Төсвийн мөнгөөр тансаглагчид үгүй болно

moneysЕрөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жилүүдэд баталж байсан Монгол Улсын төсвийг “Авлигатай төсөв” байсан хэмээв.

Тэрбээр үүгээрээ өнгөрсөн 20 жилийн  төсвийн ихэнхийг үргүй зардалд гаргахыг УИХ-ын гишүүд нүдээ аньж байгаад ба-талдаг байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Тиймээс энэ алдааг засаж, залруулах ажлыг эртнээс эхлүүлсэн. Тухайлбал, 2014 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Тэвчиж болох зардлыг хэмнэх ёстой” гэсэн үүрэг даалгаврыг тэрбээр төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн.

Мөн төсвөө боловсруулахдаа нэгдсэн стандарт мөрдөх хэрэгтэй гэдэг санаачилгыг гаргаад байгаа билээ.  Тиймээс ирэх оноос эхэлж “Авлигатай төсөв” түүх болж, төсвийн мөнгөөр тансагладаг байдал үгүй болно гэж ойлгож болох байх.  Ерөнхий сайдын яриад байгаа “Авлигатай төсөв”-ийг задалж үзвэл 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл төсөвт суусан урсгал зардал 11 дахин өссөн байгаа юм. Үүнд  бараа үйлчилгээний буюу эд хогшил худалдаж авах зардал 5.1, урсгал засвар 2.7, гадаад томилолтын зардал 8.5, гадаадын зочинд зориулах зардал 6.2, сургалт, хурал зөвлөгөөний зардал 15.2 дахин өссөн аж.

Монгол Улсын төсвийн нийт зарлага 2000 онд 430 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 их наяд төгрөг болтлоо гэрлийн хурдаар өссөн. Гэтэл энэ мөнгөний багагүй нь хэсэг  бүлэг хүмүүсийн халаасыг зузаатгахад зарцуулагдаж байв.

Төсвийн хөрөнгөөр барьдаг байшин, барилга нь өнгөрсөн хугацаанд мөнгө идэх хамгийн шалгарсан арга болж хувирсан байх жишээтэй. Тухайлбал, “800 сая төгрөгөөр нэг жилийн дотор барина” гэж анх төсөвт зардлаа суулгуулчихаад ажлаа хэдэн ч жилээр хамаагүй сунгаж, төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө шамшигдуулдаг байдал энгийн л үзэгдэл болсон.

Ижил загварын хоёр сургуулийн зардал тэрбум төгрөгийн зөрүүтэй байхад УИХ-ын гишүүд нүдээ аниад л төсвийг нь баталчихдаг байсан. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд “Авлигатай төсөв” баталж байсан гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоод байгаа юм.

Олон жил он дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь жил бүр нэмэгддэг зарим төслийн жагсаалтыг хүргэж байна.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих