“108 суврага”-ийн давсны үйлдвэр хэмээх аварга байгууламж Гүнтэд сүндэрлэжээ

“108 суврага”-ийн давсны үйлдвэр хэмээх аварга байгууламж Гүнтэд сүндэрлэжээ

Их хүрээг анхлан байгуулахдаа “Цэнгэлт” хэмээх билэгтэй сайхан нэртэй уулын энгэрт байгуулсан гэх боловч зарим эрдэмтдийн бичсэнээр энэ ууланд чингэл хэмээх ховор ургамал ургадаг учир Чингэлтэй гэж олноо нэршсэн гэж үздэг.

Энэ уул өмнө талдаа Салхит, Хайлааст, Хайст баруун талдаа Баянцагаан, Сант, ар талдаа Ар, Өвөр Гүнт, Хожуултын даваа, зүүн талдаа Жигжид, Шадивлан, Суварган өндөр, Бумбат зэрэг олон сайхан үзэсгэлэнтэй амтай.

Нийслэлчүүдийн хоймор болсон Чингэлтэй уулын энэ олон ам өдгөө зуслангийн бүс нутаг болсон. Хүмүүс зундаа цэвэр агаар, ургамал ус, ой модонд нь тэмүүлэн очдог тийм л сайхан газар юм. Зуслангийн бүсэд томчууд хэдэн давхар хаус барилаа л гэнэ. Ой модыг хашаалж аваад эзэн суусан нь ч бий. Харин ой модны захад улайм цайм үйлдвэр босгосон түүх өнөөг хүртэл байгаагүй. Тэгвэл “108 суврага” гэгч компани энэ түүхийг эхэлж бичжээ.

Юу гэвэл тус компани Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өвөр Гүнтэд давсны үйлдвэр хэмээн нэрлэсэн аварга байгууламжийг босгож байна. Босгох босгохдоо Өвөр Гүнтийн үзэсгэлэнт сайхан ой модны захад буюу айлуудын зундаа гарч амардаг зуслангийн бүсэд сүндэрлүүлж байна. Зөвхөн үйлдвэр бариад зогсохгүй тус компани Өвөр Гүнтэд ямархуу хэмжээний ноёрхол тогтоосон талаарх цуврал сурвалжлагыг хүргэхээр бид бэлтгэлээ.

Зуслангийн айлуудыг эзгүйд ажлаа урагшлуулж байна

Өвөр Гүнтэд барилгын СОТ-3 баазын зуслан байсан том хашаа бий. 1990-ээд оны үед оросууд манай улсаас гарахад “108 суврага” компани уг газрыг тодорхой гэрээтэйгээр худалдан авч эзэмшиж эхэлжээ.

Гадаадын олон орноос сантехникийн болон барилгын материал нийлүүлдэг энэ компани салбартаа нэлээд томд тооцогддог. Аргагүй л барилгын материал нийлүүлдэг гэсэн шиг нүсэр том байгууламжийн торхыг Өвөр Гүнтэд босгожээ. Кинонд гардаг аварга том аалзыг санагдуулам төмөр карказан байгууламжийг зурган дээрээс та харсан байх. Хоёр хэсэг байгууламжийн нэгийг нь газарт суулгаж барьжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн дээвэр хэсэг нь газрын гадаргуу дээр харагдаж байлаа.

Манайд тэр бүр харагдаад байдаггүй сонин хийцтэй, хөрөнгө мөнгө чамгүй зарцуулж байгаа нь илт тус байгууламж чухам юу болох гээд байгаа нь тун нууцлагдмал байсаар иржээ. Учир нь зуны улиралд барилгын ажил ерөөсөө хийгдээгүй. Хүн ч харагддаггүй байж. Харин айлууд зуслангаас буусны дараа буюу өнгөрсөн сарын эхээс зөвхөн төмөр торх байсан байгууламжийг битүүлж, алх, дөшний дуу салахаа больсон байна.

Биднийг очиход байгууламжийн хашааны урд үзүүрт буюу ойн модны ёроол орчимд хэсэг хүмүүс газар шорооны ажил хийж байлаа. Тус хашаа нь нэлээд том талбайг эзлэх бөгөөд орох хаалга нь тодорхойгүй, дотогш нэвтрэх боломжгүй юм билээ. Одоо баригдчихсан карказан барилгаас ойн зах хүртэлх газрын шороог нь сэндийчиж бэлтгэсэн нь дахин өөр байгууламжийн суурь болгон бэлтгэж байгаа нь илт байлаа. Өөрөөр хэлбэл, ой модны захаас эхлээд 200-300 метр орчим газар тэр чигтээ үйлдвэрийн орчин болжээ гэсэн үг. Ажилчдыг дуудаж уулзах гэсэн боловч бүтсэнгүй. Харин манаач нь биднийг гэрэл зураг дарах үеэр гарч ирлээ. Түүнээс ямар учиртай байгууламж босч байгааг лавлахад “Давсны үйлдвэр гэдэг барилга. Ах нь өөр юм мэдэхгүй” гэлээ.

Хуульд юу гэж заасан байна вэ?

“108 суврага” компанийн барьж буй байгууламж Монгол Улсын ямар хууль тогтоомжийг зөрчиж байгааг дурдаад байвал нэлээд урт зүйл болох бололтой. Зөвхөн Ойн тухай хуульд юу гэж заасныг товчхон дурдъя. Ойн сангийн хамгаалалтын бүс гэдэг нь хамгийн захын модноос 100 метр зайд хамаарна. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь ямар ч тайлбаргүйгээр шууд хамгаалалтын бүсэд багтдаг болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Тэгвэл хуульд зааснаар хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргахаас өөрөөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг шууд хориглосон байдаг. Түүнчлэн ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа обьект байрлуулахыг хориглоно гэж заажээ. Тэгэхээр үйлдвэр байтугай зуслангийн байшинг ч ойн захаас 100 метрийн дотогш барьж болохгүй хуультай. Өнгөрсөн зун хотын дарга захирамж гаргаж ой модонд дураараа халдсан томчуудын газрыг цуцлах тухай зарлаж байлаа. Тэгвэл байшин ч биш, амралтын газар ч биш асар том үйлдвэр босгож байгаа “108 суврага” гэгч компанийг яах ёстой вэ.

“Давсны үйлдвэр” гэгчдээ байгаль орчны үнэлгээ хийлгээгүй

Аливаа үйлдвэрийг барьж байгуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэгчийг заавал хийлгэдэг журамтай. Тэр дундаа ойн сан бүхий газарт үйлдвэр байтугай амралтын газар байгуулахад эхлээд байгаль орчны үнэлгээ хийлгэх ёстой гэж Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн хэллээ. Тэгвэл “108 суврага” компани давсны үйлдвэр гэгч байгууламждаа байгаль орчны үнэлгээ хийлгэсэн үү.

Энэ асуултыг Нийслэлийн Байгаль орчны газарт тавихад үгүй гэсэн хариулт өгөв. Өөрөөр хэлбэл, тус газарт үнэлгээ хийлгэх талаар ямар ч хүсэлт ирээгүй гэлээ. Дараа нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас лавлагаа хүслээ. Ингэхэд “108 суврага” компани Өвөр Гүнтэд байх амралтын газартаа 2002 онд үнэлгээ хийлгэж байсан. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар хандаагүй байна гэсэн мэдээллийг яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсээс бидэнд өглөө. Амралтын газар гэдэг нь бидний яриад байгаа байгууламжаас тусдаа газар юм. Энэ тухай үргэлжлэл нийтлэлдээ өгүүлэх болно.

Ингээд албан сурвалжууд тус компанийн барьж буй үйлдвэр ямар ч зөвшөөрөлгүй, хууль бус гэдгийг төвөггүй нотлов. Ойр орчмын оршин суугчид нь энэ үйлдвэрийн талаар гомдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт илгээжээ. Энэ дагуу тус газраас холбогдох шалгалтыг эхлүүлсэн байна. Харамсалтай нь компанийнхан мэргэжлийн хяналтынхны шаардсан бичиг баримтыг авчрахгүй байгаа гэлээ. Тэдний үзүүлсэн ганц эскиз зураг нь барьж байгаа байгууламжаа аялал жуулчлалын цогцолбор болгоно гэсэн утгатай байв. Тойм төдий тэр зурагт зааснаар одоогийн босчихоод байгаа карказан барилга усан бассейн болж эргэн тойронд нь загас үржүүлэх нуур, бусад байгууламж байх гэнэ. Ингээд тус компанийнхан давсны үйлдвэр гэж тайлбарласан байгууламжаа хяналтын байгууллагад аялал жуулчлалын цогцолбор болгоно гэж худал мэдүүлжээ.

Үргэлжлэл бий

Б.Уран /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих