Иргэн та цагдаадаа итгэдэг үү

Миний эргэн тойронд, ах дүү төрөл саданд цагдаагийн албанд ажилладаг хэн нэгэн байхгүй л дээ. Би жирийн нэгэн төсвийн байгууллагын албан хаагч. Өнөөдөр бид “шинэчлэлийн” гэх уур амьсгалаар хаа сайгүй өрнөх өөрчлөлтийн их салхитай зэрэгцэн алхаж байна.
Өөрчлөлт хийгдэж байна гэдэг бид нийгэмдээ идэвхтэй амьдарч байгаагийн тод жишээ. Гагцхүү өөрчлөлтийн үр дүнг хүлээж авах нь хүн бүрийн хувьд адилгүй. Саяхан хууль зүйн салбарын шинэчлэл, хуулийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн талаарх Х.Тэмүүжин сайдын ярилцлагууд өдөр тутмын хэвлэл, сонинуудаар гарлаа.
Цагдаа, дотоодын цэргийн албанд хийгдэх бүтцийн өөрчлөлтийн талаар сонирхож уншсан юм.
- Дотоодын цэргийг татан буулгах тухай, цагдаагийн удирдлагын эрх мэдэл нь хэтэрхий “данхайсан” тухайг урвуу харсан пирамидаар дүрслэн ярьсан байлаа. Энд иргэн хүнийхээ тухайд санал нийлэхээргүй зүйл ажиглагдсанаа хуваалцаж сууна.
Цагдаа, хүчний байгууллага гэдэг шаталсан удирдлагын системд захирагдаж зангидсан гар шиг нэгэн дуугаар зэрэг хөдлөх тусгай үүргийн субъект. Удирдлага хэчнээн бөх бат, холбирч өөрчлөгдөлгүй үйл ажиллагаагаа жигд явуулах нь тэдний үүргийн биелэлтэд дээд зэргээр нөлөөлөх юм гэж би боддог.
Энэ нүсэр бүтцийг өөрчлөх амаргүй. Өөрчлөлт хийгдэж, цагдаа иргэддээ ойртож хамтарч ажилладаг болсон нь харагдаж байна. Алаг машинтай “сэлгүүцдэг” гэж адлаад байдаг цагдаа нь иргэдийн дуудлагад шуурхай ирж байна, асуудлыг түргэн хугацаанд шийдэж байна.
Цагдаа дуудчихсан, одоо тэд ирэхээр амар тайван болчихноо гэж согтуу нөхөртөө дээрэлхүүлэн уйлж суусан эмэгтэй сэтгэл тайвшрахыг харж байлаа. Энэ нь цагдаагийн албаны ажил сайн явагдаж тэд иргэддээ ойрхон байгааг харуулж буй.
Харин ч цагдаагийн албан хаагчийг улам бүр хүчирхэгжүүлж, тодорхой эрхийг нь бүрэн өгөх эрхтэй гэж боддог. Бүхий л шатны сургалтаар нь жинхэнэ боловсорч гарсан, ёстой л шижигнэсэн залуу офицерууд хэн нэгэн нөлөөтэй нөхөрт буруу үйлдэлд нь шаардлага тавьсныхаа төлөө элдвээр доромжлуулан, эцэст нь өөрийгөө хамгаалж зөрүүлж гар хүрснийхээ төлөө өөрөө хэрэгтний ширээнд сууж байна.
Энэ нь тэд хамгаалах үүргээ хуулийн дагуу биелүүлэхийн тулд наад захын шаардлагаа тавих, хуульд заагдсан арга хэмжээг авах эрх нь боогдмол байгааг харуулж байгаа хэрэг биш гэж үү.
Цэргийг мянган өдөр хооллоод нэг л өдөр ашиглана гэсэн үг бий. Үймээн самуун дэгдэх, гэнэтийн их хүчин шаардлагатай үед цагдаагийн алба хаагчдын хүч дутагдаж, цагдаа халдлагад өртөн өчнөөн олноороо бэртэж гэмтэж байсныг алдарт долдугаар сарын 1-ний хэргээс тодорхой харж байлаа.
Нийгэмд гэмт хэргийн төрөл зүйл ихээр нэмэгдэн гарах боллоо, гэмт хэргийн илрүүлэлт тааруу байна, цагдаа ажиллаж чадахгүй байна, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн асуудал өдрөөс өдөрт буурч байна гэх чих дэлссэн олон мэдээлэл сонсогддог. Ингэхэд бид “цагдаа” гэх албан хаагчаа хэр мэддэг билээ.
Өөрт учирсан золгүй явдал, гэмт хэрэгт өртөх үедээ цагдаад ханддаг ч нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж буй өнөөх л “цагдаад хандаад нэмэргүй, цагдаа олж чадахгүй, цагдаа авилга авдаг” гэх үзэж хараагүй “сохор” ойлголтдоо гүн гүнзгий итгэснээс өргөдөл гомдлоо төгс шийдвэрлүүлэхгүй орхидог.
Гэтэл гэмт хэргийн илрүүлэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, цагдаагийн албан хаагчийн арга техник нарийсч, хууль эрх зүйн байдал нь.сайжирч нэг үгээр хэлбэл Монголын цагдаа хүчирхэг болж ирсээр л байгааг мэддэггүй, мэдэж ойлгохыг ч хүсдэггүй. Бид ижилхэн л хүний нийгэмд амьдарч байна.
Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх явцад хүмүүсийн ухамсрын асуудал тэр бүр харилцан адилгүй. Цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилнө гэхээсээ илүүтэй иргэдийнхээ боловсролд нийгмийн ёс суртахуун, хүний эрх, эрх зүйн мэдлэгийн талаарх мэдлэгийг багаас нь цэцэрлэгийн боловсролоос эхлүүлэн олгох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн ухамсарт түвшнийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой санагддаг.
Анзаарч байхад бид аливаа асуудлаа бүрэн гүйцэд шийдвэрлүүлж, нэг талаар хохирлоо барагдуулж сэтгэл хангалуун үлддэг хэдий ч өөрсдөө жижиг боловч зөрчил гарган (замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл г.м) өнөөх л цагдаатайгаа орооцолдоод ирэхээр төвөгшөөж эхэлдэг.
Юмыг хараар будаж болно, харин түүнийгээ цагаанаар эргүүлэн будах амаргүй. Асуудал гарахаар л цагдааг санадаг, өөрөө асуудалд хамааралтай оролцвол цагдааг буруутгаж төвөгшөөдөг, нэр хүндийг нь унагах түгээмэл сэтгэл зүйд автдаг бүрхэг ойлголт хэзээ арилах вэ.
Цагдаа гэдэг албан хаагч бүр байхгүй юм гээд төсөөлөх гээд үзье. Би Чингисийн цустай гэж омог бардам дүүлэх исгэлэн цустай, цөс ихт Монгол эрчүүд ямар ихээр эрх чөлөөг эдэлж, жинхэнэ анархизмийг үүсгэх бол.
Хүчтэй нь хүчгүйгээ дарлах байдал газар авч “Би” гэх эрхэм дээд үзэлт хэдхэн мөнгөлөг агаад Хүчирхэг эрсийн эзэгнэл үүсэх нь гарцаагүй. Энэ нийгэмд төр байдаг, төрийн хүчирхэг нэгэн илэрхийлэл бол алтан соёмбот тэмдгээ тэргүүндээ залсан төрийн цагдаа юм.
Иймдээ ч улс орон тайван байж, ард иргэд өөрсдийн эрх ашгаа хамгаалуулж, аливаа зөрчилдөө хүртэх ёстой шийтгэлээ хүлээж байдаг. Иргэд эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөө дүүрэн амьдарч байгаа нь бид цагдаагаар хамгаалуулдгийн учир гэж яагаад иргэн бүр ойлгож болохгүй гэж.
Өөрсдийн толгой дээрх өвсийг хараагүй байж хүнийхийг илүүрхэн харах сэтгэлгээний уршиг ердөө л энэ. Гэтэл цагдаа бол жирийн л хүн. Бидэнтэй адил иргэн. Тэдний цаг наргүй их ажлын ард хань ижил нь, үр хүүхэд нь төрүүлж өсгөсөн аав ээж нь нойр хагаслан түгшин хүлээдэг.
Аливаа баяр ёслол, нийгмийг хамарсан томоохон үйл ажиллагаанд бид сэтгэл дүүрэн баярлаж суухад цагдаа харин албаа хашин биднийг хамгаалж суудаг. Харин ч монголын цагдаад өнөөдөр хүчирхэг нийгмийн баталгаа хэрэгтэй гэж би боддог.
Тэдний хувцас хэрэглэл, цалин хангамж, ар гэрийн баталгаат асуудлыг дээд түвшинд шийдвэрлэх хэрэгтэй. Тэгж байж иргэдийн дундах цагдааг буруутгах, гэднийг үгүйсгэх ойлголтыг өөрчилж чадна.
Нийгмийн сэтгэл зүйг үндсээр иь өөрчилж иргэд бид өөрсдөө цагдаадаа итгэдэг, цагдаагаасаа бүрэн дүүрэн хамгаалалт үйлчилгээг авдаг сайн сайхан ирээдүй? хүн бүр эрхээ эдэлдэг шигээ үүрэг адил ухамсарлаи ойлгож хэрэгжүүлдэг байгаасай гэж хүснэ. Монгол цагдаагийн үйл хэрэг улам бүр хүчирхэгжиж, яруу алдар бадартугай.
Ц.Гэрэл
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих