XXI зууныг хэрхэн Монголын зуун болгох вэ

Үргэлж Чингис хаанаа дурсан ярьж, үргэлж л дэндүү том явсан XIII зуун, Дэлхийн Эзэнт Гүрэн байгуулсан үеээ санамжиндаа хадгалж түүнийгээ гарган ирж, магтан ярилцаж байгааг юу гэж ойлгох вэ? Хэрхэн тайлбарлах вэ? Монгол гэдэг энэ үндэстэн хүн төрөлхтний түүхэнд ихийг бүтээж явсан үндэстэн.

Барууны зарим түүхчид XIII, XIV зууныг “МОНГОЛЫН ЗУУН” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл хоёр зууны турш хүн төрөлхтныг жолоодон чиглүүлж дэлхийд энх амгаланг тогтоож, чөлөөт худалдааг тэтгэж, орчин үеийн даяарчлалын үндэс суурийг тавьсан юм. Энэ бол Монгол үндэстний хүн төрөлхтний төлөө хийсэн үйл хэрэг. Энэ л агуу түүхийн агуу санамжаа сэргээж босож ирэхийг өнөөдрийн цаг үе шаардаж байна. Монгол үндэстэн сүүлийн таван зуун жилийн гүн нойрноосоо сэрэх цаг нь болжээ. XXI зууныг Монголын Зуун болгохын төлөө босоцгооё.

XXI зууныг Хятадын Зуун болно хэмээн ярьж байгаа. Хэрэв Хятадын Зуун болно гэвэл:

  1. Хүн төрөлхтөн Коммунист идеологид орох уу? Дэлхийн бүх улс коммунист идеологиор удирдуулах болж байна уу?
  2. Хүн төрөлхтөн хүний эрхийг уландаа гишгэж, ардчиллыг арчин хаяах уу?
  3. Колончлолыг дахин сэргээх үү. Хятад бол XXI зууны цөөн хэдэн колончлогч улсуудын нэг. /Түвд, Шинжиан Уйгар, Өвөрмонгол гэх мэт/

Тиймээс XXI зууныг Хятадын Зуун болно гэдэг эдийн засгийн өсөлтийнх нь үүднээс л барууныхны дүгнэсэн хөнгөн дүгнэлт болохоос улс төр, шинжлэх ухаан технологийн талаас нь ул суурьтай хийсэн дүгнэлт биш. Хятад улс бүс нутгийн гол төв байж чадах боловч дэлхийн төв болоход олон бэрхшээлүүдтэй тулгарна хэмээн олон судлаачид бичиж байна.

XXI зууны Монголын Зуун болгоно гэдэг маань Монгол улс дэлхийн тэргүүлэгч улс болно гэсэн үг. Монгол улс хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллана л гэсэн шууд ойлголт. Үүнийг сонсоод зарим хүмүүс “Сайхан мөрөөдөл юм. Гэхдээ бүтэхгүй байхаа” хэмээн эргэлзэх байх. Эргэлзээ үргэлж байдаг. Дэлхийн тэргүүлэгч улс байхад хүн амын тоо, далайд гарцгүй байдал, хоёр том улсын дунд байрлалтай зэрэг хүчин зүйлүүд харин ч бидний давуу тал болох болно. Монгол улс бол шашны экстрэм урсгалгүй, үндэстний зөрчил үгүй бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн том Эзэнт Гүрнийг байгуулж байсан агуу санамжтай ард түмэн. Агуу санамжтай үндэстэн агуу ихийг бүтээдэг. Энэ зууны гол үйл явдлууд Ази тивд явагдана. Тэгэхээр дэлхийн гол тоглогч болон дахин сэргэн мандах түүхэн боломж ирж буй тул Монголчууд бүтээлч санаачлагуудыг гарган хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэв энэ боломжийг алдвал хэзээ ч дахин боломж олдохгүй.

XXI зууны Монголын Зуун болгож Монгол үндэстэн сэргэн мандах бололцоо байгааг доорхи гурван сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй тайлбарлан та бүхэнд хүргэж байна.

XXI ЗУУНЫ БОСГОН ДЭЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ХААНА БАЙНА ВЭ?


Монгол гэдэг энэ нэр өөрөө универсал идеологи. Монгол нэртэй олон монгол олон газар өнөөдөр хоорондоо ялгаатай уламжлал, соёлтойгоор амьдарч байна. Хар тэнгисээс Номхон далай хүртэлх евроазийн өргөн уудам нутагт Халимаг Монголоос Хазар Монгол, Аймак Монгол, Буриад, Ар Монгол, Өвөр Монгол, Хөх нуурын Монгол, Тува Монгол, Дээд Монгол гээд олон Монголууд өөр өөрийнхөөрөө аж төрцгөөнө. Тэдний дундаас цор ганц тусгаар тогтносон монгол нь “Ар” Монгол буюу өнөөдрийн Монгол улс. Энэ бол XXI зууны босгон дээрхи Монгол үндэстний ерөнхий дүр зураг.

Олон Монголчууд Араб, Перс, Хятад, Орос, Монгол гээд олон хэлээр ярилцаж Хиндуйзм, Буддизм, Ислам болон Христос гээд хоорондоо ялгаатай олон шашин шүтэж, өөр өөрийн заншлаар аж төрцгөөж байна. Товчоор хэлбэл 2000-аад жилийн түүхийн явцад евроазийн цээжин дээрхи олон монголчуудын шашин шүтлэг, хэл бичиг, соёл, зүс царай гээд бүхий л зүйлс нь өөрчлөгдөн хоорондоо олон зүйлээр ялгаатай болжээ. Гэхдээ тэднийг нэг л зүйл нэгтгэдэг. Тэр нь МОНГОЛ. Монгол гарал нь тэднийг нэгтгэдэг төдийгүй мөн Монгол болж угсаа гарвалаасаа болж гадуурхагдан хавчигдаж, алуулан цөлүүлэх гунигт хувь тавиланг амссаар ирсэн юм. Одоо ч хэвээрээ.

