Б.Батсүх: Хотынхоо хөгжлийг дагаад иргэдийн ухамсар өөрчлөгдөж байна

hovd_t2Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Ховд хот орчин үеийн хот болон хөгжиж байгаа юм. Ховд хотын их бүтээн байгуулалтын талаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Батсүхтэй  ярилцлаа.

-Жаргалант суманд урьд  өмнө хийгдээгүй их бүтээн байгуулалтын ажил өрнөж  байна. Нийт хичнээн төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна вэ?
-Жаргалант сум орон нутгийн хөгжлийн сангаас 911 сая төгрөг шийдэгдсэн. 12 баг дээр иргэдийн дунд 3 удаа нээлттэй хэлэлцүүлэг явуулж иргэдийн саналыг эрэмблэн хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө боловсруулан ажлаа эхэлсэн. Энэ жилийн онцлог ажил гэвэл багийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаас  эхэлсэн. 12 багт тус бүр 30 сая төгрөг хуваарилан бүлэг байгуулж иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын ажлаа эхэллээ. Бүтээн байгуулалтын ажил одоогоор 80 хувьтай, графикийн дагуу явагдаж байна. Бүх ажилд тендэр зарласан. Уг ажлаас хөрөнгө оруулалттай холбоотой шалтгаанаар цөөн хэдэн ажил хүлээгдэж байна.
-Ногоон байгууламжийн ажилд хэр мөнгө зарцуулсан бэ?
-Ховд хотын удирдлагууд энэ жилийг “ ЭКО” хот болгох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд “А” зэрэглэлийн бүсийг ногоон байгууламж болгох ажил хийгдсэн. Улсын төсөв болон орон нутгийн хөрөнгөөр нийтдээ 240 сая төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийж байна.
-Ховд хотыг харанхуй  гэж шүүмжилдэг үе байсан. Бидний амьдарч байгаа гэр хорооллын  баг, гудамж хүртэл гэрэлтэй боллоо?
-Тиймээ бид Ховд хотоо гэрэлтэй хот болгож байна. Багт болсон хэлэлцүүлгээр хамгийн их санал авсан ажил нь гэрэлтүүлгийн ажил байсан. Энэ ажлыг Д.Батхуяг захиралтай “Ирмүүн аргамаг” ХХК тендэрт шалгарч сайн үнэлгээтэйгээр улсын комисст хүлээлгэн өглөө. Нийт 250 сая төгрөг шийдэгдэж 238 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийлээ. Мөн Цамбагарав багт хуваарилагдсан 30 сая төгрөгөөс 12 саяар нь гэр хороололд гэрэлтүүлгийн ажил тавилаа. Багууд дээр явагдаж байгаа ажлуудад иргэдийн оролцоо идэвхжиж байна.
-Ховд хот хөгжлөөрөө 1985 оны үед улсдаа тэргүүлж байсан удаатай. Эрдэнэт, Дархан хотын жишигт  хүрэх хэтийн төлөвлөгөө бий юу?  
-Улаанбаатар хотоос алслагдмал учраас хөгжлөөрөө хоцорч яваа нь үнэн. 1990 оноос хойш иргэдийн шилжих хөдөлгөөн ихэсч ирсэн. Цаашид улсдаа жишиг хот болохын төлөө ажиллаж байна. УБ, Дархан, Эрдэнэт хотыг дагаж хөгжих биш өөрийн гэсэн онцлогтой загвар хот болохын төлөө л ажиллаж байна. Ард иргэд минь энэ нутагтаа тав тухтай сайхан орчинд сэтгэл хангалуун амьдарч, өөр аймгуудаас хүмүүс манай аймагт ирж амьдрах боломжийг бүрэн бүрдүүлж ажиллана. Ховд маань Ирээдүйд сайхан хот болно. Тиймээс их хөдөлмөрлөх хэрэгтэй, хүн бүрийн  идэвх санал, санаачилга чухал байна.
-Ховд хотын доторх орон сууцуудын дэргэд тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний замын асуудлыг шийдвэрлэлээ. Харин ашиглалт эзэмшилд иргэдийг яаж зөв төлөвшүүлэх бэ?
-Өмнө нь эдгээр асуудлуудыг энэ жилийнх шиг цогцоор нь шийдвэрлэж байгаагүй. Иргэдийн сонирхолд нийцсэн орчин үеийн интерэр дизайнтай, өнгө үзэмжтэй хийж байгаа болохоор хүмүүс эвдэлж сүйтгэхгүй байгаа. Угаасаа хотынхоо хөгжлийг дагаад иргэдийн ухамсар ч өөр болж байна. Жишээ нь: Баатархайрхан багт жишиг гудам байгууллаа гэхэд л тухайн багийн оршин суугчид өөрсдийн санаачилгаараа хашаа хороогоо будаж янзалж байгаа нь бидний ажилд их тус болдог. Мөн иргэдийн дотроос ногоон бүтээн байгуулалтыг хамгаалах ажилд сайн дураараа ямар нэг цалин хөлс авалгүйгээр орох санал өчнөөн орж ирж байгаа.
-Энэ хавраас хойш бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжиллээ. Хичнээн хүн ажлын байртай болов ?
-Энэ жилийн бүтээн байгуулалтын ажилд ХХК, залуучууд, хувь хүн оролцох саналаа ирүүлж байсан. 200 гаруй хүнийг бүр болон түр ажлын байраар хангалаа. Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч “Эзэнтэй монгол” хөтөлбөрийн хүрээнд  24 хүнийг цалинжуулж ажиллуулж байна.

Ховд аймаг

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих