Хотын даргаа онгорхой траншейнаа таглах ажил тань юу болсон бэ?

Хүмүүсээ алхаж явахдаа болгоомжтой явцгааж байгаарай. Хаа сайгүй онгорхой харагдах траншейны нүх рүү унаж мэднэ шүү!
Уг нь Хотын дарга өнгөрсөн оны 12 сард Шуурхай хуралдаан дээрээ холбогдох албаны хүмүүст нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа траншейныг ойрын хугацаанд бүрэн бүтэн болгож таглахыг үүрэг болгосон. Холбогдох албаныхан ч 14 хоногийн дотор бүх худгийг тагтай болгохоо “амалсан”. Гэтэл нөгөө 14 хоногийн дотор хийнэ гэсэн амлалт хий хоосон амлалт болоод өнгөрлөө.
Хотын даргаа таны өгсөн үүрэг даалгаврыг хүмүүс чинь нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихсан юм бишүү. Хотын гудамжаар онгорхой траншейн алхам бүрт тааралдаж байна. Хотын даргаа та үүрэг болгосон ажлынхаа биелэлтийг одоо нэг шалгах юм биш үү. Эсвэл та траншейнд хүн унаж амиа алдахыг хүлээгээд байна уу?
Гадагшаа гараад гэрийнхээ ойр орчмын траншейны нүхүүдээ ядаж харчихгүй юу. Та ч өглөө ажилдаа явахдаа алхаж үзсэн биш хаана ямар онгойсон нүх байна гэдгийг мэдэх ч үгүй биз. Тэр онгорхой нүх чинь хогийн сав болж үгүй бол хүмүүс унаж бэртэж гэмтэж байна. Цаашлаад хүн унаж амь насаа ч алдаж болзошгүй байдалтай байгаа.
Та нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай дээр “Юун түрүүнд дээрх ажлуудыг бодит ажил болгох тал дээр анхаарцгаая. Одоо бодоод юм уу, суугаад баймааргүй байна” гэж хэлсэн. Тэгвэл энэ үгийг таньд л одоо хэлмээр байна. “Юун түрүүнд үүрэг болгосон ажлынхаа биелэлттэй танилцаад, авах арга хэмжээгээ шуурхай авъя. Онгорхой траншейнуудыг яаралтай тагтай болгоё. Энэ ажлаа шуурхайлъя.
Н.Батаа


URL:

Сэтгэгдэл бичих