С.Баярцогт гэж хаашаа янзын нөхөр вэ

   Нэгэн цагт улсын мөнгөний авдарны түлхүүрийг атгаж байсан С.Баярцогт хэзээний эрх ашгийн төлөө явдаг нэгэн гэдэг нь өнгөрөгч түүхээс харагддаг. Энэ тухай өгүүлэхэд 2005 оны арванхоёрдугаар сард АН-ын 10 гаруй гишүүнийг уруу татан тухайн үед УИХ-ын дарга байсан Н.Энхбаярын өрөөнд орж намаасаа гарч МАН-д /тэр үеийн МАХН/ элсэн орох хүсэлтээ илэрхийлж байсан нь тухайн үед намын журамт нөхдөө гомдооход хүргэсэн гэдэг. Тэр үед УИХ-ын дарга Н.Энхбаяр С.Баярцогт нарын саналыг хүлээж аваагүй нь бүр ч хөгөө чирсэн зүйл болж байв. Уг нь С.Баярцогт Чингис хааны үед төрсөн бол эзнээсээ урвасан хэмээн ямар ч өчиггүй хороолгох байв. Үүнээс хойш тун удалгүй 2005 оны нэгдүгээр сард С.Баярцогт, Р.Гончигдорж нарын тэргүүтэй арваад гишүүд ахин УИХ-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, УИХ дахь МАХН-ын бүлэгт нэгдэн орох хүсэлт гаргасан байдаг юм. Түүнээс хойш тун удалгүй арваад хоногийн дараа УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвсэлд хамаарч байсан АН-ын 19, ИЗБНН-ын хоёр, Эх орон намын хоёр, бие даагч хоёр гишүүн, нийт УИХ-ын 25 гишүүн УИХ дахь МАХН-ын бүлэгт элсэн орсон түүхтэй. Мэдээжийн хэрэг энэ бүлэглэлд том жижиг албан тушаал горилогсод байснаас хаа зайлхав.

Харин С.Баярцогт тухайн үед үүнийгээ “Энэ УИХ-д ямар ч олонхийн бүлэг байхгүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд МАХН-ын бүлэгтэй нэгдэх зүй ёсны шаардлага байлаа” хэмээн зальжин мэдэгдэл хийж байв. Эндээс харахад С.Баярцогт өөрийнхөө эрх ашгийн төлөө хэнтэй ч хамаагүй нэгдэж чаддаг нь харагддаг. Түүнээс бус улс орон, ард түмний эрх ашгийн төлөө нэгдээгүй нь түүний дараа дараагийн албан тушаал болон хийсэн бүтээснээс нь тодорхой харагддаг. Бусдыг хошуучлан хэнтэй ч хамаагүй нэгдэж асан тэр цагаас хойш С.Баярцогтын туулсан замналыг харахад л ямар нэгэн дүгнэлтэд хүрэх байх. Тэрээр өрсөлдөгч нам буюу олонхийн бүлгээс тодорсон УИХ-ын даргын өрөөнд зочилж байх үедээ УИХ-ын гишүүн байж, түүнийхээ дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон дэвшиж байв. Үүний дараа буюу 2008 оноос УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж, 2012 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаад гадаад дахь нууц данс нь илэрсэн учраас УИХ-ын дэд даргын албан тушаалаа орхиж байв. Түүний улстөрийн амьдралын зурвас хэсгээс харахад л эрх ашгийн төлөө хэнтэй ч нэгдэж чаддаг гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Нууц данс гэснээс энэ тухай сануулах үүднээс цухас дурдая. Түүнийг УИХ-ын дэд даргын алба хашиж байх үед гадаад дахь  нууц данс нь илэрч багагүй сандарсан.

Энэ үед Олон Улсын  эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум ICIJ нууц данс эзэмшигч улстөрчдийг олонд дэлгэжээ. Тэр дунд манай улсын Сангийн сайд асан, тухайн үеийн УИХ-ын дэд дарга С.Баярцогтын нэр багтсан нь монголчуудын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан байх. Яагаад дэлхий дахины анхаарлыг татсан гэхээр ядуу буурай орны Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга нь гадаадад нууц данстай, тус дансаар нь санаанд багтахгүй их мөнгө дамжиж байсан болохоор тэр. Их мөнгө байснаа ч өөрөө улайсан шүү дээ. Тэрээр Швейцарийн банкин дахь нууц дансанд нэг үе сая гаруй ам.доллар байсан хэмээсэн. Тухайн үед С.Баярцогт “Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Компаниа ч мөн орлогын мэдүүлэгтээ хавсаргах ёстой байсан. Би өөрийн нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ л зовниж байна. Одоогийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг хувьдаа бодож үзэх нь зүйтэй болов уу” хэмээн Олон Улсын  эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумд хэлсэн байдаг. Түүнчлэн “The Guardian” өдөр тутмын сонины цахим хуудаст нийтлэгдсэн тус мэдээлэлд түүний гадаад дахь “Legend Plus Capital Limited” компанийг ч мөн дурдсан. С.Баярцогт 2008 оны тавдугаар сараас дээрх компанийг эзэмших болсон бөгөөд компанийнхаа нэрийг ашиглан Швейцарийн банканд данс нээлгэсэн гэдгийг ICIJ баталсан юм. Тодруулбал, С.Баярцогтын гадаад дахь компани болон Швейцарийн банкны данс Сангийн сайд байх үед нь нууц байдалд байсан хэрэг. Уг нь ийм хэмжээний мөнгө, данс, компани нуун даргадуулсан төрийн түшээ Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хуультай ч тэрээр төрийн түшээ гэсэн эрхэм албыг хашсаар байна. Мөнгөний өмнө сөхөрдөг төртэй, шүүх засаглалтай болохоор л тэр албаа залгуулсаар байгаа биз ээ.

 Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих