Хүүхнүүдээр нь дамжуулан монголыг мөхөөх хятад далд санаа /video/

qx4dqjnzМҮОНТВ-ийн “Хурд” агентлагийн “Онцлох сэдэв” ярилцлагад ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа оролцон, үнэхээр сэтгэл эмзэглүүлээд байгаа асуудлыг хөндөн ярилцжээ. Тэрээр гадаадын улс орнуудад биеэ үнэлэн, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болоод байгаа монгол охид хүүхнүүдийн талаар тоо баримт, жишээтэй нь ярьсан байна.

Биеэ үнэлэлтийн асуудал манай орны хувьд гамшгийн хэмжээнд хүрээд байна гэхэд хилсдэхгүй. Цөөхөн хүн амтай хэрнээ ямар ч олон янхантай болчихсон юм бүү мэд. Яг л нөгөө “Эмс охид нь садарлавал Эх орон сөнөхийн цондон” хэмээх үг биеллээ олон, Ромын эзэнт гүрний мөхлийн түүх давтагдах юм биш биз!

Хятадын хил орчмын Эрээн хотод байдаг “Ягааны гудамж”-ийг ярьсаар хэдэн оныг үдэж байна. Тэнд нь мөн л монгол охид ихэвчлэн биеэ үнэлдэг гэж байгаа. Хар тамхи, садар самуунтай хатуу чанга тэмцдэгээрээ алдартай Хятад улс чухам яагаад энэ “Ягааны гудамж” хэмээх янхандалтын үүрийг шал тоохгүй, дүлий дүмбэ царайлаад байна вэ? Энэ өнцгөөс харахад, хормой султай, арчаагүй хүүхнүүдээр нь дамжуулан монгол үндэстнийг мөхөөх гэсэн далд санаа агуулагдаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөр байна. Хэрэв тэгээгүй л юм бол хятадын хууль, цагдаагийнхан аль эрт энэхүү балиар гудамжийг арчаад хаячихсан байхаар.

ХХЕГ-ын хурандаагийн өгүүлж буйгаар, тэдгээр биеэ үнэлэгч охид хүүхнүүд нэгэнт л хятадын нутагт орчихсон тохиолдолд манай талаас ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг бололтой. Харин Эрээн хотын цагдаагийн газар юу гэж үзэж байгаа талаар тодорхой ойлголт алга байх шиг. Хятадын “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогын уршгаар уг оронд хүйсийн тэнцвэр алдагдан, эрчүүд давамгайлах болсноор монгол хүүхнүүдийг нутгийн гүн рүү аваачин зарж, хятад хүүхэд төрүүлэн, нутагтаа буцаж ирэх боломжгүй болгож байгаа нь нэг талаас их гүрний бодлого, нөгөө талаас манай охид хүүхнүүдийн хөнгөн хийсвэр, амар аргаар мөнгө олох гэсэн явуургүй зан нь нөлөөлж байх шиг. Тэр ч бүү хэл, сүүлийн үед жирэмсэн монгол хүүхнүүд хятадад хүүхдээ төрүүлээд зарчихаад ирдэг ямар ч “монгол бус” үзэгдэл гарч эхлээд байгаа аж. Тэдгээр нярай монгол хүүхдүүд эд эрхтэний наймааны “сэлбэг” болдог бололтой.  Мөн монгол охид хүүхнүүдийг хил давуулан наймаалахад зохион байгуулалттайгаар оролцож, ашиг хонжоо олж байгаа монголчуудыг маш чангаар гэсгээн цээрлүүлбэл зохилтой!

Хэрэв нэгэнт хүний нутагт орчихсон янхнууддаа арга хэмжээ авч болдоггүй юм бол эндээ, Улаанбаатарт биеэ үнэлээд байгаа хүүхнүүдтэй шийдвэртэй ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй баймаар. Хааяахан нэг “Шөнийн эрвээхэй” гэх маягийн операци зохион байгуулж, хэдэн хүүхэн баривчилсан болоод буцаагаад тавьж явуулсаар, нөхцөл байдал төдийлөн дээрдсэн юмгүй байсаар байна.

Хятадаас албадан гаргах болон виз сунгахгүй байх зэрэг нь хувь хүний эрхийг зөрчинө хэмээн үзэж, зөвхөн тэдгээр хүүхнүүдийг соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах үүднээс хүний наймаа, бэлгийн мөлжлөгөөс сэрэмжлүүлсэн анхааруулга хуудсыг хилээр гарч буй хүмүүсийн паспорт дунд хавчуулан өгч байгаа нь сайн эхлэл гэлтэй. Энэ мэтчилэн, иймэрхүү сурталчилгааны ажлыг бүх шатны сургуулиудад албан ёсоор явуулан, охид бүсгүйчүүдээ цаашдын алдаа эндлээс нь сэргийлбэл зүйтэй санагдана.  Ямартаа ч, янхандах үзэгдэлтэй маш хатуу чанга тэмцэл явуулахгүй бол мөдхөн монгол үндэстэн мөхөж мэдэх нь! Төр хэрэгтэй үедээ “төмөр нүүрээ” гаргадаг л байх хэрэгтэй!

Жич: Эрээн хотын “Ягааны гудамж”-ны тухай сурвалжлагыг Шууд ТВ-ийн уран бүтээлчид газар дээр нь очиж хийснийг сонирхуулахаар тавив.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.