Хятадын компани Улаанбаатарт метро барих сонирхолтой байна

Хөнгөн галт тэрэг, метро үйлдвэрлэлээр Хятадын номер нэг компани Улаанбаатартай нийтийн тээвэрт хамтран ажиллах сонирхолтой байна.

БНХАУ-ын CSR корпорацийн дэд Ерөнхийлөгч Жанг Жун өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзахдаа энэ тухай ярилцжээ.

Тус корпораци нь өнгөрсөн жил ажлынхаа үзүүлэлтээр улсдаа аман хүзүүдсэн, хөнгөн галт тэрэг, метро үйлдвэрлэлээр дотоодынхоо зах зээлийг бүрэн хангаад зогсохгүй Энэтхэг, Малайз, Австрали зэрэг оронд нийлүүлж, метро тавих ажлыг хамтран гүйцэтгэсэн аж.

Сүүлийн үед Америк, Европын зах зээл ч тэднийхийг сонирхож эхэлсэн гэнэ. Өнгөрсөн жил цагт 486 км хурдлах хурдны галт тэрэг бүтээж туршсан бөгөөд энэ нь 576 км/цагийн хурдтай, дэлхийн хамгийн хурдан галт тэрэгтэй Францын дараа орох амжилт болж чадсан хэмээн Жанг Жунг онцолжээ.

Ж.Амар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих