Хураас шалтгаалсан гэрлэн дохионы “гажиг” нийслэлчүүдийг бухимдуулав

Мягмар гаригийн оройноос орсон бороо шөнөдөө цасаар солигдож, нийслэлчүүдийг нэлээн барьц алдууллаа. Авто замаар хайлмагтсан цас шавхай тарьж, түүн дээр нь машинууд хий эргэх аж.

Зарим машин нь замын түгжрэлд “хашигдан” зогсож байгаад хөдлөхдөө ардаа шавхай цацаж, арын машиныхаа жолоочийн бухимдлыг төрүүлж, хэрүүл үүсгэж харагдана. Мөн хэд, хэдэн газар машин хөдөлгөөнд оролцож байхдаа шүргэлцсэн байлаа. Нэг иймэрхүү бухимдалтай өглөөг нийслэлчүүд өчигдөр угтсан.

Ер нь Улаанбаатарт бороо юм уу, цас орсон тохиолдол бүрт замын түгжрэл үүсдэг бичигдээгүй хууль байдаг. Өчигдөр энэ хууль дээр бас нэгэн зүйл нэрмээс болж байгааг ажиглав. Зарим уулзварын гэрлэн дохио өчигдөр ажилласангүй. Энэ нь замын хөдөлгөөнд саад учруулж, зарим газар түгжрэл үүсэх шалтгаан болж байлаа.

Тодруулбал, гурав, дөрөвдүгээр хорооллоос Зуун айл орох замд нэлээн хэдэн гэрлэн дохио ажилласангүй. Ажил руугаа хүрэх замд богино долгионы радиогоор найман гэрлэн дохио ажиллахгүй байгаа тухай сонсох нь тэр. Хэдэн цагийн үед найман гэрлэн дохио ажиллахгүй байгааг сонирхож, цагаа харвал 8.40 цаг өнгөрч байв. Замын түгжрэлд зогссоор арайхийж нэг юм ажилдаа ирлээ.

Ажилдаа ирснээс хойш ч надаас ажиллахгүй байгаа гэрлэн дохионы асуудал “холдсонгүй”. Манай сонины уншигч залгаж, гэрлэн дохио ажиллахгүй байгаа нь замын хөдөлгөөнд саад болж байна, юунаас болоод ийм байдалд хүрснийг тодруулж өгөхийг хүсэв. Тэрээр дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварын гэрлэн дохио ажиллахгүй байна хэмээгээд энэ замаар хүн машин холилдон явж байна. Үүнийг зохицуулж буй цагдаа ч алга хэмээсэн юм. Ингээд дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварт юу болж байгааг сонирхохоор очлоо.

Энэ уулзварын гэрлэн дохио ажиллахгүй байсан ба жолооч нар эв дүйгээ ололцон өөрсдөө хөдөлгөөн зохицуулж байх юм. Үе, үехэн түгжрэл үүсэх шахах ч хөдөлгөөн гайгүй байсан болохоор ачаалалтай бусад замуудыг бодвол арай л дээр ажээ.

Зарим гэрлэн дохио ажиллахгүй байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн инженер Т.Батболдоос тодрууллаа. Тэрээр “Нийслэлд цас, бороо орсноос үүдээд зарим гэрлэн дохио ажиллахгүй байгаа. Улаанбаатарын зарим гэрлэн дохио арван жилийн өмнө ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэл ямар нэг засвар, шинэчлэлт хийгдээгүй байдаг юм. Тиймээс цахилгааны саатал гарч ажиллахгүй байх тохиолдол бий” гэв.

Харин эдгээр гэрлэн дохио хэзээ ажиллаж эхлэх талаар “Манай инженерүүд ажиллахгүй байгаа гэрлэн дохионуудыг эхнээс нь засварлаад, ажилд оруулаад явж байгаа. Яг хэзээ хэвийн байдалд орохыг хэлж мэдэхгүй байна” хэмээсэн юм. Ямартай ч өчигдөр иргэдийг бухимдуулаад байсан ажиллахгүй байгаа гэрлэн дохионууд цаг агаартай холбоотой байсан бололтой.

Солонгос Улсын Засгийн газраас урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах зорилгоор “Зам тээврийн оновчтой систем” төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Төслийн хүрээнд, нийслэлийн автозамын 46 уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог шинээр суурилуулснаас гадна нийслэлийн томоохон авто замын уулзварууд дээр 26 “CCTV” хөдөлгөөнт камерыг байрлуулсан билээ.

Гэтэл зарим хүн үүнийг “Манайх шиг жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай оронд дулаан орны стандартад нийцсэн гэрлэн дохио суурилуулах нь буруу” хэмээн шүүмжилдэг. Энэ ч бас үнэний ортой байж болох. Дулааны улирал ирж буй энэ үед хэдэн өдөр ч орох хур тунадас биднийг хүлээж байгааг мэдэх аргагүй. Хур орох тоолонд гэрлэн дохио ажиллахгүй бол ч хэцүүдэж мэдэх нь байна шүү.

Ж.Тагтаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.