МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хэрхэн ойлголцох бол?

Өчигдөр МАН-ын даргаар Ерөнхий сайд, шадар сайд асан, УИХ-ын дэд дарга М.Энхболд сонгогдож, намынхаа тамгыг гардаж авлаа.
Өнөөдөр тэрээр Ерөнхий Нарийн Бичгийн Дарга тэргүүтэй өөрийн хамтран ажиллах учиртай баг, бүрэлдэхүүнийг санал болгон оруулж, батлуулах учиртай.
Үүний дараа л түүний хүнд хүчир,тулгамдсан үй олон асуудал бүхий ажил дөнгөж эхлэх юм.
МАН ирэх 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тулд Н.Энхбаяр буюу МАХН-тай заавал учраа олох шаардлагатай байгаа.
Хэдийгээр одоохондоо АН-тай хамтран Засгийн эрх барьж буй ч УИХ-ын 2012 оны сонгуулийн үед 25 орчим хувьтай байж байгаад одоо дөнгөж 8 орчим хувьтай болоод буй намынх нь рейтинг ч МАН-тай хүчээ нэгтгэх хэрэгтэйг Н.Энхбаярт ухааруулж буй аж.
Гэхдээ МАН, МАХН хоёр хүчээ нэгтгэх хэрэгтэй гэдэг дээр тус хоёр намын дарга санаа нэгтэй байгаа ч асуудал тийм амар шийдэгдэхгүй юм.
Нэгдсэн нам эсвэл эвслийн нэр, дарга хэн байх вэ?  гэдгээс эхлээд олон шийдэхэд бэрх асуудал бий.
Хамгийн гол нь Н.Энхбаяр, М.Энхболд нарын хувийн харилцааны асуудал үүнд тун чухал.
Н.Энхбаяр 2006 онд М.Энхболдыг МАН-ын дарга, Ерөнхий сайд болгоход тун их дэмжиж, өөрийн хүн болгохыг оролдсон ч цаадах нь өөрийн гэсэн бодолтой, бие даасан томоохон лидер болохоо харуулсан юм.
Иймээс ч “Элсний 13″ гэгч бүлгийг босгож, М.Энхболдыг намын даргаас унагасан билээ.
Ийм л ээдрээтэй харилцаатай хоёр эрхэм өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, нэг үндсээс буй болсон хоёр намын дарга болоод байна.
МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хэрхэн ойлголцох бол?

М.Гал

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих