А.Гансүх сайд АТГ-т хандаж, өөрийгөө шалгуулахаар болов

b11fe48b1a21ba77originalЗам, тээврийн сайд А.Гансүх Авлигатай тэмцэх газарт хандаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 168.1-д заасны дагуу гэмт хэргийн тухай мэдээлэл шалгуулахыг хүсчээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэсэн мэдээлэл тавьжээ. Гэтэл Л.Даваапил гэдэг хүн энэ сарын 18-ны өдөр “Самсунгтай 1 км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 чинь хол давна” гэж бичсэн нь ийнхүү АТГ-т хандахад хүргэсэн байна.

А.Гансүх сайд иргэн Л.Даваапилын тэрхүү мэдээлэл Эрүүгийн хуулийн 263, 264, 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй, уг гэмт хэрэгт өөрийг нь холбогдуулсан хэмээн үзжээ.

Тэрбээр АТГ-т гаргасан албан тоотдоо “Луйвардсан гэх 3.6 тэрбумаас хол давсан мөнгөн дүн нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан онц их хэмжээ болно. Миний бие Зам, тээврийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байгаа боловч “Монголын төмөр зам ” төрийн өмчит компани болон “Самсунг” компанийн хоорондын гэрээ хэлэлцээрт ажил үүргийн хувьд шууд байдлаар оролцдоггүй. Тухайн гэрээтэй холбогдуулан онц их хэмжээний мөнгө тэр дундаа 3.6 тэрбумаас хол давсан мөнгийг луйвардаагүй болно” гэжээ.

М.ӨНӨРӨӨ

URL:

Сэтгэгдэл бичих