“Сүнс”-ын Лхагваа урлагийнхны ивээгч болов

Сүнс” хамтлагийн ахлагч Лхагваа Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүнээр томилогдоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Хамтлагийн ахлагч нар дотроо менежмент сайтай, аливаад идэвх санаачлагатай ханддаг тэрбээр сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалсан чамгүй олон ажлыг амжуулаад байгаа. Анх Монголын хамтлаг, дуучдын уран бүтээлийг үнэгүй ашиглаж байсан үүрэн телефоны компаниуд руу зоригтой довтлон “Мобиком”, “Скайтел”, “Юнител”-иэс чамгүй мөнгө салган уран бүтээлчдийнхээ магнайг тэнийлгэсэн юм.

Энэ жил тэрбээр тус операторуудтай “хамтын ажиллагаа”-гаа ахиулж,  уран бүтээлчдийн оюуны бүтээлийг ашигласан тохиолдолд нийт орлогын 10 хувийг авах гэрээнд гарын үсэг зуржээ. Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн гишүүнчлэлд продюсерууд, дуу болон бусад уран бүтээл туурвигчид, студи продакшнууд хамрагддаг аж. Дуу, бичлэг бүтээгчдийн үндэсний төв нь гишүүдийн уран бүтээлийг ашиглагч мэдээллийн хэрэгслүүдтэй ч цаашид хамтран ажиллах юм байна. Оюуны өмчийг хэр дээдэлж байгаагаар нь тухайн улс орны хөгжлийн төвшин, иргэдийн оюуны боловсролын хэм хэмжээ мэдрэгддэг. Энэ үйлсэд бор зүрхээрээ зүтгэж яваа Б.Лхагвасүрэн урлагийнхны “хайрын бурхан” болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих