Ерөнхий сайдад Сычуань мужийн дарга бараалхлаа

Ерөнхий сайдад Сычуань мужийн дарга бараалхлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр талын холбогдох албаныхан угтан авсны дараа айлчлалын бүрэлдэхүүн Сычуань мужийг зорилоо.

Учир нь тус мужийн төв Чөндү хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд гол зочноор уригдсан юм.

Айлчлалын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхлаа. “Хятадын 12 муж, хот болон Шинжааны Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг баруун бүс нутгийн үзэсгэлэн Хятад ба олон улс хоорондын хамтын ажиллагааны нэгдэл, нөгөөтэйгүүр манай улсын гадагшаа нээж буй том цонх юм” гэж мужийн дарга Вэй Хун хэллээ. Бүс нутгийн чанартай болж өргөжсөн энэ үйл ажиллагаандаа жил бүр гадаадын төр, засгийн нэг тэргүүнийг урьж оролцуулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн үзэсгэлэнд урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт талархал илэрхийллээ.

Сычуань муж, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд дэмжлэг хүсч байгаагаа мужийн дарга уулзалтын үеэр тэмдэглэлээ. Түүнчлэн, 2008 онд тус мужид тохиолдсон газар хөдлөлтийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн гамшигт өртсөн 60 хүүхдийг эх орондоо урьж амраасанд мужийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүллээ.

Эдийн засаг нь өндөр өсөлттэй, байгалийн арвин баялагтай, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ онцгойлон хөгжүүлж чадсан Сычуань мужаас харах туршлага, хамтрах салбар олон бий гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Ийм ч учраас БНХАУ-ын Баруун бүс нутгийн үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, Монголын талаас анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцож байгааг энэ үеэр онцолсон юм.

http://zasag.mn/uploads/news/images/7%20sichuan%20mujiin%20darga%20baraalhav%20(2).JPG

Сычуань муж 2012 онд ДНБ-ий хэмжээгээрээ Хятадын баруун бүсийн хэмжээнд тэргүүлж, бүх улсынхаа хэмжээнд 8-р байранд оржээ. Энэ муж байгалийн баялгийн нөөцөөрөө улсдаа гуравдугаарт, хүр хорхойн тариалалтаараа хоёрт, гахайн махны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг байна.Хөрөнгө оруулалт татаж чадсан бодлого, туршлагаараа ч мөн олон улсад жишиг болдог. Дэлхийн шилдэгт нэрлэгддэг 500 компанийн тал нь зөвхөн энэ мужид салбараа нээсэн нь үүний тод илрэл юм.

Гадны хөрөнгө оруулалт ингэж эрчимтэй орж ирэх болсон нь Хятадын Засгийн газраас 2000 оноос хойш хэрэгжүүлсэн “Баруун бүсийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн үр өгөөж гэж Сычуань мужийн дарга Вэй Хун тодотголоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хятадын хөгжилгүй бүс нутагт бизнесийн салбараа нээсэн гадаадын хөрөнгө оруулагчдад санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт үзүүлсэн байна. Одоо Сычуаньд автомашин, сансрын хөлөг, төмөрлөг металлурги, цахилгаан хэрэгсэл, хүнс, нэхмэл, биотехнологи, эмийн үйлдвэрлэл өндөр хөгжиж, Хятад улсын стратегийн ач холбогдол бүхий мужид тооцогдох болжээ.

Монгол Улсын аль нэг хотыг Сычуань мужтай “нөхөрлүүлбэл” илүү үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллах боломжтой юм гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэмдэглээд, энэ хүрээнд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Сычуань нь Хятад улсын баруун өмнөд хэсгийн нэг муж хэдий ч манай улсаас 30 дахин олон хүн амтай, үүний дээр олон улсын хөрөнгө оруулалт татаж хөгжсөн том зах зээл. Иймд боломжит нөөц, баримтлах бодлого чиглэл гээд ижил төстэй олон салбарт хамтран ажиллах боломж бий гэдгийг дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих