А.Зоригт сайд аа, зоригтой бай

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дахиад л дуулиан дунд зогсож байна. УИХ-ын отгон гишүүн маань уул уурхайн гол зангилааг атгаснаас хойш багагүй бэрхшээлийг гэтлэх болов.

МАНАН доторх сонирхлын бүлгүүд түүнийг нэлээн өдөж байна. Ээлж дараалан огцруулах санал гарган сайдын сэнтийг нь хөндөх болов. Үнэндээ түүн рүү чиглэсэн чулуу хувийн өш хонзонгоос эхлэлтэй гэх яриа бий. Анх нам нэгт нөхөр Ц.Батбаяр нь түүнийг чих зөөлөнтэй болгохоор АН-ын хоёр гишүүнтэй эвсэж огцруулах саналыг гаргасан гэдэг.

Үнэндээ УИХ-д нэг сайдын асуудлыг хоёронтоо оруулж буй явдал бол урьд өмнө үзэгдээгүй үзэгдэл. Угтаа бол энэ нь цаагуураа эрдэс баялгийн салбарыг эрх ашгийн сонирхол хөтлөөд байгаагийн нэг илрэл юм. Үнэндээ өмнөх гурван гишүүний огцруулах шаардлагаас С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нарын гаргасан үндэслэл чанарын ялгаа алга. Хоёр үндэслэл л нэмэгдсэн юм байх. Тэдний хэлээд буй урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй, Налайхын уурхайд хүний амь эрсдсэн, тавдугаар цахилгаан станцын ажил эхлүүлээгүй гэдэг нь сайдын суудлаас огцруулах гол үндэслэл болж чадахгүй ээ.

Үнэхээр Д.Зоригт сайдын гаргасан шийдвэрээс болж ажил гацаж, алдаа гарсан баримтуудыг дэлгэн иймэрхүү маягаар ажилласан бол ард түмний амьдралд ингэж нөлөөлөх байлаа гэсэн гаргалгаа хийвэл асуудал арай л бодитой болох байв. Гэтэл өмнөх гишүүдийн тавьсан шаардлагыг хуулбарласан мэт үндэслэл багатай зүйлээр сайдын суудлыг хөндсөн нь тоогүй.

Үнэндээ Д.Зоригт бол мэдлэг боловсролын хувьд тийм ч сул дорой нэгэн биш залуу гэдгээрээ л АН-ынханд ад шоо үзэгдэхгүй бол өнөөгийн залуучуудын манлайллын нэг. Залуу хүнд алдах зүйл байлгүй л яахав. Дандаа ононо гэж байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ тийм л ард түмний эрх ашгийн төлөө юм бол дээрх нөхөд салбарын сайдыг унагах гэхийн оронд болохгүй байгаа зүйлд нь ташуур өгч, засаж залруулахад нь дэмнэх ёстой.

Улс орны эдийн засгийг нуруундаа үүрэх гол салбараар хоёрын хооронд оролдож байхаар АН-ынхан нэртэйгээр нь “Засгийн газраа тараая” гээд хэлчихвэл арай л шударга байхсан. Үнэндээ АН-ынханд Засгийн эрхийг барьсан МАН-ын ганц сайдаар оролдоод байх үндэслэл байхгүй. “Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж хүний толгой дээрх хялгасыг харна” гэгчээр үндэслэлгүй шаардлага тавиад сууж байгаа АН-ын гурван гишүүн ичмээр юм аа. МАН-ынхан ч гэсэн засгийн эрх барьж байгаа гэдгээрээ зангарагтай хариулт өгөн ганц сайдынхаа үйлийг үзүүлэхгүй “галаа манах” улс төрийн буурь дутав.

Бүлх залгисан мэт дуугүй суун залуу сайдын үйлийг нь үзүүлэхийн хэрэг юу билээ. Үнэндээ сонгууль ойртож буй энэ цаг үед энэ хэдэн гишүүд жүжиг тавихынхаа оронд улс орны тэргүүлэх салбарын ажлыг урагшлуулбал яасан юм бэ. Яс хаялаа гээд юу ч хожихгүй. Харин ажил л гацна.

Б.Ариунзаяа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.