Н.Болормаа: Сонгинохайрхан дүүргийн арван хорооны эхчүүдийг хүлээж авахаар болсон

Н.Болормаа: Сонгинохайрхан дүүргийн арван хорооны эхчүүдийг хүлээж авахаар болсон

Төрөх эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор саяхан салбарын яамнаас шинэ хуваарилалтыг хийжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.

-Төрөх эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс салбарын яамнаас зохицуулалт хийсэн гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээг шинэчлэн тогтоосон. Энэ нь Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөл шинээр ашиглалтад орсонтой холбоотойгоор эх барихын ор 50-иар нэмэгдсэн. Тиймээс бусад амаржих газрын тусламж үйлчилгээнд зохицуулалт хийсэн.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эхчүүд өмнө нь хоёрдугаар амаржих газарт төрдөг байсан. Харин шинэ тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5-11, 24, 25, 28 дугаар хорооны эхчүүд ЭХЭМҮТ-д төрөхөөр болсон. Энэ нь хоёрдугаар амаржих газрын төрөлтийн ачааллыг бууруулах зорилготой. Мөн нэгдүгээр амаржих газарт өмнө нь Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай дүүргийн эхчүүд төрдөг байсан бол Баянгол дүүргийн эхчүүдийг тус эмнэлэгт хүлээж авдаг болсон. Харин гуравдугаар амаржих газрын ачаалал хуучин хэвэндээ байгаа.

-Зохицуулалт хийснээр эмнэлгүүдийн ачаалал хэр буурч байна?

-Бид зохицуулалт хийсэн ч гэсэн ачаалал шууд буурна гэж ойлгож болохгүй. Хоёрдугаар амаржих газар үндсэн 75 ортой боловч 110-120 ор байнга илүү ажиллаж байсан. Тиймээс энэ ачааллыг бууруулсан. Нэгдүгээр амаржих газрын хувьд ор нэмэгдсэн ч гэсэн Баянгол дүүргийн эхчүүдийг нэмж авч байгаа учраас ачаалал бодитой буураагүй. Мөн шинэ барилга ашиглалтад орсонтой холбоотойгоор эмч, мэргэжилтнүүдийг нэмсэн. Тиймээс нэгдүгээр амаржих газрын үйл ажиллагаа хэвийн байна.

-ЭХЭМҮТ-ийн ачаалал хэр байна?

-ЭХЭМҮТ нь эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа, тусламж үзүүлэх төв. Энэ үүргийг нь түлхүү хэрэгжүүлэх үүднээс зохицуулалт хийсэн. ЭХЭМҮТ өмнө нь Баянгол дүүргийн эхчүүдийг хүлээж авдаг байсныг нэгдүгээр амаржих газар руу шилжүүлсэн. Харин Сонгинохайрхан дүүргийн арван хороог өгсөн. Ингэснээр ачаалал буурах хандлагатай байгаа. Гэхдээ тус төвд хөдөө орон нутгаас эхчүүд ирдэг. Мөн нийслэлд шилжиж ирсэн боловч шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй эхчүүд болон дүүргүүдийн хүндрэлтэй төрөлтийг хүлээж авдаг. Тиймээс ачаалал хангалттай буурахгүй байна.

-Шинэчилсэн зохицуулалт хийснээр зарим эхчүүд хаана төрөхөө мэдэхгүй, өвдөөд очихоор манайх авахгүй, харъяаллын бус гээд хүлээж авахгүй байна гэх гомдол сүүлийн үед нэлээд гарч байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ асуудалд эмнэлгийн байгууллагаас гадна иргэдийн хариуцлага хэрэгтэй байна. Яагаад гэхээр төрөлт гэдэг гэнэт бий болчихдог зүйл биш. 9-10 сар болох энэ хугацаандаа шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүйгээсээ болоод харъяаллын бус гээд шилжүүлэх тохиолдол гардаг. Тиймээс энэ асуудалд эхчүүд анхааралтай хандах хэрэгтэй. Хаана төрөх, хаана харъяалагдах вэ гэдгээ мэддэг байх нь чухал. Баянгол дүүргийн харъяат боловч Баянзүрх дүүрэгт амьдардаг учраас Баянзүрхдээ төрнө гэж зүтгэдэг. Тэгэхээр энэ хооронд зөрчил үүсч байгааг ойлгох хэрэгтэй. Гэхдээ төрөхийн яаралтай тусламжийг харъяаллын гэлгүй бүх төрөх хүлээн авдаг.

Э.Орхон /ЗУУНЫ  МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих