До. Цэнджав: Н.Энхбаяр найз нөхдөө гомдоосныхоо горыг амсч байх шиг байна

Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Долгорын Цэнджавыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй энэ удаа уран бүтээлийн халуун яриа өрнүүлж, гэгээн хөг аялгууг мэдэрч чадсангүй. Сүүлийн үед дуулиан дагуулаад  байгаа Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлал тойрсон асуудлын талаар  ярилцлаа. Түүний дүү сэтгүүлч До.Чулуунбаатар уг хэрэгт холбогдон хоригдчихоод байгаа билээ.
-“Чимээгүй байснаараа ялна гэдэг худлаа, тийм бол үнэнд гүйцэгдсэний шинж” гэж таны хамгийн сүүлд бичсэн “Мянган цэн үг” номоос уншсан.  Монголын сэтгүүл зүйд  ах, дүү хоёр зуун дамжин уншигчдын танил болжээ. Таны дүү До.Чулуунбаатар  долоон жилийн өмнө болж өнгөрсөн өмч хувьчлалын асуудлаас болоод өнөөдөр цагдан хоригдож байна. Одоо та үгээ хэлэх цаг болсон юм биш үү?
-Асуултыг асуултаар хариулна гэдэг шиг миний номын  үгээр хөөрхөн мадалж, ярилцлага авах гэж байгаа  сэтгүүлчийн овсгоог үнэлэхээс аргагүй. Би энэ тухай ярихад үнэндээ дурамжхан байна. Гэхдээ асуултад чинь хариулъя.  Өнөөдрийг хүртэл юуны учир дүү маань ийм хэрэгт холбогдох болсны цаад учир шалтгааныг олохгүй байна. Хэрэгтэн болгоод хорьчихлоо гэдэгт ч итгэж чадахгүй байгаа. Тиймээс энэ хэрэг гэгчийнх нь талаар сэтгүүлч тантай л бараг ижил мэдээлэлтэй байна даа.
Хэдийгээр бид төрсөн ах  дүүс боловч хэн, хэнд маань мэдэхгүй, таашгүй зүйл бишгүй. Ер нь ах дүүс амьдралын мөр хөөгөөд ирэхээр  тийм л байдаг биз дээ. Нэг мэргэжлийнх, нэг чиглэлийнх  болохоор л та мэдэх учиртай гээд  намайг хоргоож байгаа болов уу. Бид  тус тусдаа  өөр ажил төрөлтэй, өөр зан араншинтай, өөр анд нөхөдтэй, өөр  амьдралтай  ертөнц шүү дээ. Саванд багтавч санаа өөр. Би дүүгээ инженерийн мэргэжлээс  сэтгүүл зүйд уруу татсан нь үнэн. Саяхан болтол зөв юм хийсэн гэж бахархан хардаг байлаа. Харин одоо бол тэр мэргэжлээрээ ажиллаад хэн ч мэдэхгүй, танихгүй тэр инженерээ хийгээд  явсан  бол  дээр байж дээ гэж бодогдох үе ч байх юм. Гэвч авъяасыг юу ч дарж чаддаггүй. Өөрөө зүгээр байя гэхэд өдөж хатгаад л босгоод ирнэ. Багаасаа л авъяас нь танигдаад байсан хэрэг л дээ. Явж, явж одоо цагт дарга шиг хэрэггүй юм даанч алга. Хаан байсан ч хэрэггүй юм биш үү. Ард түмний ам руу алтан халбага үмхүүлж байна гэж гайхуулдаг  байсан Ливийн Кадаффи юу болов? Даргаас ер нь бага юм үлддэг юм биш үү. Түүний оронд шүлгийн нэг мөр яруу найрагчийг мөнхжүүлж байна. Ц.Цэдэнжав гуай олон ном бичсэн дээ. Түүний “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч …” гэдэг мөрийг ямар ч цаг үе  мартаж чадахгүй байна. Түүний бичсэн роман огт сураггүй болчихоод байхад шүү.
-Уг нь дүү тань өөр  мэргэжилтэй байж.  Яагаад та сэтгүүл зүйн салбарт урвуулчихав?
-Чулуунбаатар математик, физик, хими гээд бүх талын хичээлдээ жигд сайн, сургуулийн бахархал болсон сурагч байсныг нутгийнхан болоод сургуулийхан андахгүй ээ.  Тав зур­гаахан настай байхдаа надаас илүү оньсого үлгэр мэддэг, хачин хөөрхөн зурдаг, хүнээс заавал үлгэр сонсож салдаг цовоо сэргэлэн  хүүхэд бай­сан. Онц төгссөн хүүхдүүд л хам­гийн түрүүнд хуваарь авдаг шүү дээ. Румынд инженерийн хуваарь авсан. Хүн бүр шахуу л Орост сургуульд явдаг байсан болохоор  Москвагийн их, дээд сургуулиудыг  ч төдийлөн сонирхоогүй гэдэг юм. Улсыг нь сонирхож сонгосон болохоос мэргэжлээ зөв сонгоогүй л дээ.  Румын бол социализмын үед маш сонирхолтой орон байсан. Хүн болгон ч яваад байдаггүй хаалттай шахуу орон. Чаушескийн   гэр бүл нам,  төрийг бүхэлд нь атгаж дураараа авирлаж байсныг домог шиг л ярьдаг байлаа.   Социалист ч биш, капиталист биш орон. Ямар сайндаа социалист орнуудын намын дарга нар цуглаж амин чухал асуудал ярихдаа Румыний төлөөлөгчдийг өөр газар хоолны урилгад  явуулчихаад араар нь юмаа тохиролцдог байх вэ дээ. Ер нь Польш гэж айхтар чөлөөт улс байв. Тэнд суралцаж байсан монгол оюутнуудыг Орос, Монголд тарааж суралцуулсан шүү дээ. Румын мөн ялгаагүй. Чулуунбаатар төгсөх жилдээ л яваад ирсэн. Тэр үед МУИС-ийн харьяанд байсан  Политехникийн дээд сургуульд шилжин  суралцаж төгссөн. Тэгэхэд нь би тэр үеийн Монгол телевизийн дарга Жаргал гуай дээр дагуулж орсон. Телевизийн босго ч маш өндөр байж. Барагтай хүний хөл тэр босгыг давж гишгэхгүй, бүдэрнэ шүү. “За яахав, энэ хүүгээ  орхиод яв. Чамаар төсөөлөөд дүүг чинь авахыг бодъё. Гэвч өөрөө өөрийгөө л шийднэ шүү дээ. Авьяас чадалгүй хүнийг телевиз өлгийдөөд байлгаад байж  чаддаггүй юм шүү” гэж билээ.
