Таны хүүхэд “pc” тоглоомын донтогч юм биш биз?…

togloomiin dontogchБид Шархаднаас цувралаар хүргэж байгаа ээлжит сурвалжлагаа бэлтгэхээр СЭМҮТөвийг зорилоо. Энэ удаа бид сүүлийн үед энэхүү төвийн ачааллыг нэмэгдүүлж, эмч ажилтнуудын санааг зовоох болсон голлох үйлчлүүлэгчид болж буй  интернэт тоглоомонд донтогсдын талаар сурвалжилсан юм. Сүүлийн  хэдэн жилд интернэт тоглоомонд донтогсдын тоо маш хурдтайгаар нэмэгдсэн. Манай улсад 1998 оноос эхлэн “Sega” буюу видео тоглоом орж ирсэнийг бид бүхэн сайн мэднэ. Анх зурагтанд залгаад тоглодог байсан энэхүү тоглоом өнөөдөр интернэт нэртэй “pc” тоглоомын газар болтлоо өргөжиж тоглох дуртай хүүхдүүдийг донтон, цаашлаад өвчтөн болгож эмнэлэг рүү илгээсээр байгаа билээ. СЭМҮТөвөөс өөр газар одоохондоо интернэт донтолтын эсрэг эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэггүй бөгөөд манай улсын хувьд энэхүү өвчний оргил үе нь 2008 он байсан гэнэ. 2012 он гарсаар энэхүү төвд хэвтэн эмчлүүлэх болон хандах хүмүүсийн тоо улам ихэсч байгааг тус төвийн эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Энэхүү өвчний уг суурь нь стресс гэнэ. Хүн стрессээ зөв даван туулж чаддаггүйгээсээ болоод өөрт үүссэн дотоод орон зайгаа хамгийн хялбар аргаар нөхөхийн тулд тоглоом тоглож эхэлдэг байна. Эхлээд стрессээ мартаж, бухимдлаа тайлахын тулд ойр ойрхон тоглодог. Харин олон дахин давтагдсан энэ зуршил сүүлдээ дон буюу өвчин болж эхэлдэг. Мөн энэхүү өвчлөл газар авах хамгийн том хүчин зүйл нь нэг нэгнээ даган дууриах явдал байдаг бөгөөд уруу татах байдлаар нэг нэгнээ тоглоомонд донтуулж эхэлдэг байна. Энэ нь олон дахин давтагдаад ирэхээрээ өвчин болж хувирдаг. Мөн насанд хүрсэн хүмүүс ч гэсэн иймэрхүү төрлийн болон өөр хэлбэрийн тоглоомуудад донтох нь сүүлийн үед ихээр ажиглагдах болжээ. Энэхүү тоглоомоор тоглож эхэлж байгаа хүмүүст эхлээд тэд худлаа ярьж эхэлдэг ижил шинж тэмдэг илэрдэг аж. Дараа нь гэрээсээ бага багаар жижиг зүйлс хумсалж  эхэлнэ. Гэвч хүмүүс үүнийг нь тэр бүр анзаараад байдаггүйгээс хамгийн том алдааны эх үүсвэрийг тавьдаг.

Энэхүү өвчинөөс, донтолтоос урьдчилан сэргийлэх арга маш энгийн бөгөөд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй гэдгийг эмч нар хэлж байсан Эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа газруудыг анзаарч байх, нөхөрлөж байгаа хүүхдүүдийг нь ч бас ажиглаж байх хэрэгтэй. Хичээл сурлагандаа хэр байгаад хяналт тавьж, хүүхэдтэйгээ ярилцдаг байх хэрэгтэй юм. Гэтэл бид үр хүүхдээсээ илүү мөнгө, ажил төрөлдөө санаа тавьдаг нь нууцгүй үнэн. Хүүхдээ эцэг эх, ах дүүгээрээ харуулаад өдөржин ажиллах, аль эсвэл гадаад явах нь их болсон. Харин эцэг эхийн хайрыг хэзээ ч тэдгээр хүмүүс орлож чаддаггүй

…Эмнэлгийн урт коридориор хүмүүс аль нэгэн кабинет, эмчийн өрөөний үүдэнд дараалан суух нь сууж, зогсох нь зогсож ихээхэн хүлээлт үүсгэжээ. Нэг үеэ бодвол бид СЭМҮТ-өөр үйлчлүүлэхдээ хэн нэгнээс санаа зовж, айж эмээхээ больж. Эмээж айхаар ч газар биш уг нь. Харин ч Монголдоо ганцхан гэх энэхүү төвийнхний ажил үйлс нь бахдам юм. Өмнөх сурвалжлагууд маань ч үүнийг гэрчилж байсан билээ. Интернэт тоглоомонд донтсон хүмүүс эдгэрэх явц, эмчилгээ нь их нарийн байдаг тул дор хаяж зургаан сар хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байдаг. Донтолтод өртсөн хүний хувьд сэтгэл заслын эмчилгээг хамгийн их хийдэг байна. Энэ эмчилгээ нь дотроо төрөх үйлийн, танин мэдэхүйн гэсэн ангилалтай. 1-2 жил энэхүү эмчилгээг хийлгэж байж тухайн хүн буцаад өөрийнхөө хуучин зан үйлд орж байна гэж үздэг. Энэ тухайд  СЭМҮТөвийн Хүүхдийн сэтгэцийн тэргүүлэх зэргийн зэргийн эмч Б.Энхтуяа эмчлүүлэгчээс өөрөөс нь болон  түүнийг эмчилж байгаа эмч нараас маш их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардагддаг хэмээн онцолж байсан.

Өнөөдөр интернэт тоглоомонд донтогсод Монголд төдийгүй дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа аж. Олон улсад энэхүү өвчнийг бие даасан өвчин хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. Өнөөдөр манай нийгэмд 15-16 насны бүрэн төлөвшөөгүй хүүхдүүд сургуулиа төгсч оюутны ширээнд сууж байна. Тиймээс ч эцэг эхийн болон сургуулийн хараа хяналтаас эрт гарсан эдгээр “оюутан” хүүхдүүд жаахан дүү нартайгаа зэрэгцэн тоглоомонд донтох нь элбэг байдаг. Тус төвийнхөн ард түмэн өөрсдийн баригдмал ойлголтоосоо салаасай, энэхүү төвд ирж үзүүлэх, оношлуулах нь нэрэнд халтай зүйл биш, заавал өвчтэй хүмүүс ирдэг гэсэн ойлголттол гээх хэрэгтэй гэж хүсч байсан юм. Энд эрүүл энхийн төлөө, бидний төлөө ажиллаж байгаа сайхан сэтгэлт эмч нар эдгэрэх хүсэлтэй олон хүн байгаа. Харин бид урьдчилан сэргийлж, үр хүүхэд хань ижлээ ч ямар нэгэн зүйлд донтохоос хамгаалахад илүү их анхаарал хандуулах цаг нь  болжээ.

Хааяа нэг найз нөхөдтэйгөө хөзөр тоглохоос хэтэрдэггүй байсан зугаа даамжирах вий, хааяа нэг найзуудтайгаа тоглоомын газраар ороод гардаг байсан хүүхдүүд чинь алдчих вий. Донтолт гэдэг зүйл асар хурдан хүний сэтгэхүйг эзэмдэж чаддаг өвчин тул нэгэнт донтож эхэлбэл тархиараа биеэ ч удирдах чадваргүй болдог гэдэг. Нэг л мэдэхэд тоглоомын газар ороод суучихсан, нэг л мэдэхэд хаанаас ч хамаагүй мөнгө олоод тоглочихсон байдаг гэж ихэнх интернэт тоглоомонд донтогчид өгүүлдэг байна. Зүгээр л тоглодог байсан тоглоом нь одоо 10-100 мянган төгрөгийн барьцаатай, бооцоотой болсон болохоор хүмүүсийг маш ихээр донтуулж байгаа гэсэн мэдээлэл ч байдаг юм билээ.

Хааяахан гэрийнхээ ойролцоо байх интэрнэтээр ороод гарахад бужигналдсан олон хүүхдүүд хараалын үг урсгацгаан хүн алах, хядах тоглоомонд өөрөө ч мэдэлгүй суралцаж суудаг.  Гэвч энэ бүхний цаана донтолт гэдэг айхтар өвчийн байгааг, эсвэл хааяахан ажил дээрээ тоглодог тоглоомын тухай бодож байсангүй. Харин одоо олон цаг ажлаа хийчихээд тархиа амраахаар тоглодог ямар нэгэн тоглоомоор ахин тоглохгүй. Тэдгээр хүүхдүүд ч мөн тоглохоо болиод урлаг, спортоор хичээллээсэй гэж хүснэ. Хамгийн дотны зөвлөгч туслагч нь болсон бид л үр хүүхдээ ийм байдлаас нь гаргаж чадна. Дунд сургуулийн нэг ангид хамгийн багадаа 2-3 хүүхэд энэхүү тоглоомонд донтогч болчихсон байгаа гэсэн албан бус тоо байна. Харин бусад нь тоглодоггүй гэсэн үг биш, их бага хэмжээгээр тоглож л байгаа. Бид аливаа зүйлийг болсон хойно нь халаглаж суух биш, харин урьдчилан сэргийлэх гэдэг зүйлийг өдөр тутмынхаа ажил амьдралын хэв маягт хэвшүүлж өгөх хэрэгтэй байна. Яг одооноос эхлэн үр хүүхэддээ анхаарлаа хандуулахгүй бол тоглоомын донтолт хэмээх чимээгүй тахал та бидний үр хүүхдийг оюун сэтгэхүй болоод эрүүл мэндийн хувьд үгүй хийж мэдэхээр байгааг анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.

Төгсгөлд нь,бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн СЭМҮТөвийн хамт олонд талархал илэрхийлье. Хүний төлөө гэсэн ариун сэтгэл тань сүүн цацал мэт байх болтугай.

uptown


URL:

Сэтгэгдэл бичих