50 саяын тоглоомын талбай долоо хоноод эвдэрчээ

50 саяын тоглоомын талбай долоо хоноод эвдэрчээ

-Савлуур тасарч унаснаас болж хүүхэд гэмтсэн байна-

50 сая төгрөгийн төсөвтэй тоглоомын талбай ашиглалтад ороогүй байхдаа эвдэрч, бага насны хүүхэд гэмтсэн харамсалтай явдал болжээ.

Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд орших 7А, 11Б байрныхан өнгөрсөн зун тоглоомын талбайтай болох төсөл бичсэн байна. Төслөө холбогдох албаныханд хүргүүлж дэмжигдсэнээр зургадугаар сараас тохижуулалтын ажил эхэлжээ.

Уг ажлыг “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэхээр барилгын зураг төсөлд дурдагдсан ч “Чулуун-Овоо” компанийн ажилчид талбайг тохижуулсан аж.

Одоогоор талбайд нь сагсны шийт, савлуур, сүүдрэвч, сандал, хогийн сав, бага насны хүүхдийн хөдөлгөөнт сандлууд байрлуулсан байна. Түүнчлэн савлуурын нэг хэсэг, эргэдэг тоглоомных нь суурь харагдав. Гурав хоногийн өмнө савлуур нь тасарч, тоглож байсан бага насны хүүхэд гэмтсэн байна. Тоглоомын талбайгаас тасарсан савлуур, эргэдэг тоглоомыг байрны ойролцоо хураажээ.

Түүнчлэн сүүдрэвчнийх нь модыг хайнга буджээ. Харуулдаагүй, энд тэндгүй өргөс мэт өрвийх сандал дээр нь оршин суугчид суухаа байсан гэнэ. Гурван сар гаруй үргэлжилсэн ажлын явцад оршин суугчид дурамжхан байна. Учир нь тэдний төсөлдөө тусгасан зургаар хийгээгүй, нүд хуурах төдий цөөн тоглоом байрлуулсныг хэллээ.

Түүнчлэн төсөвтөө тохироогүй, хямд төсөр материалаар бүтээсэн нь хүүхэд багачууд тоглож эхэлсэн цагаас мэдрэгджээ. Эхний тоглоом нь долоо хоноод эвдэрч салж унасан байна. Гэвч эл байдлыг эс тоож 14 хоногийн өмнө албаны хүмүүс ашиглалтад авахаар иржээ. Оршин суугчид болон гуравдугаар хорооны Засаг дарга, “Соёмбо” СӨХ-ныхон ашиглалтад авахаас татгалзжээ.

Энэ талаар тус байрыг хариуцах “Соёмбо” СӨХ-ны нягтлан бодогч Ү.Чулуунцэцэг “Оршин суугчид хүүхдээ энэ тоглоомын талбайд тоглуулахаасаа айдаг болсон. Тохижуулж дуусаагүй байхад нь эхний тоглоомууд эвдэрч эхэлсэн. Энэ талаар холбогдох хүмүүст нь хэлсэн ч тоогоогүй. 50 сая төгрөгөөр ийм хэмжээний тохижуулалт хийсэнд харамсч байна. Хатанбаатар компани биднийг хуурах төдий ажил хийгээд төсвийн мөнгийг шамшигдууллаа. Тэдний тохижуулсан тоглоом нь Хятадын хамгийн муу, хаягдал тоглоомууд гэсэн. Тэгээд ч талбайд энэ гээд хэлчих олигтой тоглоом ч байхгүй. Бид талбайгаа дахин чанартай засуулмаар байна” гэв.

Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас төсвийн мөнгөө өгөөд таг чиг болсонд нь бухимдаж байна. Тэдний үгийг эс тоох компанийнханд төрийн байгууллага хяналт тавих ёстой гэж үзжээ. Хамгийн гол нь бага гэж хэлж болохооргүй төсвөөр хэдхэн хоногийн нүүр үзэх талбай тохижуулсанд иргэд бухимдалтай байлаа.

Ойролцоох байрныхан 20 сая төгрөгөөр тохижуулсан талбай хэдэн сарын нүүрийг үзсэн ч ийм хэмжээнд тулаагүй байгааг ч дуулгалаа.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих