйцэтгэл гэхээс илүү зураг төслөөрөө хийж байгаа эсэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нь судалжээ. Судалгаагаар зам гүйцэтгэгч компаниуд төслийн дагуу ажиллахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд “Ялгуусан”, “Мадимос”, “Эсто”, “Шинжан констракшн инженеренг групп”  компаниуд хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ нарийвчилсан зураг төсөл, бичиг баримт бүрдүүлээгүй, холбогдох байгууллагаас ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа нь Авто замын тухай хуулийн 13.4 дахь /Иргэн, хуулийн этгээд авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалахдаа хууль тогтоомж, эрх зүйн акт, стандарт техник технологи, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ заалтыг зөрчсөн. Мөн авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй. Олон салаа зам үүсгэж газрын төлөв байдлыг алдагдуулсан. Ус болон түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа тухайн орон нутгийн засаг захиргаатай гэрээ байгуулаагүй нь Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийг ноцтой зөрчсөн байна. Дээрээс нь байгаль хамгаалагчийн шаардлагыг хүлээж авдаггүй нь шалгалтаар илэрлээ. Хэдийгээр Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам баригдаж байгаа нь аймаг, орон нутгийн эдийн засгийн эргэлтэд чухал ач холбогдолтой. Зам тавьснаар байгаль орчны доройтол, цөлжилт, орон нутгийн иргэдийн аваар, осолгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэж байна. Малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой том хэмжээний бүтээн байгуулалт юм. Гэхдээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй ажиллаж байна. Цаашид авто замын нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулан баталгаажуулж  тогтоогдсон чиглэл, маршрут, зураг төсөл, техникийн шаардлагын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, холбогдох байгууллагаас ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авах ёстой. Авто замын барилгын ажлыг техникийн шаардлагын дагуу чанартай хийж техникийн комисс ажиллахаас өмнө Авто замын газрын техник ашиглалтын төвшин тогтоох багийг ажиллуулах шаардлагатай байна” гэжээ. Энэ нь Өмнөговийн чиглэлийн замын ажил удаанаас гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа эрхэлж байгааг холбогдох байгууллагынхан тогтоосон хэрэг. Өмнийн говийн “түүхий” замаас гадна Хөвсгөлийн чиглэлийн зам ч гэсэн энэ ондоо багтан ашиглалтад орохгүй байх магадлалтай гэнэ. Энэ нь бас л гүйцэтгэгч компанитай холбоотой юм байна.

Уг нь энэ жилдээ багтаж зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож чадвал нийгэм, эдийн засагт хэд, хэдэн үр дүн авчирна гэж албаныхан онцолж байгаа юм. Тухайлбал, Дорнод аймгийг хатуу хучилттай замаар холбосноор Мянганы замын хэвтээ тэнхлэг, Азийн авто замын сүлжээний чиглэл өргөжихөөс гадна Монголын зүүн хязгаар авто замтай боллоо гэсэн үг. Харин Өмнөговь аймгийг засмал замтай холбож чадвал уул уурхайн бүс нутгийн хөгжилд дэмжлэг болно. Хөвсгөл аймаг ч гэсэн аялал жуулчлалын томоохон нутаг болж Монголын эдийн засагт эерэг дүн авчирна гэж Засгийн газрын гишүүд онцолж буй. Гэвч бодит байдалд эдгээр зам цаг хугацаандаа багтаж орох нь эргэлзээтэй байгаа нь Өмнийн говийн талаас харагдлаа. Тэгэхээр “Зургаан аймгийг замтай болгоно” гэж зуун удаа ярьсан Ерөнхий сайдын төлөвлөгөө нурах шиг боллоо.

Д.БОЛОРМАА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих