Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал болно

e6db08f4921b0d46big“Глоб Интернэйшнл Төв” ТББ-аас Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөмж боловсруулах зорилго бүхий хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлыг энэ сарын 29, 30-нд “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

 Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, “Ил тод байдал сан” ТББ-тай хамтран ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөрийн (IPDC) Засгийн газар хоорондын зөвлөлөөс 2008 онд баталсан “Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт”-ийг ашиглан монголын хэвлэл мэдээллийн орчинд үнэлгээ хийж, дүгнэлт өгөх иж бүрэн судалгааны ажил хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү үнэлгээний тайланг хэлэлцэх уг бага хуралд хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн сургууль, хуульч, Засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн төлөөллөөс гадна олон улсын шинжээч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцоно.

Бага хурлын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо, Өргөн нэвтрүүлэг, өмчлөл, төвлөрөлтэй холбоотой эрх зүйн орчны тогтолцоо, Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн эвлэл холбоод, Сэтгүүл зүйн боловсрол, сургалт, иргэний нийгмийн оролцоо, Интернэт, олон нийтийн өргөн нэвтрүүлэг гэсэн салбар хуралдаан болно.

Бага хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх ба АНУ, Канадын ЭСЯ, “Транспэрэнси Интернэйшнл-Монгол”, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал зохион байгуулах юм.

Б.Туул

montsame


URL:

Сэтгэгдэл бичих