Яг л 2000 жилийн турш эх оронгүй бүх дэлхийгээр тэнүүчлэн амьдарсан еврейчүүдтэй адил. Еврейчүүд ганцхан “еврей” учраас алуулж, цөлүүлж бас гадуурхагдан доромжлуулдаг байсныг бид мэднэ. Еврейчүүд 2000-аад жилийн турш дэлхийгээр тэнүүлчлэн олон улс оронд аж төрж улмаар түүхийн уртад хоорондоо хэл, бичиг, царай зүсээрээ ялгаатай болсон ч тэдний “Бид Еврей гаралтай” гэсэн ганц л үнэт зүйл нэгтгэж иржээ. Еврейчүүд өнөөдөр дэлхийн 150 гаруй улс оронд 15 саяулаа тархан аж төрж байна.

Монголчуудаас ялгаатай нь еврейчүүд хэзээ ч том эзэнт гүрэн байгуулж байгаагүй. Монголчууд амьдарч буй газар нутаг дээрээ бүгд хоёрдугаар зэргийн байдаг бол еврейчүүд очсон газар бүртээ боловсролын түвшин, санхүү бизнесийн чадвар болон дасан зохицох чадвараараа гоц ялгардаг бөгөөд “Мөнгө хаана байна тэнд Еврей хүн байна” гэж гэсэн нь оргүй зүйл биш юм. Өнөөдөр тэд дэлхийн санхүүг барьж байна. Еврейчүүд нь андаар зохион байгуулагдсан цорын ганц үндэстэн бөгөөд дотроо аравт, зуут, мянгатаар зохион байгуулалттай байдаг. Монголчууд 13-р зуунд андын зохион байгуулалттай байж аравт, зуут, мянгатаар зохион байгуулагдаж байсан гэдгийг хүн бүр мэднэ.

Эх оронгүй дэлхийгээр тэнүүчлэн амьдарч байхдаа “нэг еврей нөгөө еврейдээ эх орон нь болж”, “хэзээ нэгэн цагт Сион ууландаа очно” хэмээн өдөр бүр залбирсаар 1948 оны тавдугаар сарын 14 онд Израйл улсаа байгуулж тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ энэхүү тусгаар тогтнол бол Еврейчүүдийн зорьсон зорилгодоо үнэнч тууштай байж аливаа зүйлийг гүйцэтгэхдээ мухар сүсэгтэж, ламдаж, бөөдөхөөсөө илүүтэйгээр мэдлэг боловсрол, онолыг сууриа болгодгийн гэрч юм. Тусгаар тогтносон Еврейн төр улс байгуулах төлөвлөгөө 51 жилийн өмнө гарсан юм.

Дэлхийн Еврейчүүд 1897 оны наймдугаар сарын 29-31-нд Швейцарийн Базел хотод хуралдаж “Дэлхийн Еврейчүүдын Конгрес”-ыг байгуулсан бөгөөд тэндээс Еврейн төрийг байгуулах зорилтоо тунхагласан. “Еврейчүүд 2000 жилийн турш өглөө бүр ариун хот Иерусалимдаа очиж, Сион ууланд очихийн төлөө залбирч байсан. Одоо зөвхөн залбирах биш бодит болгох ёстой. Базелд бид Еврейн төрийг үндэслэн байгуулж байна. Хэрэв бид өнөөдөр үүнийгээ зарлах юм бол хүн төрөлхтний шившиг болно. Гэхдээ тав магадгүй тавин жилийн дараа байгуулж, хүн бүр биднийг хүлээн зөвшөөрөх болно” гэжээ. Үнэхээр ч үүнээс хойш 51 жилийн дараа буюу 1948 онд Израйл улсаа байгуулж 2000 жилийн дараа Сион ууландаа ирсэн юм.

Еврейчүүдээс ялгаатай нь Монголчууд түүхэндээ эх оронгүй тэнүүчлэх тавиланг одоохондоо амсаагүй ч харин өөрийн газар нутаг дээрээ дарлагдаж байсан. Монгол үндэстэн таван зуун жилийн гүн нойрноосоо сэрж 1911 онын Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалаар Буриад, Ар, Өвөр болон бусад Монголчууд нэгдэн нийлж тусгаар улсаа байгуулахын төлөө тэмцэж байсан ч бүтэлгүйтэж улмаар хүчинд автаж Өвөр Монголчууд болон бусад олон Монгол ахан дүүсээ Хятадуудад колончлуулж, Буриадууд болон бусад олон Монгол ахан дүүсээ Оросуудад колончлуулан алдаж байж, өвөг дээдсийн гал голомт болсон гурван голын нутагтаа эзэн сууж тусгаар тогтносон МОНГОЛ УЛС- аа байгуулж чадсан бөгөөд үүнийг баталгаажуулж 1945 оны 10-р сарын 20-ны өдөр Монголын бүх ард түмний санал асуулга явагдаж 100 хувь дэмжсэн.

Монгол улсын хувьд 20-р зуунд хүн төрөлхтний шинжлэх ухаан технологийн хувьсгалын үр шимийг хүртэж өндөр хөгжиж чадсан ч 1990 оны ардчилсан хувьсгалаар бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээ устгачихаад өнөөдөр гуйлгачингийн амьдралаар амьдарч байна. Гадна дотны доншуучид эцэг өвгөдийн минь ариун газар шороог хоноцын сэтгэлээр сүйтгэж байна. Энэ Монгол улсын газар шороо бол дэлхий дээр тархан амьдарч байгаа олон сая монголчуудын очихыг хүсэж, ганц удаа ч гэсэн хараад нүд аньсан ч харамсахгүй “нэгэн насны мөрөөдөл болсон ариун газар шороо” билээ. Яг л еврейчүүд ариун Сион уул, Иерусалимдаа ирэхийг хүсдэгтэй адил.

Харамсалтай нь шинэ зууны босгон Монгол үндэстэн Африкийн хэдэн улстай зуузай холбон өөртөө, өөрийнхөө хүчинд итгэхгүй бусдын амыг, гарыг харж алгаа тосон арчаагүй амьдарцгааж байна. 21-р зууныг Монголын Зуун болгох агуу хүсэл тэмүүлэл ч алга. Хэрэв 13-р зуунд бидний өвөг дээдэс бүтэшгүй, боломжгүй хэмээн гараа хумхин суугаад байсан бол агуу үйл хэргийг хэзээ ч хийж гүйцэтгэж чадахгүй байсан нь тодорхой. Товчхондоо өнөөдрийн Монголчууд бид боолын сэтгэлгээтэй болчихжээ.

Өнөөгийн Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн бүхий л салбарууд “философийн асуудал”-д орчихоод байна. Өөрөөр хэлбэл “онолын асуудал”-д орчихсон гэсэн үг. Мэдлэг боловсролыг мухар сүсгийн доогуур оруулж, онолоос практикийг чухалчлан салган туйлшруулснаас энэ бүхэн болсон. Энэ бүхэн Монгол улсыг хямралд оруулж дампууруулахад ойрхон тулаад байна. Монголын ард түмэн бид ёс суртахууны доройтолтой, мэдлэгийн согогтой, мянгуужингийн үлгэр ярьдаг, авгайгаасаа өөр хүн таньдаггүй, эмээлээсээ өндөр уул хардаггүй өчүүхэн төдий шалдар булдар эрх баригчдийн хоосон ярианд хуурагдаад суугаад байвал хөгжил дэвшил хэзээ ч ирэхгүй төдийгүй харин ч эх оронгүй дүрвэгчид болох аюул ойрхон байна. Өнөөдрийн Монгол бол гаднаас нь харахад тусгаар тогтносон мэт боловч үнэн хэрэгтээ Орос, Хятадын хоёрын хоорон дахь тоглоомын улс болчихжээ. Аливаа нэг улс байна гэвэл байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байх учиртай. Торгуудын Хо өрлөг XV зуунд Оросын элчид хандан хэлсэн үгийг энд сануулъя. “Тэнгэрийн доор газар байдгийг мэдэх үү. Газар дээр ганц эзэн байдгийг мэдэх үү? Тэр нь Монгол хүн” хэмээн бардам хэлж байсан нь бидний өвөг дээдсийн оюуны царааг илтгэнэ.

Монгол үндэстэн өнөөдөр дэлхий дээр хэдэн сая гэдгийг хэн ч мэдэхгүй бөгөөд нарийвчлан гаргасан тоо ч алга. Ижил мөрний эргээр амьдрах Торгууд, Халимагаас эхлээд Татар Монгол, Хазар Монгол, Аймак Монгол, Хөх нуурын Монгол, Дээд Монгол, Цагаан Монгол, Дагуурын Монгол, Өвөр Монгол, Буриад Монгол гэсэн олон монголууд мөн өөрсдийгөө монгол гаралтай хэмээн хэлэлцдэг олон арван хүмүүс дэлхий дээр амьдарч байна. Тэр л олон сая Монголчуудын ариун гал голомтийг хамгаалж, тэдний итгэл найдвар болсон хоёр сая долоон зуун мянган Монголчууд минь өнөөдөр ямар байгаагаа харах хэрэгтэй болов уу? Бидний зорилго том, үүрэх ачаа их бас явах зам ч урт. Гал голомтийг нь сахиж байгаа учраас олон Монголчуудынхаа өмнө хүлээх үүрэгтэй. Хэл, соёл, зүс царай, шашин өөрч бид бусад Монголчуудаа “Монгол биш” гэж хэлэх ёс суртахууны эрх байхгүй. Түүхийн эргүүлэгт Монголчууд дэндүү их таржээ бас дэндүү ч их өөрчлөгджээ. Тиймээс бид үүний хүлээн зөвшөөрцгөөе.

Монголчууд минь дэндүү их чимээгүй, хэн ч биш явлаа. Одоо босож ирэх цаг нь болжээ. Монгол үндэстэн жижигхэн амьдарч, асуудлаас зугтах ёсгүй. Монгол Үндэстэн нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллах цаг нь ирсэн гэдгийг дахин сануулъя.

Өнөөдрийг хүртэл Монгол Үндэстэн ямар замыг туулж ирснийг та бүхэндээ товчлон хүргье.

МОНГОЛ ҮНДЭСТЭН ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЯМАР ЗАМЫГ ТУУЛЖ ИРЭВ?


Монгол Үндэстэн одоогоор бидний мэдэж байгаагаар анхны төрт улсаа 2000 – аад жилийн тэртээ байгуулж байсан байдаг. Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар Кидан, Монголын Эзэнт Гүрэн хүртэл Монголын төрт улсууд монгол газар нутаг дээр ээлжлэн оршин тогтнож ирсэн юм. Монголын анхны төрт улсаас эхлээд үе үеийн төрт улсууд хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээж байсан бөгөөд Монголын Эзэнт Гүрний үе бол түүний ноён оргил нь юм. Монголын Эзэнт Гүрэн бол зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр тогтсон гүрэн байгаагүй. Александр Македоны эзэнт гүрэн өөрийг нь нас барснаар задран унсан бол Чингис хааны байгуулсан Эзэнт Гүрэн түүний нас барснаас хойш олон зуун жил оршин тогтносон юм.

Чингис хааны дэлхийг төвшитгөх агуу үйл хэргийг харвал цөөн хүн амтай ч үндэстнээрээ андын зохион байгуулалтанд орж, аравт, зуут, мянгатаар хуваагдаж өөрөөсөө үлэмж их хүн амтай улсуудыг захиргаандаа нэгтгэж дэлхийд олон зуун жил амар амгаланг тогтоож, хүмүүнлэг, хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоог бүрдүүлж чаддагийн баталгаа юм. Евроазийг холбосон соёлын болоод эдийн засгийн солилцоо явагдаж Монгол үндэстний удирдсан эзэнт гүрэн шашны эрх чөлөө, чөлөөт худалдаа, зам харилцаа, дипломат ёс, олон улсын хууль гээд олон олон ололт амжилтуудыг өрнүүлж нэвтрүүлж өгсөн юм. Эдгээр бол хүн төрөлхтөнд оруулсан Монголчуудын хувь нэмэр юм.

Монголын Эзэнт Гүрний бүрэлдэхүүнд багтаагүй дэлхийн хэсэг бол Баруун Европ. Гэхдээ Баруун Европод Монголын нөлөө хүчтэй байсан тухай түүхчид бичсэн байдаг. Монголын Эзэнт Гүрний ачаар Европчууд мэддэггүй байсан олон зүйлээ мэдэж, чаддаггүй байсан олон зүлсээ чаддаг болсон юм. Өрнөөс Дорно руу мэдлэг, технологи шилжсэн юм. Энэ нь Баруун Европод өрнөсөн Сэргэн Мандлын хувьсгалын хөрс суурь болж өгсөн. Тэгэхээр Монголын Эзэнт Гүрэн Европын Сэргэн Мандалд дам утгаар нөлөө үзүүлсэн гэсэн үг.

Монголын Эзэнт Гүрэн Газар дундын тэнгисээс Номхон далай хүртэлх олон мянган километр газар нутгийг хамарч олон янзын хэл соёл, шашин шүтлэг бүхий үндэстнүүдийг нэгтгэж байсан бөгөөд Монголчууд өөрсдөө тэднийг захиран сууж тухайн оронд нь хэдэн үеэрээ амьдран сууж байжээ.

Эзэнт Гүрэн задарсны дараа тэдгээр хүмүүсийн үр хойчис болсон олон Монголчууд өнөөдрийг хүртэл евроазийн цээжин дээр амьдран сууж байна. Монголын Эзэнт Гүрэн задран унаж улмаар Монгол үндэстнийг үзэн ядах, хяхан хавчих явдал дэлхий даяар явагдаж олон монголчууд зугтаж гал голомт болсон Монгол нутагтаа ирсэн бол зарим нь тухайн улс орондоо арга мэхийг хэрэглэн амьд үлдсэн ажээ. Хэл, шашин, соёл уламжлалаа сольж тухай үндэстнийхээ соёлд уусан өнөөдрийг хүртэл амьдарч иржээ. Магадгүй зарим газар оронд амьдарч байгаа Монгол гаралтай ард түмэн 13-р зуунаас өмнө ч тухайн газар орондоо очсон байх талаар судлаачдын таамаглалууд байна. Аттилаг дагаж европд аян дайн хийсэн Баруун Хүннүгийн үр сад ч бий гэдэг судалгаанууд бий.

Хамаг Монголын ариун гал голомт болсон Монгол нутаг дээр Эзэнт Гүрэн мөхснөөс хойш дотоодын тэмцэл, гадаадын дарлалаас болж Монголчууд чаддаг, мэддэг зүйл үгүй болж улмаар мухар сүсэгт автаж, түвдийн буддийн шашинд хүчтэй нэрвэгдэж, өөртөө итгэлгүй, далдын хүчинд итгэсэн сул дорой хүмүүс болж хувирсан юм. Монгол үндэстний хувьд сүүлийн таван зуун жилийн түүх бол хүн төрөлхтнөөс тусгаарлагдсан хоцрогдлын үе байсан юм.

Харин хүн төрөлхтний хувьд сүүлийн таван зуун жил хөгжил дэвшлийн зуунууд байлаа. “Хүн төрөлхтний хөгжил гэж ярьдаг л юм бол зөвхөн мэдлэгийн хөгжлийг л ярьж байгаа хэрэг” гэж Германы философич Г.В.Хэгэл хэлсэн байдаг. Тэрхүү мэдлэгийн хөгжил нь бүтээн байгуулалт, аж үйлдвэр болон босож хүн төрөлхтнийг өөрчилжээ.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг дүгнэхдээ хоёр шинжлэх ухааны хувьсгал, гурван технологийн хувьсгал гарч өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэрийн нийгмээс мэдлэгийн нийгэмд шилжих гэрэл гэгээтэй замдаа аль эрт орсон байна гэж дүгнэж байна.

Нэгдүгээр шинжлэх ухааны хувьсгал нь Н.Коперникоос И.Ньютон хүртэлх орчин үеийн физикийн хувьсгал гэж хэлдэг. Хоёрдахь шинжлэх ухааны хувьсгал нь Эйнштейний харьцангуй онол, Квантын онолоор эхэлж партиклийн физик, орчин үеийн генетик, компьютрийн шинжлэх ухаан болон технологи.

Нэгдүгээр технологийн хувьсгал нь хөдөлгүүрийн технологиор эхэлж, уул уурхай, хими, тээврийн салбарийн хувьсгалууд гарсан. Хоёр дахь технологийн хувьсгал нь цахилгаан хөдөлгүүр, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан холбоо, гангийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, машин, онгоц, электрон тоног төхөөрөмж. Гуравдахь технологийн хувьсгал нь электронжилт, мэдээллийн гэж хэлдэг.

Энэ бүхэнтэй Монголчууд XX зуун 20-30-аад оноос л танилцаж эхэлсэн. Гэхдээ энэ хоёр шинжлэх ухааны, гурван технологийн хувьсгалд Монгол улс хэрэглэгч нь байснаас биш бүтээгч байгаагүй. Өнөөдрийн мэдээллийн технологийг хөгжүүлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж байна гэж ярьж байгаа нь худлаа. Бид зөвхөн бусдын бүтээсэн зүйлийг импорталж, хэрэглэж л байгаа төдий.

XX зууны 70-аад оны үед Монголчууд хөгжлийн өндөр түвшинд хүрэхийн тулд монгол залуусыг Зүүн Европт шинжлэх ухаан, инженерийн салбаруудад бөөнөөр нь явуулж сургаж, мэдлэг болон аж үйлдвэрийн салбараа цоо шинэ шатанд гаргахаар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байсан. Энэ зөвхөн оролдлого төдий байгаагүй. Харамсалтай нь эдгээр залуучууд 80-аад онд сургуулиа төгсөөд ирэхэд бүтээн байгуулалт дахь бүх салбаруудын аж үйлдвэрийг устгаснаар тэд ерөнхийдөө гудамжинд гарсан гэдгийг тэмдэглэх ёстой.

Монгол орон 1980-аад он гэхэд аж үйлдвэрийн эдийн засаг, нийгэмд шилжиж, тэр үедээ Азийн орнуудын дунд нилээд хөгжилтэй орнуудад тооцогдох түвшинд хүрсэн байсныг өнгөрсөн 20 жилд устгаж Монгол орныг мухар сүсэг, ядуу зүдүү, хөгжлийн эрмэлзэл байхгүй болгож орхисон юм.

Одоо дэлхийн хөгжсөн орнууд, хөгжиж байгаа орнууд айсуй яваа 6-дахь шинжлэх ухаан, технологийн хувьсгалийг угтаж үүний ашгийг хүртэхийн тулд стратегиа боловсруулж, институтаа байгуулж байна. Энэ хувьсгалийг шинэ биологи болон биотехнологийн хувьсгал гэж нэрлэж, шинэ биологийн эрдэм шинжилгээний институтийг үүсгэж, тухайн шинэ мэдлэгээс гарч ирэх технологуудыг хөгжүүлэх зорилгоор Германы Фраунхоферийн /Fraunhofer/ технологийг судалдаг төвтэй адил институдийг хөгжүүлж, мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн соёл иргэншил рүү эргэлт буцалтгүйгээр орох шийдвэртэй үйл ажиллагаагаа эхэлж байна.

Гэтэл Монголд улс төрийн нам, засгийн газар, УИХ-ын гишүүд нь дөрвөн хөлтэй амьтны хөшөө босгож, тахилга, найр хийж, уул уурхайн баялгаа бусдад цөлмүүлж, Монгол хүнд тэтгэврийн хэдэн төгрөг нэмж, хууран мэхэлж байгаагаас биш бусад хүн төрөлхтөнтэй адил шинэ цаг үед тохирсон хөгжлийн ямар ч зүйл хийхгүй байна. Монгол үндэстний эсрэг хэрэг үү? Монгол хүний тусын тулд хийж байгаа зүйл үү гэдгийг монгол хүн эрүүл ухаанаараа мэдэж байгаа шүү дээ.

Мэдлэггүй, мухар сүсэгтдэг үеийг төгсгөл болгож мэдлэг боловсролыг эрхэмлэж нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө Монгол Үндэстэн босож ирэхийн тулд юу хийх ёстой талаар та бүхэндээ хүргье.

XXI ЗУУНЫГ МОНГОЛЫН ЗУУН БОЛГОХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Энэ зууныг Монголын Зуун болгоно гэхээр сул доройчууд, өөртөө итгэлгүйчүүд бас монголын эсрэг үзэлтнүүд “хоосон үг”, “боломжгүй” хэмээн няцааж, унтраах гэж оролдоно. Агуу түүхийн санамжтай ард түмэн агуу ихийг бүтээдэг гэдгийг харамсалтай нь тэд мэдэхгүй.

Энэ зууны Монголын Зуун болгохын тулд юун түрүүнд Монгол улс дэлхийн улс төр, эдийн засаг, санхүүгийн төв болох ёстой. Мөн дэлхийн шинжлэх ухаан, технологийн төв болох ёстой юм. Энэхүү шинжлэх ухаан технологийн төв нь анх Италид байснаа шилжиж Англи орон дэлхийн шинжлэх ухааны төв болж, түүний дараа Франц орон дэлхийн шижлэх ухааны төв болж дараа нь Германд шилжиж улмаар 1945 оны дэлхийн II дайн дууссаны дараа Германы эрдэмтэд АНУ-д орогнох, цагаачлахаас гадна, АНУ-ын тагнуулын байгууллага төлөвлөгөөтэйгөөр Европын инженерүүдийг Америкт нутагшуулснаар АНУ дэлхийн шинжлэх ухааны төв болж төлөвшсөн. Гэхдээ АНУ 21-р зуунд дэлхийн шинжлэх ухааны төв байж чадах эсэх асуудал тавигдаж эхлээд байна. Одоо тэгвэл 21-р зуунд аль улс хүн төрөлхтний шинжлэх ухааны төв болох вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна.

Гэхдээ бид нэгэн онцгой үзэгдлийг одоо хүртэл анзаарахгүй яваа, энэ юу вэ гэвэл Европод амьдарч байсан Еврейчүүд 18-р зуунаас 20-р зууны эхэн хүртэл иргэний эрхтэй болсны дараа улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт гайхамшигтай үндэстэн дамнасан институдуудыг үүсгэж дэлхийд өөрийн байр сууриа бэхжүүлж чадсаны дотор 150 гаруй улс оронд тархан суурьшсан Еврейчүүд дэлхийн хамгийн хүчирхэг шинжлэх ухааны үндэстэн болж төлөвшиж бусдын мөнгөөр Еврей үндэстний дэлхийн шинжлэх ухааны сүлжээг үүсгэж чадсан юм.

2000 жилийн турш эх оронгүй тэнүүчлэн “хүний тооноос хасагдан” явсан энэ үндэстэн өнөөдөр хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж байна. Орой үдшийн цагаар болон амралтын өдрөөр оромжноос гараад бусдад алуулсан тохиолдолд “хохь” гэж үзэж хэн ч хариуцлага тооцдоггүй эмгэнэлт хувь тавиланг амссан ч энэ үндэстний аливаа зорьсон зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж хүрч чаддаг чанар болоод тэдний андын зохион байгуулалт нь тэдний амжилтын үндэс юм. Өнөөдөр дэлхий дээр 10, 100, 1000-ын зохион байгуулалттай цор ганц үндэстэн байдаг нь Еврейчүүд юм. 2000 жилийн турш “нэг еврей нь нөгөө еврейдээ эх орон” нь болж хоорондоо “Бие биенийгээ хайрла, бие биендээ тусал. Бие биенийгээ үзэн яддаг байсан ч бие биендээ тусалж бай” гэсэн үзлээр харилцаж ирсэн.

Өнөөдөр Еврейчүүд 150 гаруй оронд 15 саяуулаа амьдарч дэлхийн 7 тэрбум хүн амыг удирдан жолоодож байна. Өнөөдрийн дэлхийн улс төр тэдний төлөвлөгөөгөөр явагддаг. Тэд дэлхийн банк, санхүүг барьдаг мөн дэлхийн аж үйлвэрийн бүхий л салбарыг хянаж, үндэстэн дамнасан том том корпорацууд гартаа барьж байдаг юм. Тэд дэлхийн хүн амын 0,2 хувь ч дэлхийн баячуудын 30-аас дээш хувь, нобелийн шагналтны 20 орчим хувь, АНУ-ийн нэртэй их сургуулиудын профессоруудын гуравны нэг, өмгөөлөгчдийн дөрөвний нэг нь, алдартай утга зохиолч, жүжигчин, хөгжмийн зохиолчдын 60 хувийг еврейчүүд эзэлдэг. Дэлхийн хамгийн мөнгөтэй үйлдвэрийн эздийн тал хувийг, Америкийн баячуудын гуравны нэгийг, “Форбс” сэтгүүлийн нэрлэсэн тэргүүн баян 40 хүний 18 нь еврей, АНУ-ын Сенатын гишүүдийн дотор 10, Конгрессийн гишүүдийн дотор 27 еврей хүн байдаг. Энэ мэтээр Еврейчүүдийн амжилтын жагсаалт урт үргэлжилж болно.

Еврейчүүдийн гарт өнөөгийн олон улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ОУБ-ууд байдаг бөгөөд Еврейчүүд дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан глобал үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ Еврейчүүд хүн төрөлхтнийг боолчлох хүсэл зорилго үгүй.

Аливаа шинэ мэдлэг, шинэ шинжлэх ухаан хаана байна тэнд Еврей хүн байдаг. Өнөөдөр ч зургаа дахь шинжлэх ухаан технологийн хувьсгалыг угтаж Еврейчүүд стратегиа боловсруулан идэвхтэй ажиллаж байна. Үүний тод жишээ бол Израйл улс.

Дэлхийн хамгийн хүчирхэг шинжлэх ухааны үндэстэн болж төлөвшиж бусдын мөнгөөр дэлхийн шинжлэх ухааны сүлжээг үүсгэсэн Еврейчүүдийн бодит жишээнээс Монгол үндэстэн анхааралтай суралцаж, тунгаан бодож ойрын ирээдүйд үндэстэн дамнасан Монгол тодотголтой дэлхийн шинжлэх ухааны төвүүдийн сүлжээг үүсгэж, даяаршсан Монгол үндэстэн болох ажлын гараагаа эхлүүлэх цаг болсон. Үүнээс гадна үндэстэн дамнасан корпорациудыг буй болгохын зэрэгцээ түүн дээр тулгуурлан Монгол гэх тодотголтой дэлхийн шинжлэх ухаан технологийн төвүүдийн сүлжээг хөгжүүлж чадвал 21-р зуун Монголын Зуун болно. Монголын Зуун болно гэдэг Монгол нийт хүн төрөлхтний төлөө ажиллана л гэсэн ойлголт.

Үүний тулд өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, үндэстэн дамнасан улс төр, эдийн засгийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөө хийх хэрэгтэй. Юун түрүүнд Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулах болно. Монголын улс төр хоёр намын тогтолцоотой байх бөгөөд барууны үзэл баримтлал бүхий Консерватив нам, зүүний үзэл баримтлал бүхий Социал Демократ намтай байна. Ер нь парламентад баруун зүүний улс төр заавал байх ёстой юм. Энэ нь улс үндэстнийг дархлаажуулж байдаг. Монгол улс дэлхийн хэмжээний улс төр, эдийн засгийн бодлого явуулахын тулд юун түрүүнд улс орноо улс төр, эдийн засаг, мэдлэгийн хувьд өндөр чадамжтай болгох ёстой. Үүний тулд социал демократ улс төрийн бодлого, эдийн засгийн бодого, нийгмийн бодлого чухал. Аль 60 жилийн өмнө хямралд орчихсон либерализмаа магтан дуулах ч хэрэггүй.

Гэхдээ дотоод асуудлаа шийдэж байна гээд гэр дотроо тулга тойрсон давжаа улс төр явагдвал Монгол хүн жижигрэх болно. Эсвэл зөвхөн гадагшаа чиглэсэн глобал бодлого яриад байвал улсын доторхи асуудал орхигдоно. Тиймээс баруун, зүүний улс төрийг хослуулах учиртай. Барууны Консерватив нам нь улс үндэстнийхээ хамгийн үнэт уламжлалаа үргэлжлүүлэх явдал юм. Монголын хамгийн үнэт уламжлал аль вэ гэхээр XIII зууны үеийнх.

Монгол улс хувийн өмч дээр тулгуурласан хамтаараа амьдрах тогтолцоог сонгох ёстой.

Монгол орныг баруун, зүүн, хойд өмнөд гэсэн дөрвөн бүс болон нийслэл гэсэн нийт таван бүсэд хуваах болно. Монгол улсын нийслэлийг Хархорин хотод шилжүүлнэ. Аливаа улсууд өөрийн улсын нийслэлээ томоохон түүхэн үйл явдал болсон газар байгуулдаг онцлогтой. Тиймээс ХIII зууны Дэлхийн нийслэл болж байсан Хархорин хотыг XXI зуунд нийслэлээ болгож улмаар дэлхийн улс төрийн төв болгохоор анхнаас нь төлөвлөн байгуулах болно. Дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес, шашин болоод ёс суртахууны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг олон улсын форумуудыг зохион байгуулж байхаар төлөвлөж дэд бүтцээ байгуулна. Тиймээс олон улсын төлөөлөгчдийг хүлээж авах үйлчилгээний болон байрлах сууцуудыг хамгийн тансаг хэлбэрээр байгуулна.

Баруун, Зүүн, Хойд, Өмнөд болон Хархорины гэсэн таван бүс тус бүрдээ ирж яваа шинжлэх ухаан, технологийн 6, 7 дахь хувьсгалыг угтсан стратегий дагуу, түүнд тохирсон дэд бүтэц бүхий хамгийн орчин үеийн хотуудыг бүтээн босгох ёстой. Энэхүү бүсүүдэд сургууль, цэцэрлэг, Их Сургууль гээд цогцолбор хэлбэрээр байгуулах бөгөөд Монгол улсын иргэн идэх хоол, өмсөх хувцас, орон байраар бүрэн хангагдаж, сурч боловсрох, хөдөлмөрлөх бололцоо нээж өгнө. Монгол хүний амьдралын стандартыг тогтоож, Монгол хүн газар нутаг дээр нэгдүгээрт байхыг бүх талаар баталгаажуулна.

Өнөөдрийн Их Сургууль бол мэдлэгийн нийгэмд тэнцэхгүй. Шинэ баригдах хотуудыг зуу зуун мянган хүн ажиллахаар төлөвлөж хамгийн дээд зэргээр тав тухтай байдлыг хангахаар төлөвлөж байгуулах ёстой. Өнөөдрийн гахайн оромж шиг шавар байшингууд байж болохгүй. Мэдлэг боловсролтой голоод ирэхгүй шүү дээ.

Мөн баруун болоод зүүн, хойд болоод өмнөд бүсүүдийг нийслэл Хар хорин хоттой авто зам болон төмөр замаар холбож корридоруудыг үүсгэнэ. Өнөөдрийн цагт 60-70 км/цаг явдаг “яст мэлхий”-н хурдтай галт тэргийг музьед тавьж харин цагт 500 км/цагийн хурдтай метронуудаар холбоно. Авто замыг өнөөдрийн хоёр машин зөрөх нарийн “зөрөг” замыг өөрчилж ачаа тээвэрлэлтэнд зориулсан найман урсгал бүхий өргөн авто замыг байгуулах болно. Монголын энэхүү авто болоод төмөр замын сүлжээ нь дэлхийтэй холбогдох болно.

Энэ бүх бүтээн байгуулалтыг босгож, дэлхийн зах зээл дээр гарч ирэхийн тулд Үндэстний Хөрөнгө Оруулалтын Сангуудыг байгуулах учиртай. Энэхүү сан нь энгийнээр төсвийн илүү гарсан орлогыг төвлөрүүлэн хий дэмий үрээд эсвэл хадгалаад байх биш харин тодорхой хувийг нь одоо болон ирээдүйд үр ашгаа өгөх эх үүсвэрүүд рүү оруулж өгдөг. Хоёр төрлийн Үндэстний Хөрөнгө Оруулалтын сан байх ба нэг нь дотоодын үйлдвэр, компаниудаа дэмжиж дэлхийн тавцанд гаргах бол хоёр дахь Үндэсний Хөрөнгө Оруулалтын Сан нь дэлхийн тавцанд гарсан корпорацуудаа дэмжих зорилготой юм. Дэлхийн өндөр хөгжсөн орнууд бүгд л Үндэстний Хөрөнгө Оруулалтын санг байгуулсан байдаг. Дэлхийн хөрөнгө оруулалтын сангуудын нийт актив 2010 оны байдлаар 6 триллион ам доллар байгаа ба 2020 он гэхэд 20 триллион ам доллар болж өснө гэсэн таамаглал байна.

Монгол улсын хувьд Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг дараах гурван эх үүсвэрээс босгох юм:

  1. Тэтгэвэр тэтгэмжийн сан
  2. Гадаад валютын нөөц
  3. Байгалийн баялаг

Тэтгэвэр тэтгэмжээрээ төсвийн алдагдал нөхөж, гадаад валютаа гадны банкинд жилийн 1 хувийн хүүтэй хадгалж, байгалийн баялгаас олсон орлогоо ард түмэндээ 1 хувийг нь хувааж аваад олигархиуд, луйварчид нь 99 хувийг нь гадныхантай хуйвалдаж халааслах нь дампууруулд хүргэнэ.

Монгол улсын хувьд байгалийн баялгийн асар их нөөцтэй учраас үүндээ тулгуурлан Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг байгуулах бүрэн бололцоотой юм. Ингээд Үндэстний Корпорацуудыг үүсгэн байгуулж түүнийг дэмжих учиртай. Төрийн биш Үндэстний Корпораци гэсэн нь тухайн корпорацуудын хувьцааг ард түмэн эзэмшдэг юм. Энэ нь хамтын зах зээлийн эдийн засгийн давуу тал юм.

Үндэстний Хөрөнгө Оруулалтын Сан нь дэлхийн зах зээл буюу дэлхийн нийт баялгаас Монголын эзэмших хувийг нэмэгдүүлэхэд л чиглэх учиртай тул Монголын Корпорацуудын эзлэх хувийг жинг дэлхийн зах зээл дээр нэмэгдүүлэхэд чиглэнэ. Дэлхийн хэмжээний томоохон корпорацуудыг төрүүлэхэд 2 зам байна.

  1. Standart and Poor’s-ийн дэлхийн шилдэг 500 дотор багтах хэмжээний Монгол тодотголтой үндэстний корпорацуудыг үүсгэх
  2. Standart and Poor’s-ийн дэлхийн шилдэг 500 дотор багтсан корпорацуудыг худалдаж авах.

Эдгээр корпорацууд нь мэдлэгт сууриалсан Корпорацууд байх болно. Яагаад гэвэл хүн төрөлхтний ирээдүй бол мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг байх болно хэмээн өнөөдөр ярьж байгаа нь ирж яваа 6 болон 7 дахь шинжлэх ухаан, технологийн хувьсгалтай холбоотой юм. Энэхүү хувьсгалыг шинэ биологи болон биотехнологийн хувьсгал гэж нэрлэж байна. Зургаа дахь шинжлэх ухаан технологийн хувьсгал хүн төрөлхтний түүхэнд гараагүй үсрэнгүй дэвшлийг авчирах нь тодорхой. Өнөөдрийн соёолохын түвшиндээ байгаа учраас Монгол улсын хувьд боломж байгаа. Тиймээс үүнийг ашиглаж дэлхийн тэргүүлэх үндэстэн болох боломж Монголчуудад байна.

Мэдлэгийн нийгэмд мэдлэг капитал болно. Энэхүү мэдлэг нь хүн бүрийн мэддэг мэдлэг биш шүү. 2012 онд буюу яг одоо Монголын Их Дээд Сургуулиуд болон Академид зааж, ярилцаж байгаа мэдлэг биш шүү. Цоо шинэ шинжлэх ухаанаас цоо шинэ мэдлэг үүсэж тэр нь капитал болно.

Тиймээс таван бүсдээ стратегийн ач холбогдолтой шинэ шинжлэх ухааны дэд бүтцүүдийг хөгжүүлэх болно. Доорхи Үндэстний Институцуудыг бүс бүр дээр байгуулах болно:

  1. Шинэ Шинжлэх Ухааны Үндэстний Институцууд
  2. Шинэ мэдлэгийг технологи болгодог Үндэстний Институцууд /Германы Фраунхофер /Fraunhofer/-ийн институцтай адил/
  3. Шинэ Технологийг Компани болгодог Үндэстний Институцууд

Өнөөдөр Еврейчүүд ийм стратегийг боловсруулж ирээдүйн төлөвлөгөөгөө гаргачихаад ажилдаа орж байна. Ирээдүйд Еврейчүүд “Start –Up Nation” буюу “Мэдлэгт суурилсан Компаниудыг масс хэмжээгээр үйлдвэрлэдэг Үндэстэн” болно хэмээн тэд тодорхойлж байна. Монгол Үндэстний хувьд мөн энэхүү замаар урагшлаж дэлхийн тэргүүлэх үндэстэн болох ёстой юм.

Мөн бүс бүр дээр Үндэстний Философийн төвүүдтэй байна. Монгол Үндэстний гол капитал бол мэдлэг байх болно. Мэдлэгтэй болсноор бусдаас илүү чадалтай болдог бөгөөд мэддэг нь мэддэггүйгээ удирдан жолооддог нь батлагдсан үнэн билээ. Монгол хүн хамгийн оюунлаг, хариуцлагатай, ёс суртахуунтай байж хүн төрөлхтний үлгэр жишээ үндэстэн болох ёстой.

Монгол улс зөвхөн дотоодын нөөц бололцоо ашиглах төдийгүй мөн нийт хүн төрөлхтний хүний нөөцийг ашиглаж чадах үйлдвэр, үйлчилгээний дэлхий хамарсан сүлжээг бий болгоно. Тиймээс Глобал Судалгаа ба Хөгжлийн Төв /Global Research and Development/ – ийг байгуулна. Бүх зүйл Монголын газар нутаг дээр байрлах шаардлага байхгүй. Гол төвүүд нь Монголд байрлана.

Дээр нэгэнтээ хэлсэн бүс бүр Их Сургуультай, Судалгаа шинжилгээний төвүүдтэй мөн үйлдвэрүүдтэй байх ба тэр нь хэнд, юуг зориулж үйлдвэрлэх вэ гэдэг нь тодорхой байна. Баруун бүсийн гол зах зээлийн талбар бол Төв Ази, Ойрхи Дорнод болон Африк байх бөгөөд тэдэнд хэрэгтэй шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Тиймээс баруун бүсийн Их Сургуулиудийн оюутнуудад Перс, Араб зэрэг хэлүүдийг сургах болно.

Хойд бүсийн гол зах зээлийн талбар бол Орос болон Европ байна. Өмнөд бүсийн зах зээлийн талбар нь Хятад, Энэтхэг болон Зүүн өмнөд Ази байна. Зүүн бүсийн гол зах зээлийн талбар нь Зүүн Хойд Ази болон Америк тив байх болно. Тиймээс бүс бүр зах зээлийн онцлогоос хамаарч боловсрол болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесээ зохион байгуулж төлөвлөнө.

Дэлхийн хөрөнгийн бирж байхгүй бол Монгол улс санхүүгийн төв байж болохгүй. Тиймээс Монгол улсад дэлхийн санхүүгийн төвийг байгуулах ёстой. Олон улсын санхүүгийн төвтэй болсноор тухайн үндэстэн даяарчлагдлаа гэсэн үг.

Дэлхий ертөнцтэй холбогдож, хүн төрөлхтнийг тэргүүлэхийн тулд олон улсын санхүүгийн төв болохоос өөр арга зам үгүй. Үүний тулд:

  1. Маш хүчтэй дотоодын санхүүгийн зах зээлтэй болох
  2. Түүнийгээ олон улсын санхүүгийн зах зээлтэй холбож өгөх
  3. Олон улсын санхүүгийн төв болох

International Finance Centre буюу олон улсын санхүүгийн төв нь дэлхийн түвшний томоохон банк, бизнесийн байгууллагууд, хөрөнгийн биржүүдийг хамруулсан, санхүүгийн институцууд маш олноороо төвлөрсөн, дотоод болон гадаад худалдаа арилжааны төвүүдтэй биеэ даасан глобал (даяарчлагдсан) хот юм. Санхүү эдийн засгийн дэд бүтэц нь өндөр хөгжсөн, зочид буудал, бизнес төвүүд, банк, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Гол гүйцэтгэх үүрэг нь: хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчид болон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг байршуулах мөн шилжүүлэх, аливаа арилжааны хэвийн байдлыг хангах (үнэт метал, валют), гадаадын хөрөнгө оруулалт, зээл, худалдаа, мэдээллийг дамжуулах, дуудлагын төв зэрэг асуудлуудыг олон улсын түвшинд зохицуулах. Сангийн менежмент, даатгал, бизнесийн итгэлцэл, санхүүгийн хамгаалал, корпорацийн болон татварийн төлөвлөгөөг гаргадаг. Олон улсын санхүүгийн төв нь глобал санхүүгийн нөлөөллийн эх сурвалж, санхүүгийн системийн ноён оргил, зах зээлийг зохицуулагч, санхүүгийн харилцааны төв болдог.

Энэ бүхний цогц байдлаар шийдэж, төлөвлөгөөтэйгөөр хийхэд мэдлэг боловсрол дээр үндэслэнэ. Тиймээс мэдлэг боловсролтой хүмүүс шаардлагатай. Нэгэнт ямар аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлүүд нь тодорхой болсон учраас түүндээ тохирсон боловсрол, мэдлэг олгох ёстой юм. Дэлхийн шилдэг Их Сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж боловсон хүчнээ бэлдэж улмаар дэлхий шилдэг сургуулиудыг таван бүсдээ байгуулна.

Мөн Монгол улс батлан хамгаалах салбараа хөл дээр нь босгож хамгийн хүчирхэг орчин үеийн зэвсэглэлээр бүрэн зэвсэглэсэн армитай байна. Энэ гадаад хөрш улсуудынхаа эсрэг биш харин дэлхийн санхүү, эдийн засаг, улс төрийн төвийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Энэ бол хүн төрөлхтний улс төр, эдийн засаг, санхүү, шинжлэх ухаан технологийн хамгаалж байна гэсэн шууд ойлголт. Тиймээс батлан хамгаалах салбарыг хэзээ орхиж болохгүй.

Ингэж л Монгол Үндэстэн дэлхийн тэргүүлэгч үндэстэн болон босож ирэн нийт хүн төрөлхтний төлөө ажиллах боломжтой болсноор XXI зуун Монголын Зуун болно. Монголчууд асуудлаас жижгэрч гарах биш харин томорч гарах л ганц замтай.

ТӨГСГӨЛ

Монгол Үндэстэн хэний төлөө энэ бүхнийг хийж байна вэ гэхээр нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн ганц эрхэм зорилго үйлчилнэ. Тиймээс XXI зууны Монголыг босгохын төлөө хамаг Монголчууд хамтран нэгэн хүчээр зүтгэвээс боломжгүй зүйл бишээ. Монгол Үндэстний сайн сайханд саад хийсэн бүхэн арчигдах ганц л тавилантай.

Судлаач: Б.Гансүх


URL:

Нэр: AX Огноо: 26 September 2017

Зөв байна. Одоо энэ стратеги ямар шатандаа явж байна вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.