-Тэгээд итгэлийг хэр хүлээсэн бол?
-Би тэр үед Өмнөговь аймаг дахь “Үнэн” сонин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагч байлаа. Ер нь тун удалгүй л танай дүү чинь ёстой телевизийг байлдан дагуулж байна гэлцэх болсон. Хөдөө аймагт Оросын Орбитийг л үзнэ. Худлаа цаасан малгай өмсгөж байгаа байлгүй, тийм амархан өсөж бойжихгүй  гээд тоохгүй байсан ч “Бас яамай даа. Арай л олны тоосонд даруулаагүй юм байна” гэж боддог байв. Хотод ирээд үндэсний уламжлалт соёлын талаарх нэг нэвтрүүлгийг нь үзээд гайхсан шүү. Хаанаас ийм монгол  хэл сурчихдаг юм бэ гэж бодсон. Гадаадын хоёр, гурван сайн хэлтэй боловч бичгийн орчуулгын  монгол хэлгүй улс санаанд багтмааргүй  хачирхалтай  юм хийдэг. Би өөрийгөө монгол хэлээ нэлээд ноолно гэж боддог шүү дээ. Яг түүн шиг хэлж чадах уу гэж хүртэл эргэлзэж байлаа. Ээж, бага ээж  минь л бид хоёрыг монгол хэлтэй болгож өсгөсөн дөө. Хоёр хөгшин аман зохиолч, аман өгүүллэгч байж дээ гэж одоо боддог. Уран зураг шиг дүрсэлж ярьдаг, тэр нь огт мэдэгдэхгүй мөртлөө  чих өрөмдөж, цаашаа яван явсаар  зүрхэнд шингэж үлддэг  байж.
-Та дүүдээ гар хүрч, зэмлэж загнаж  байв уу. Ер нь их зөөлөн хүн шиг санагддаг?
-Магтаж байгаа юм биш, өнгөрсөнийг магтаад ч яах юм билээ. Дэндүү номын хүүхэд байсан. Үгнээс гарна гэж байхгүй. Нэг ч удаа өөдөөс өрвөлзөж байсангүй. Тэр үед чинь бүдүүлэг хараал хэлэхээс ч ичнэ, айна. Гэхдээ энэ нь буруу  юм байна. Хүүхдийг ерөөсөө чоно шиг санаатай өсгөх нь зөв юм шиг. Би ийм л гутранги үзэлтэй болчихлоо. Миний бага хүү гэж япон шатрын мастер гээд бас нэг хонь шиг нөхөр байгаа. Номхонууд нь энэ цаг үед таарахгүй бололтой, идүүлээд дуусна.   Ер нь хүний зөөлнийг хүн барьдаг, модны зөөлнийг тоншуул барьдаг гэдэг юм.  Нэг удаа  Чуукагаа нуруун дундуур нь ганц сайн ташуурдсан. Одоо төрд “ташуурдуулж” байхдаа тэр санаанд нь ордог бол сайн хэрэг.
-Та ч бас барагтайд тэгэхээргүй хүн дээ. Яагаад дүүгээ ташуурдах болов?
-Говьд ус ховор. Говь ч гэж дээ, манайх бол хээр талын  айл байлаа. “Ганц толгой” гэдэг далай шиг устай ганцхан худагтай. Амсар нь том, дотроо цүнхээл шиг хээлтэй. Тором дотор нь уначихаад эргэлдэж байсан гээд бод доо. Арав гаруй километр газар хонио тууж хүрнэ. Хэдэн талд нуур далай шиг хонь, адуун  сүрэг худаг сахиастай. Нар шатааж хярваслах шахна. Арай гэж нэг суурь хониноос ховоог нь салгаж авлаа. Намайг даллангуут л хонио бушуухан таслаад оруулаарай гэж  дүүдээ захисан юм. Байдаггүй ээ, өөр айлын бөөн хонь шаагиад шуугиад  буучихлаа. Ер нь нэг айл дөрвөн зуугаас доош суурилдаггүй байсан шүү дээ. Би мордож очоод “Үхсэнээ хийж айлын хонь урдуураа оруулав” гэж уурсахад “Хөөрхий хүн бүл муутай тэдний хонины өмнүүр хонио  оруулж болохгүй биз дээ” гэж байгаа юм. “Яасан арчаагүй эд вэ” гээд л нуруун дундуур нь ташуураар татсан. Амьдралдаа ганц удаа гар хүрсэн  маань энэ.
-Ингэхэд  дүү чинь яагаад ийм хэрэгт холбогдсон талаар нарийн биш ч гэсэн тодорхой таамаглал байхгүй гэж үү?
-Дахин хэлэхэд би төрсөн ах нь боловч та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Өөрөө ерөөсөө юмаа ярьдаггүй хүн шүү дээ. Дандаа хожим л өөр хүнээс сонсдог юм. Бидний аав  бас ийм хүн.  Би бол юмыг нуулгүй ярьчихдаг болохоор зарим хүний зэвүү хүрдэг биз. Сүүлийн хэдэн жил л тэр хараал идсэн   байшингийн тухай сонинууд бичсээр, ярьсаар  байсан. Одоо мэдээлэлд тэр бүр итгэхээ больсон шүү дээ. Даанч нэг тоож, тогтож бодож байсангүй. Харин хажуугаар нь  өнгөрөхдөө  энд парламентын байшин босчихвол байшингийн анасамбльд мөн донжтой доо гэж боддог байсан.
-Та 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд алдсан гэж яриад байгаа тэр  Л.Сэргэлэн гэгчийг  та­них уу?
-Огт танихгүй, тийм том баян байдгийг мэдэх ч үгүй. Тэр баларсан хөгийн эрийн гайгаар дүү минь шоронд зовж тарчилж байна. Эрүүл мэнд нь ч  муу байгаа. Түүнтэй нүүр тулгарах  нэг өдөр бий.  Хэн ч гэсэн  5ОО сая байтугай 5О.ООО төгрөгийн араас зүүгдэнээ дээ. Ийм их мөнгө зарчихаад тэр  байшингийнхаа туу­рийг  аваад, таван одтой буудлаа барихгүй юугаа хийж олны нүдэн дээр балгас болгосон  юм бэ.
Тэр 5ОО сая нь Чуукад ямар ч хамаагүй, нэг ч төгрөгийг нь гартаа барьж үзээгүй бололтой юм билээ.  Би та нартай адил энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй харанхуй явж байгаад “news.mn” сайтаас л энэ талаар  уншсан. Аль 2ОО4 онд эхэлсэн хувьчлал гэж байгаа. Чуука чинь 2ОО8 байна уу, 2ОО9 онд очсон. Юугаараа хамаатдагийг даанч мэдэхгүй юм. Миний ойлгож байгаагаар тэр Д.Сэргэлэн гэдэг нөхөр сэтгүүл зүйд хайртайдаа, “Улаанбаатар таймс” сониныг хөг­жүүлэхийн төлөө хөрөнгө оруу­лаагүй. Байршил сайтай газар байсанд нь л шунасан байх. Энэ хэргийг яагаад одоо сөхөж байгаа нь ч сонин байна.  Ер нь хувьчлал гэдэг бол зах зээлийн нөхцөлд сүржигнээд байхааргүй энгийн үйл явц шүү дээ. Монгол Улсын иргэн хэн ч байсан хуулийн дагуу хувьчлалд оролцох эрхтэй байх. Эрсдэлийг маш нарийн тооцож байж хөдөлмөөр юм даа. Миний мэдэхийн “Ардын эрх” сонин байшин барилга, тоног төхөөрөмж, хэвлэх үйлдвэртэй ямар том айл байлаа даа. Нэг л мэдэхэд хувьчилсан. Одоо “Өдрийн сонин” болчихоод үйл ажиллагаа нь хэвийн сайхан явж л байна. “Засгийн газрын мэдээ” сонин мөн л өөрийн байр, тоноглол, хэвлэх үйлдвэртэй, 1ОО гаруй сурвалжлагч ажилтантай байсан. Би тэр  сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байхдаа Х.Цэвлээ эрхлэгчтэй хамт хөөцөлдөж, Засгийн газраас олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, тэр нь байшин, үйлдвэр болсон. Би ч Америк яваад мэдээгүй.  Одоо энэ зүтгэл хөдөлмөрийг  мэдэж байгаа хүнгүй. Би ч дүүрч, хөөрхий Цэвлээ эрхлэгчид хэдэн хувьцаа эзэмшүүлвэл буян л болно. Энэ хувьчлалууд  сүртэй л юм болоогүй. Болох ёстой жамаараа л хувьчлагдсан. Улс төрийнхөн наймаалцлаа  гэсэн яриа гараад л өнгөрч байсан. Гэтэл ийм жижигхэн сонины хувьчлал улс орон даяар юун их хэл ам таталдаг юм бэ. Өнөөх “Коммунизмын хий үзэгдэл Европоор тэнэж явна” гэдэг шиг үл үзэгдэх  улс төрийн өс хонзон яваад байна. Яагаад хэвийн явж байгаа сонины үйл ажиллагааг саатуулаад Ерөнхий эрхлэгчийг нь, жирийн нэг хөлсний менежерийг барьж, хорихдоо тулав гэдэгт л  гайхаад  байна. Тэгж холбогдуулах сонирхол, зорилго нь өөр юм байна.
-Хөлсний менежер гэдэг үг чинь содон сонсогдож байна. Үүнийгээ тайлбарлаач?
-Жишээлбэл, Хөдөө аж ахуйн банк  дампуурч байхад Америкаас Петер Морроу гэдэг хүнийг авчраад ханасан цалин хөлс хангамж өгөөд, менежментийг явуулснаар өнөөдрийн ХААН банк тогтож хүчээ авсан. Түүнтэй л ижил юм. Ер хөрөнгө мөнгөтэй орооцолдолгүй редакциа л аваад яв, тэгээд ашигтай ажилла гэсэн нөхцөлөөр би ч нэг хоёр сонинд тийм маягтай “хөлсний менежер” хийж  л байсан. Сонины эрх­лэгчээс би амьдрал ямар байдгийг олсон болохоос хувцсаа ч бараг солиогүй дээ. Зарим сэргэлэн, өвөрмөц менежмент хийж чаддаг нь дээшээ цоройдог юм билээ. Ер нь өдөр тутмын сонины амь нас хоёрхон зүйл дээр тогтдог. Нэгд өөрийн гэсэн байр, хоёрт өөрийн үйлдвэр. Энэ хоёр байхгүй бол тав ч алхаж чадахгүй. Тиймээс ерөнхий эрхлэгч болгон энэ хоёрын төлөө л тэмцдэг. Энд буруу юм юу байна. Сайхан байшинтай, сайхан үйлдвэртэй болно гэсэн үлгэрийн зөгнөл мөрөөдөл дүүд минь ч байсан байх. Жирийн байх ёстой сэтгүүлзүйн амьдралыг улс төртэй хутгаад,  хэн нэгэнтэй холбогдуулаад эцэс сүүлд нь номхон дарууг нь ашиглаж, гучаад оныхон шиг  дарлаж доромжилж  хэлмэгдүүлэх гээд байна гэсэн  хардлага надад байна. Сэтгүүл зүйд хардлага муухай гэж боддог, хэлдэг  байсан маань одоо өөрөөр эргэлээ.
-Тухайлбал та дээрх хэрэг дээр ямар өс хонзонг олж харснаа нуулгүй хэл л дээ?
-Ерөөсөө Н.Энхбаяр гэдэг хүнийг  бүхний дайсан болгож жигшүүлэх гээд, түүнийг дарж авахсан гэсэн хүсэлтэй уур омог, аагаа багтааж ядсан  хүмүүс  нам, улс төрөөр ялгарах юмгүй маш олон болчихжээ. Энэ хүний нэрийг холбохгүй асуудал ч гэж бараг байдаггүй бололтой. Нэг холбогддог зүйл нь энэ. Яагаад холбоод байдгийг мэдэхгүй. Улс төрийн хонзон, өшөө авалт  гэдэг юм бий болжээ. Ер нь хэн ч билээ нэг эрхэм хэлсэн. Үүнийг “солиорсон нийгэм” гэж…Бие биеэ барьж идэх нь холгүй болчихож. Шоронгийн бүгд найрамдах улс болох гээд байгаа юмуу.
-“Улаанбаатар таймс” со­нины барилгын өмч хувьч­лалын хууль бус ажил­лагаа­тай холбоотой хэмээн нэр дурьдагдсан Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр, одоогийн Ерөн­хий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлд­вэрийн сайд Т.Бадам­жунай, Нийслэлийн ир­гэ­дийн төлөөлөгчдийн хур­­лын дарга Т.Билэгт нар­тай та хоёр ямар холбоо, ха­рилцаатай байсан юм бэ?
-Худлаа хэлье ч гэсэн мэ­дэх юм алга.  Заримтай нь гар барьж мэндэлж ч үзээ­гүй. Нэг их олигтой ч том биш байшингийн туурин дээр ийм олон эрхмийн нэр  ша­вааралдаж  байгааг ч гайхдаг. Ямар учиртайг шударга шүүх л тогтоох биз. Ёстой улс төр гээч юм ярайж байгаа биз дээ. Улаанбаатарын бараг та­лын чинээ үйлдвэрийг ямар ч үнэ­гүй эрээн цаасаар хуурч  хувьчлаад авчихсан биз дээ. Хувьчлал болгоны хучлагийг ярьвал ээ бурхан минь, юу гээ­чийн юм үзэгдэж, харагдах бол.
-Тэр тусмаа Н.Энхбаяр­тай та тун ойрын харилцаа­тай байсан шүү дээ. Одоо та түүнтэй ямар харилцаатай байдаг вэ?
-Ямар ч харилцаагүй. Би Ерөн­хийлөгчийн тамгын га­зарт Бичиг баримт боловс­руу­лах албаны даргаар ажиллаж байсны тухайд гэвэл энэ бол улс төрийн ажил биш. Төрийн албан хаагчийн  ажил юм шүү дээ. Энэ хоёр ойлголт их хол зөрүүтэй.
Харин зөвлөхүүд бол улс төрийн ажилтан  мөн. Би төрд л зүтгэж байсан. Тэр хүнтэй зөвхөн ажил хэргийн харилцаа байсан. Хэлэх үгийг нь бичих гэж үүрэг авна, өөр юм байхгүй. Нэг ч удаа амин хувийн  юм ярьж, хувийн хү­сэлт тавьж байсангүй. Ха­рин  хэлэх үгэн дээр нь өдөр шөнөгүй сууж байсан.  Ерөн­хийлөгчийн хаалгыг ам­раадаг­гүй улсыг  харахаас инээ­дэм­тэй шүү. Цаг цагаараа бай­даггүй. Одоо тэр хүн  айхтар боорлуулж байна. Нөгөө улыг  нь долоочих шахаж байсан нөхөд бүгд чимээ сураггүй.  Нам­барын Энхбаярыг Мон­гол төрийн ажлыг сайн хийж байна л гэж боддог бай­лаа. Хүчтэй удирдагчид  нэг сул тал байдаг. Тийм хүн юм, юманд манлайлж орол­цох гэдэг дутагдалтай. Ер нь Ерөнхийлөгчийн эрх хязгаар­лагд­мал шүү дээ. Тоолж үзээ­гүй ээ, 18 онцгой эрхтэй  гэдэг.
Энэ хэмжээ, хязгаарт өөрий­гөө барьж чадахгүй юм, юманд оролцоно. Ухаршгүй байдал, оюунлиг боловсрол, нэр төрөө дээдэлдэг гээд  түүнд үнэт зүйл олон  бий.
-Таныг яагаад ажлаас чинь халчихсан юм бэ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сон­гуулийн өмнөхөн?
-Төрийн ордон хов живээр хөөцөлддөг,  дээд албан тушаал­танд бусдынхаа хийсэн ажлыг мушгин гуйвуулж танил­цуулдаг, атаач жөтөөч, амжилт­тай яваа хүнийг  нэг үгээр л бүдгэрүүлчихдэг “нов­шийн амьтад”-аар дүүрэн бай­даг юм билээ. “Намайг МАХН-аас урвасан, Эх орон намынх, ер нь эсрэг талын хүн” гэж  хоёрхон хүн л тас­ралт­гүй хэлдэг байсныг мэд­сэн. Ер нь дээд  хүн ховын үгэн дундаас юунд нь итгэх, юуг нь  хаяхыг ёстой соронз шиг ялгаруулдаг улс төрийн мэд­рэмжтэй байх  ёстой шүү дээ. Ингээд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван сарын өмнө Н.Энхбаяр намайг ажлаас халж, явуулсан. Би үүнд нь одоо ч сэтгэл гонсгор  явдаг. Чин сэтгэлээсээ зүтгэж явахад ажлаас хална гэдэг бол доромжлол, эвлэрч  боломгүй зүйл. Өмнө нь ажлаасаа ха­лаг­дах нь байтугай үргэлж дээшилж явлаа. Ийм болохоор эмзэг байсан ч магад. Ямар ч хүсэлтийг сонсохгүй,  дараа­гийн  ажлыг ч  ярихгүй шийднэ гэдэг хүнлэг бус зүйл.
Ер нь нэг үг байдаг. “Алек­сандр чи ялж чадах юм, даанч түүнийгээ бэхжүүлж чадах­гүй юм” гэж. Энхбаяр найз нөхдөө дэргэдээ тогтоон барьж байлгаж чаддаггүй,  гом­доож байдгийнхаа горыг амсч байх шиг байна. Одоо л ёстой голдоо ортол ойлгож “хү­мүүжиж”  байгаа болов уу.  Дахин гарч ирвэл  энэ муухай араншингаа татаж, өөрийгөө хайрлах юмгүй шийтгэх хэрэг­тэй. Хүн гэдэг удаагийн амны алчуур биш шүү дээ.
-Тэр үед сэтгүүлчид та­ны тухай юу гэж ярьдаг байс­ныг мэдэх үү. Том улс­төрч дагавал нэр хүндээр нь ингэж тоглож хаяад хэн ч биш болгодог юм байна. Өнөөх Н.Энхбаяр чинь До.Цэнд­жавыг ашиглаж бай­гаад хөөгөөд явуулчихаж гэж ярьдаг байсан?
-Ил далд янз бүрийн л яриа байсан биз. Би ч яахав жижиг амьтан, хэчнээн мундагчууд хөөр­хий болсон гэж бодно. Б.Болд-Эрдэнэ гэдэг мэргэж­лээ­рээ бол  МУИС-ийн  сэт­гүүл­зүйн хамгийн чадалтай багш залуу Ерөнхийлөгчийн тамгын газарт Хэвлэл мэдээл­лийн  албаны даргаар ажиллаж байсан. Дэргэдэх үхширсэн ком­мунистууд нь энэ сайхан залууг сандал дээр нь нэг өдөр ч тухлаж  суух завдал өгөл­гүй тал талаас нь дайрч давш­лаад  эцэс сүүлдээ мөн л гашуудалтайгаар хөөгдсөн.  Намайг шууд халж зүрхлэхгүй, хариуцсан  албыг минь үгүй болгож гурван сар ажилгүй хатаасан. Тэгээд тэсэлгүй би хаяад гарсан. Сагсуурах ч юм биш, би хаяж ч чаддаг, ажиллаж ч чаддаг хүн.  Гэвч надад Н.Энхбаярыг өмөөрөх нэг шалтгаан бий.
-Ямар шалтгаан байна?
-Хөөрхий дөө энэ хүн рүү яасан муухай дайрч давшилж байна аа. Шархан дээр нь гиш­гэл, дэвсэл гэнэ үү.  Хажуу­гаас нь ингэж хатгаж байна. Нэгэн үе  Н.Энхбаяр шиг бур­хан байгаагүй. Ёстой гут­лын улыг долоох шахаж бай­сан. Үг хэлээгүй байхад л өм­нөөс нь гүйчихдэг байсан. Хаа очиж тэр хүн хэзээ ч хүнийг дарамталдаггүй, чин сэт­гэ­лээ­сээ юү, үгүй юү гэдгийг  мэдэхгүй ч аливаа хүнд хүн­дэт­гэлтэй ханддаг. Олон ч хүнд тус болсон гэж дуулддаг. Хуучин цагт бол аймгийн захир­гааны  хэлтсийн дарга ч байхааргүй мэдлэг, чадваргүй хү­нийг сайд, дарга болгож, цааш нь яаж даврах нөхцөлийг тавьж өгсөн шүү дээ. Одоо тэр бүгд эргээд дайсагнаж байна. Энэ нь зэвүүцмээр санагддаг.  Хүний олон нь хүнээ барьж идэхгүй шүү. Одоо ямар ч эрх мэдэлгүй, гудамжинд ша­хуу болчихоод байхад хүр­тэл гутааж доромжилсон хэ­вээр байх юм. Монголчууд ганц Энхбаяраас өөр мөлжих хүнгүй болчихсон юмуу.
-Одоо тэгээд дүүгийн чинь хэргийг яаж шийдэх бол. Хэрэг хийгээгүйг нь но­толж суллана гэдэгт та итгэж байна уу?
-Хөшигний цаана чухам юу болоод байгааг өнөөдөртөө  үнэхээр юу ч  мэдэхгүй бай­на. Энэ талаар таах гэж ч оролдсонгүй. Ер нь би аливаад таамаглал дэвшүүлэх дургүй. Бодит үнэнийг гараар барьж, нүдээр үзэж, чихээрээ сонсч байж л  итгэдэг. Баримтаар нот­логдох үнэнийг л хүлээж сууна. Энэ үүргээ хуулийнхан шударгаар биелүүлээсэй, хар цагааныг ялгаад өгөөсэй гэж хүсч байгаа. Энэ чинь бидний толгойноос хэтэрсэн хэрэг гэж байгаа. Энэ бол тун аюултай. Захиалгатай гэсэн үг. Ингэж хүнийг хохироож болохгүй, ийм юм байх ёсгүй гээд дарга нарынхаа өөдөөс босоод ирэх хуулийн үнэнхүү шударга  мэр­гэ­жилтэн гараад ирэх  болов уу гэж горьдож байна. Би дүүгээ шунахай сувдаг сэдэл­тэй хэрэгт татагдан орсон гэдэгт хэзээ ч итгэхгүй. Хүмүү­жил нь тийм биш. Ганц би ч биш, түүнийг мэддэг, таньдаг бүх хүн ингэж хэлж байхыг сонс­лоо. Түүнийг өмгөөлөх бай­гууллага, хүмүүс ганц Мон­голд биш, гадаадад бүр ч олон байдаг юм байна шүү дээ.
-Нэр дурдагдсан улстөр­чид­тэй холбоо барьж, энэ хэргийн талаарх үнэнийг лав­лах гэж оролдож үзэв үү?
-Үгүй, үгүй . Үнэн, худлыг нь мэдээгүй байж дуулианаар ярьж хөөрөөд яахав. Арай ч хэтрүүлж байгаа байлгүй гэж бодсоор байна. Шүүх л мэднэ шүү дээ.
-“Улаанбаатар таймс” Нийс­лэлийн өмчит үйлд­вэрийн газрын менеж­мен­тийн багийн ахлаг­чаар ажил­лаж байсан, “Улаан­баатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, зохиолч Ж.Са­руулбуян эрүүл мэн­дийн шалтгаанаар эм­нэлэгт хэвтэж байгаа юм байна. Ж.Саруулбуянгийн гэр­гий эмч хүн болохоор нөх­рөө суллахад холбоотой ак­туудыг гаргаж өгч чадна. Харин таны дүүгийн хувьд хүнд байдалд орлоо шүү дээ. Нэр холбогдсон хүмүүсээс ган­цаараа хоригдоод үлд­лээ?
-Ж.Саруулбуянг дээрх хэ­рэгт ямар холбоотойг нарийн мэдэхгүй байна. Ж.Саруулбуян “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч байсны хувьд тэр Д.Сэргэлэн гэдэг хүнтэй анх гэрээ хэлэлцээр хийсэн юмуу даа.  Ер нь Д.Сэргэлэн гэдэг хүн хаанаасаа сэтгүүл зүй рүү ороод ирсэн юм мэдэхгүй. Ж.Са­руулбуянгаа бол би мэдэлгүй яах вэ. Оюутан байхын утга зохиолын дугуйланд хамт явж байсан. Хаана ч тааралдсан яриа хөөрөөтэй. Гэхдээ зөв­хөн уран бүтээлээ л ярьдаг харилцаатай. Гэр орноор нь гарч орж явсангүй, шилтэй юм задлаад цээжээ дэлгэж үзсэнгүй. Хэнтийн Биндэрт нэг удаа зам нийлж үзсэн. Түү­нийгээ би  Монголын гүндүүгүй  эрчүүдийн нэг л гэж өнөөд­рийг хүртэл  бодож байна. Дүүтэй  ч гэсэн мөн тийм л харилцаатай байсан болов уу.  Гэхдээ хүнийг ямар дотор нь орж үзсэн биш дээ. Ер нь ийм үед л хүний мөс  чанар танигдана шүү дээ.
-Өнгөрсөн долоо хоно­гийн пүрэв гарагт, өдөр тутмын зарим хэвлэлд “Улаанбаатар таймс”-ын хувьчлал хүчингүй бол­лоо” гэсэн мэдээг ний­тэлжээ. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хур­лаас гаргасан энэ шийд­вэрийг НИТХ-ын дарга Т.Билэгтийг хаацайлахдаа сан­дарч гаргав уу гэж хар­даж болохоор байна. Та Ерөн­хийлөгчийн Тамгын газарт Т.Билэгттэй хамт ажиллаж байсан шүү дээ?
-Тийм ээ. Бидний дарга байсан. Их л хашир нуруутай хүн дээ. Харин хаа очиж тэр хүн өмч хөрөнгөний зүйлд нэр холбогдож байсныг дуу­лаагүй юм байна. Одоо цагт дарга сайд хийх хэцүү болж дээ. Хэчнээн сайн үйл хий­лээ ч шороотой хутгах амархан юм. Энэ дуулианы үеэр уг өмч хувьчлалыг хүчин­гүй болгосон мэдээлэл гарлаа. Би харсан. Монголын хувьчлал гэдэг чинь тоглоом юмуу хаашаа юм мэдэхгүй. Өнөө­дөр хувьчилж л байдаг, мар­гааш хүчингүй болгож л байдаг. Өнөөдөр эзэн гээд л явж байдаг, маргааш өөр хүн эзэгнэж л байдаг. Өмч хөрөн­гөнд эзэн болох хэцүү болол­той. Над шиг ийм юмтай зууралд­даггүй хүнд  төсөөлөх ч зүйл алга.
-Одоогоор  До.Чулуун­баа­­тарын бие болоод  сэтгэл зүйн хувьд ямархуу бай­дал­тай байна вэ. Та очиж уулзсан уу?
-Би нэг удаа л хагас дутуу уулзсан. Хүмүүс эргэе л гэдэг. Зөвшөөрөл авч чадахгүй байгаа юм шиг байна билээ.  Ярих ч бололцоо муутай юм билээ. Бөөн орилж хашгирсан хүмүүсийн дунд хүний дүрс бараг харагдахгүй сааралтсан цонхны цаанаас 15-хан минут ярилцсан. Хоол ч өгүүлдэггүй юм билээ. Хажуугийн хүнсний дэлгүүрээс жаахан идэх юм авч өгөөд л салсан.
-Уг нь  15 минут их биш ч гэсэн сэтгэлийнх нь үгийг сонсоод авахад болохоор хуга­цаа. Та юуг илүү мэдэрсэн бэ?
-Өчигдөрхөн сайшаалын цагаан мананд нэр цууд гарч явсан хүн ийм болчих гэж бодохоос  нулимсаа арай ядан барьсан.  “Чи чинь юу бол­чихоод байгаа юм бэ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Яг юу болсноо өч. Биеэ эрүүл мэндээ бодоорой ” гэхээс өөр хэлэх үг олдоогүй дээ. “Хийсэн хэрэг байхгүй. Тайван байгаарай. Бясалгалд явж байсан минь ганц хэрэг болж байна” л гэж байна билээ. Би тэндээс гарахдаа дүүгээ хэлмэгдэж байна. Уг хэрэгт ямар ч холбогдолгүй гэдэгт улам ч итгэлтэй болсон. Миний дүү тэр яриад байгаа 500 сая төгрөгөөс нэг төгрөг аваагүй. Ямар ч байсан эрүүгийн  хэрэг хүлээх  ёсгүй юм байна гэдэгт итгэсэн. Харин  иргэний гомдол, иргэний  хэрэг байж магадгүй. Ерөөсөө  цаг нь арай өөр, ардчилал гэж аман дээрээ ярьж байгаа боловч улс төрийн хэргээр  бол 1937 он хаяанд ирчихэж. Сэтгүүлч та нар ч, дүү нар минь ч бол­гоомжлоорой. Аюул хажууд байна шүү.
-Хэрэг тулган хүлээлгэж байна гэсэн үг үү?
-Цаана нь хэн байгаа юм бэ. Түүнийгээ хэл, тэгээд л таны хувьд ямар ч асуудалгүй   гэдэг гэж байгаа. Гучаад онд яг л ингэж асуудаг байсан. Тул­галт гэдэг бол аймшигтай гэс­гээл шүү дээ. Дүү минь угаасаа зовсон ч, жаргасан ч юмаа илэн далангүй ярьдаг­гүй  хүн. Манай дүүд  нэг ду­тагдал байдаг. Тэр нь хүнд “Үгүй” гэж хэлж чаддаггүй. Дэндүү хэнэггүй, цагаан сэт­гэл­тэй. Бараг лам шиг бодь хүн шүү дээ. Баян, ядуу, хөг­шин, залуу хамаагүй, хүнд тус­лахын төлөө төрсөн хүн. Номыг нь хэвлүүлнэ гээд баа­хан өвгөчүүлийн номыг хураа­чихсан байдаг.
Үүгээрээ ёстой өр хурааж явдаг хүн.  Харин алс хэтийг бол сүрхий харна. Бас амар хөдлөхгүй, буурь суурьтай, өөрийн гэсэн бодолтой, түүндээ тууштай байж чаддаг. Хүмүүс ”Домог мэт амьдрал” дурсамж нийтлэлийн номыг нь их магтацгаадаг. Миний хувьд бол тэр юу ч биш. Түүнээс хэдэн арав дахин илүүг хийж чадах авъяас, чадалтай.  Би мэдэлгүй яахав. Их зузаан, жар далаад хэвлэлийн хуудастай “Англи монгол хэлний өвөрмөц хэллэгийн  толийг” хийх гэж бараг л арваад жил нухаж байна. Англи хэл дээр гарсан гадаадын гол гол зохиол  бүтээлээс оновчтой нямбай эшилсэн. Бараг ард нь гарсан гэж ярьж байсан. Со­нинд хамт ажиллахдаа хүний юмыг зөв зүйтэй са­наанд нь хүртэл   найруулан за­сахдаа сайн. Би мундаг редакторуудыг мэднэ, танина. Тэгэхдээ тэр хэмжээнд хүрэх хүн­тэй тааралдаж явсангүй.   Ер нь баримтат уран сайхны бүтээлийн хувьд олон шилдэг бүтээл гарна гэж боддог.
-Та өөрөө сэтгүүлчийн хувьд ингэж хэлмэгдэж байсан удаа бий юү?
-Манай гэр бүл шиг  голом­тоороо хэлмэгдсэн айл бараг байхгүй юм билээ. Оросын хаанаас дутахааргүй хүйс тэмт­рүүлсэн дээ. Олон ч хүүхэдтэй айл байж.  Нэг айлын төрсөн ах дүү зургаан хүнийг хувьсга­лын эсэргүү гээд 1937 онд буудсан. Миний ээжийн аав “ерөнхий” хэмээх Цэдэв тайж гэдэг хүн байжээ. Хэнтэй л бол хэнтэй ярьж хэлцдэг ямар ч өөгүй эрдэм номын сай­хан хүн байсан гэлцдэг. Бидэн шиг л хүн байсан байх.   Түүний аав Мэндбаяр Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны тамгыг баригч тус­лагч ноён хүн байж. Бусад нь дандаа аграмба гавж нар. Жи­рийн хүмүүс эрдмийн ийм цолонд хүрнэ гэж байхгүй. Харин ээж минь жаахан охин байсан учраас гэрийнхээ үнсэн дээр л үлдсэн байдаг. Их ч хөрөнгө малтай  баян айл байж. Зөвхөн соёолонгоос дээш насны морь л гэхэд 70 гаруй байсан гэдэг. Гурван ч байшинтай. Ингээд гурван удаа хөрөнгийг нь хураалгасны эцэст эд хөрөнгөөс дан бүрээс­тэй гэртэй, ганцхан  ган тул­гатай, малаас нэг морь, нэг тором, нэг ямаатай үлдээжээ.
Феодалын  охид гээд адлуулж байхдаа ихээхэн ичиж зовж байснаа хожим ярьдаг байсан. Ядам гэдэг айл малаа аваад манай хаяаг дага даа гэжээ.  Ганц морио хөтлөөд, тором,   ямаагаа туугаад очжээ. “Гэтэл тэр муу ямааг  айлын ямаа мал тал талаас нь омоорон мөргөж хажиглаад түүдэг шиг өнхөрүүлэхийг  хараад мөн ч их ичиж билээ . Бид ч бас яг ингэж мөргүүлж байгаа юм байна даа” гэж бодсон гэдэг. Аав маань ч  бас Со жанжны удамтай. Со засгийн хошуу  гэж Өмнөговьд байжээ. Тэр хүн бас хуулийн дээд хэмжээ авсан. Одоо биеэрээ биш ч оюун санаагаар бол цаазлуулж байгаа улс олон байна.   Миний тухайд сэтгүүлчийн хувьд банга, донгоос нэг их хэтрээгүй ээ. Тэгж сүржигнээд яах вэ.
-Тэр үеийн хэлмэгдүү­лэлт­тэй одоо  юугаар нь адилт­гаж болохоор байна вэ?
-Ямар үйлийн үр  нь хат­гаад тэр сонинд очсон юм мэдэхгүй. Надаас асуугаагүй. Асуух ч шаардлагагүй шүү дээ. Дор дороо бодолтой улс, бие биеийнхээ амьдрал хэрэгт оролцохгүй гэж боддог.   “Улаанбаатар таймс” сонинд очоод нэг балгас болсон бай­шин хүлээж авсан ч юмуу, үгүй ч юмуу мэдэхгүй. Ажилчид нь бичлэгийн шагнал цалингүй,  техник тоног төхөөрөмж ч үгүй. Үйлдвэр гэж юмгүй, нэг байгууллагаас нөгөөд тол­гой  хоргодож явдаг тийм л сонин  байсан.  “Би юун тө­лөө  сэтгүүлч билээ,  хамт олон­тойгоо нийлээд сэргээж ав­на” гэж байсан. Олон улсад бол нийслэлээр нэрлэсэн со­нин­гууд хамгийн том нь бай­даг л даа.  Сонины ажлыг өөд нь татах гэж их мэрийж байгаа нь мэдрэгдэж байсан. Их л аятайхан байр сууцанд, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй, сонины нүүр царай  нь ч өөрчлөгдсөн байсан.
-Та  Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхад бидний эр­хийг хамгаалсан олон ажил хийсэн. Харин энэ мө­чид дүүгийн тань эр­хийг хамгаалахын төлөө Сэт­гүүлчдийн нэгдсэн эв­лэл, хэвлэл мэдээллийн бай­гуул­лагууд хэрхэн анхаарч, дэм­жиж байна вэ?
-Би ярилцлага өгөх хүсэл­гүй байсан. Тэгээд гэмгүй хүнийг гаргачих байлгүй дээ гэж бодсон. Өнөө маргааш гаргах юм байнаа гэж өм­гөөлөгч нар байнга хэлдэг юм. Мэдээлэл ч хомс. Тийм бо­лохоор заавал шуугиулаад байх хэрэггүй гэж үзсэн. Гэтэл торонд санамсаргүй орсон ганц  жижигхэн жараахайгаа тавихгүй санаатай юмуу хаа­шаа юм, мэдэхгүй. Энэ хэдхэн хоногт дүүгээ хэчнээн олон анд нөхөдтэй байсныг мэдэрч байна. Хүний зовлонгоор хоол­лодог махчин загаснуудыг  ч бас харж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага өдөр бүр анхаарч анализ хийж байгаа гэж надад хэлсэн. Мөн л надтай адил итгэлтэй байгаа юм билээ. Би ч тэднийг шахаж шаардахгүй байгаа. Хэрэгцээ тохиолдвол сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж тэмцэх нь тэдний маань ерөөс үүрэг. Дэлхийн нийтлэг жам энэ. Хүний эрхийг дээдэлдэг ард­чилал жинхэнэ утгаараа хөгжсөн оронд хүн алж , хү­рээ талаагүй л бол ямар ч хэрэг хийлээ гэсэн сэтгүүлчээ шо­ронд өгчихдөггүй. Миний хувьд Монголын сэтгүүл зүйд ажиллаагүй салбар байх­гүй. Хөдөө, гадаадад тусгай сур­валжлагчаар ажиллаж бай­лаа. Өдөр тутмын хэд хэ­дэн сониныг эдийн засгийн хувьд маш хэцүү болсон үед нь удирдаж байсан. Ёстой л хүрзийг нь ч, тамгыг нь барьж, нэг тогоонд хамтдаа буцалж явсны хувьд сэтгүүлчийн зов­лон, жаргалыг мэднэ.
Сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байх­даа  сэтгүүлчдийнхээ эрх аш­гийг хамгаалж тэмцдэг байсан. Үзгээ бариад хийх ажлаа хий­чихлээ гэж явж байсан бишгүй  олон сурвалжлагч   “түймэрт” орчихсон, “авраач, туслаач” гэдэг байлаа. Тэгэх ч ёстой. Бид аль болохоор тусалдаг, нэг ч хүнийг цаашаа гэж байсангүй. Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг  ч бий болгож МСНЭ-ийн хоёрдугаар их хурлаар батлуулсан.
-Дараа тантай уулзаж, үйл явдал цаашдаа хэрхэх, юу болж байгааг асууж шал­гааж мэднэ шүү, бид мэдэх эрхтэй. Бид адилхан сэтгүүлч учраас зовлон жаргалыг чинь хамтдаа үүрэхийг хүсч байна. Та  сэтгүүлчийн зов­лон, жаргалыг мэддэгийн ху­виар түрүүчийнх шигээ бүү татгалзаарай гэж хүсье.
-Надад нуух хаах юм алга. Хэрхэхийг харцгаая, баяр­лалаа.


URL:

Сэтгэгдэл бичих