Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлалаа

Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн тахилгат Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар олон нийтэд зарлан тунхаглахаар шийдвэрлэлээ.

Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголыних эзэнт гүрний сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар, Их хориг гэж нэрлэж байсан түүх ч бий.

Тахилга тайлгын энэ уламжлал 1920-иод оноос улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэсэг зуур тасалдсан ч нутгийн иргэд нууцаар хийж,уламжлалыг алдагдуулалгүй хадгалан авч үлджээ. Улс төр, соёлын хүрээнд шинэчлэл хийгдсэн 1990 оноос тахилга тайлгын уламжлал эргэн сэргэсэн юм.

Өнгөрсөн жилээс Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж байх болсонтой холбогдуулан Монгол Улс, Их хааны түүхтэй салшгүй холбоотой Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхаглах нь монголчууд түүх, соёлоороо бахархах, хайрлан хүндлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэн энэ шийдвэрийг гаргажээ.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих