Д.Тэрбишдагва: Монголд ардчилал, эрх чөлөө нэрийн дор сахилга бат алдагдсан

11-7-1Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Шадар сайд  Д.Тэрбишдагвыг урилаа.

-Монгол Улсын Шадар сайдын албыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Таны эрхэлсэн салбарт мэргэжлийн онцлог бүхий хамгийн асуудалтай бас эрсдэлтэй  газрууд багтдаг. Өнгөрсөн хугацаанд та ямар зорилт дэвшүүлж,  ажиллаж ирэв?

-Ерөнхий сайдын  орлогч гэдэг талаас нь авч үзвэл Засгийн газрын гишүүн Шадар сайд улс орны бүхий л салбарын өмнө үүрэг хүлээж ажиллах ёстой байдаг. Ер нь аливаа асуудлыг олон өнцгөөс нь харж  өргөн утгаар хандах учиртай. Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар гэсэн зургаан агентлаг багтдаг. Эдгээр агентлагуудын улс орон, нийгмийн  өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага  асар  өндөр юм. Монголд сахилга хариуцлага алдагдсан. Сахилга хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Шадар сайд өөрөөсөө,  дээрх зургаан агентлагууд ажлын албанаасаа эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд бид уриалга гаргасан. Гэтэл бидний тавьж буй зорилго, зорилттой нийлэхгүй байгаа зүйлүүд ч бас байна. Монгол Улс ардчилал, эрх  чөлөө нэрийн дор бүхэлдээ сахилга батын доройтолд орж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг гурван үгийг шүтэж ирсэн.  Үүнийг дагаж өнөөгийн эмх замбараагүй байдлын эх суурь тавигдсан. Уг нь ардчилал гэдэг маш хариуцлагатай нийгмийн тухай ойлголт шүү дээ. Гэтэл энэ утгаар нь ойлгохын оронд юу ч хийж болно гэсэн бодлоор хандаад байдаг.

Эхнээсээ ардчилал,  хүний эрх, эрх чөлөө нэрийн дор юу ч хийж болно гэсэн хандлагыг  төрүүлчихсэн нь бодит үнэн. Үүнийг ардчилал, зах зээлтэй холбохоос илүүтэй нийгмийг бүхэлд нь ийм болгосон тодорхой улс төрч,  улс төрийн хүчнүүд бий. Аливаа зүйл хоёр талтай.

Нэг талыг нь  яривал  учир дутагдалтай. Нөгөө талаасаа гол нь дэг журам, сахилга, хариуцлага чухал. Манайхан  чөлөөтэй ярилцаж чадаж байна, хууль баталж байна харин гаргасан хуулиа ягштал хэрэгжүүлдэггүй. Энэ нөхцөл байдлыг ярьж буй хүн сахилга хариуцлага, манлайллыг өөрөөсөө  эхлүүлэх  ёстой. Товчхондоо миний хариуцдаг зургаан салбар сахилга, хариуцлага, дэг журмыг нэгдүгээрт тавьдаг, ийм л онцлогтой салбарууд даа.

-Эрсдлийг бууруулах, түүнээс сэргийлэх,  хүмүүсээ чадваржуулах, хяналт шалгалтыг иргэдэд чирэгдэлгүй, бухимдалгүй явуулах чиглэлд  ямар бодлого баримталж байна вэ?

-Зургаан агентлаг тус бүрдээ онцлогтой. Жишээ нь, Онцгой байдлын ерөнхий газар гэхэд л өрөөлийг  ч  аварна, өөрсдөө ч эрсдэлгүй ажиллах ёстой. Гэтэл эрсдэл их байгаа тал бий. Хувь хүн, байгууллагын  хариуцлагаас шалтгаалж байшин барилга шатах, хүн хэдэн арваараа эрсдэх аюул цаг минут секундээр тулгардаг. Тиймээс урьдчилан сэргийлсэн, эрсдэл аюулыг иргэддээ ойлгуулсан, техник, тоног төхөөрөмжийн хувьд чадваржсан байх ёстой. Онцгой байдлын ерөнхий газар зорилт дэвшүүлж ажилласнаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд  ажилтнуудынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, чадваржуулах, сургалтад хамруулах тал дээр түлхүү анхаарч ажилласан. Мөнгө бус хүн өөрөө бүхнийг шийдэх учраас хүнийг нь чадваржуулах, ур чадварыг нэмэгдүүлэх талд ихээхэн дэвшил гарсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хувьд   сүүлийн арваад жилд олон яаманд байсан давхардал, хяналтын тогтолцоог  нэг газар бүрдүүлж   ажилласан. Энэ бүтэц нь зөв. Гэтэл тэр бодлогыг хэт төвлөрүүлж, олон дарга ирж буцах бүртээ  удирдлагыг нь халж, сольж, ажиллах явцад алдаа хүнд суртал гарсан. Бүх салбарыг хянадаг, шалгадаг газар болж хувирсан нь  эргээд хариуцлагагүй болчихож байгаа юм. Тиймээс нэрийг нь өөрчилж, Нийтийн хяналтын газар гэдэг юм уу, эсхүл аж ахуйн ажлыг хянах хяналт руу өөрчлөх шаардлага гарч байна. Ажлынх нь  60-80 хувь нь хяналт шалгалт,  араас хөөцөлдөж хянадаг, шалгадаг, торгодог байсан.

Харин өнгөрсөн жил зохион байгуулсан “Ард түмэн Та-Хаан” хэлэлцүүлгээс хойш  бидний зорилгын 70-80 хувь нь соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, урьдчилан сануулах чиглэл рүү хандаж, үлдсэн 20-30 хувьд нь үнэхээр болохгүй байгаа бол шалгадаг болъе” гэж байгаа. Бүх аж ахуй нэгжүүдийг дотор нь эрсдэл өндөртэй, дунд зэргийн эрсдэлтэй, мөн эрсдэлгүй гэж ялгаж салгахаар болсон. Үнэхээр дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл явуулж, тэр нь чанарын шаардлага хангаж  байвал заавал тэнд очиж шалгаж ажилд нь саад учруулах хэрэггүй биздээ. Тийм газарт шалгалтыг хоёр жилд нэг удаа хийх, дунд зэргийн эрсдэлтэй газруудад засч сайжруулах  хугацаатай үүрэг өгч ажиллах, эрсдэлтэй газруудад шалгаж торгохоосоо өмнө анхааруулах, сануулах, зөвлөх хэрэгтэй. Тиймээс Мэргэжлийн хяналтын тухай хуулийг өөрчилж энэ тал руу нь хандуулж байна. Нөгөө талаас, Мэргэжлийн хяналтын  байгууллагын нэрийг өөрчилж ерөнхий, хөндлөнгийн хяналт хийе  гэж байна. Хувь хүн, компани, засаг, захиргааны байгууллагууд бүгд дотроо хяналтын системтэй. Эхлээд дотроо ажиллах, дотоод хяналтаа тавих бололцоог нь өгөх учиртай. Стандартгүй Монгол, стандартгүй Засгийн газар гэж манайд л байлаа. Дэлхийн бүх улс орон стандарттай, харин далайн дээрэмчинд стандарт үйлчилдэггүй гэсэн үг байдаг. Монголд 6200  стандарт дээр бид шалгалт хийдэг байсан.  Түүний 458 нь  ямар ч хэрэгцээгүй байгааг тогтоож өнгөрсөн жил хүчингүй болгосон. Ингээд 1200 гаруй стандартыг шинээр боловсруулж, Монгол Улсын хэмжээнд болон олон улсын хэмжээнд дагаж мөрдөх стандартыг тодорхой болгож өгсөн.

-Өмнө нь  Тендерийн хороо гэж байх үеэс хэл ам дагуулж ирсэн  газар бол одоогийн Худалдан авах ажиллагааны газар. Тэнд ил тод байдлыг хэрхэн хангаж байна?

-Худалдан авах ажиллагаа болоод тендерийн  асуудлаар бид их ярьдаг. Яам агентлаг бүр худалдан авах ажиллагааг өөрсдөө явуулдаг. Бодлого боловсруулах төрийн байгууллагууд нь ийм болчихсон учраас  Худалдан авах ажиллагааны тухай хууль гаргая, хариуцсан мэргэжлийн газар байгуулъя гэсэн. Манай улсад одоогийн байдлаар 2452 худалдан авах ажиллагаа буюу тендер явж байгаагийн  2098 нь орон нутагт явагддаг.  Үлдсэн 700 гаруй нь улсын төсвийн хөрөнгөөр, 331 орчим нь Худалдан авах ажиллагааны газраар хийгдэж байна. Цаашид худалдан авах ажиллагааг  орон нутагт  хийдэг болъё. Сумын төвд өвс тэжээлийн хашаа барихын тулд яаман дээр тендер зарлаж болохгүй. Иймд дотор нь зааглаж, орон нутагт,  яаман дээр нь, улсын хэмжээний тодорхой ажлуудыг Худалдан авах ажиллагааны газраар явуулъя гэсэн бодлого гарсан. Мэргэжлийн шинэ газар байгуулагдсанаар жилийн дотор тодорхой үр дүн дэвшил гарсан. Нэг дороос бүх мэдээллийг авдаг болж, тендерийг цахим хэлбэрээр явуулж,  нээлттэй  ил тод болсон.  Хүнээс хамааралгүй цахим хэлбэрээр худалдан авалт хийж байгаа учраас ямар нэгэн сөрөг  асуудал гарахгүй. Дэвшил байгаа учраас цаашид энэ ажлыг 100 хувь цахимжуулна. Гэхдээ хардалт, сэрдэлт бас байна. Эхлэл нь зөв тавигдсан  учраас аажимдаа зөв  голдрилдоо орно.  Тендрийн үнэлгээний хороонд төрийн байгууллагын ажилтнаас гадна  ТББ, иргэний нийгмийн төлөөллийг   оруулдаг болсон. Мэргэжлийн төрийн бус байгууллагууд нь чиглэл чиглэлдээ мэдээлэл сайтай, тухайлбал барилгын салбарын төрийн бус байгууллага  гэхэд  аль нь сайн мууг мэддэг  байх жишээтэй.

- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар сайн ажиллаж байх шиг. Харин асуудал эрхэлсэн сайдын хувьд та хэрхэн дүгнэх бол?

-Өнөөгийн нийгэмд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ажилладаг газар маш чухал. Ард түмнээ нэгэнт Хаан гэж байгаа учраас  хэрэглэгчээ дээдэлж хүндэтгэн соёлтой харьцах хэрэгтэй. Тэдэнд зөв ойлголт өгч, үйлчлэх, нөгөөтэйгүүр тэдний санал, хүсэлт, зөвлөмжид тулгуурлаж ажиллах хэрэгтэй юм. Тодорхой салбарт монополь байдлаар ажиллаж, үнэ өртгийг дур мэдэж тогтоосон зөрчлийг арилгах чиглэлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар сайн ажиллаж байгаа. Өөр нэг асуудал бол Оюуны өмчийн газар  бүх цаг үед  анхаарал татаж ирсэн. Хөх  толботой Монгол, авьяаслаг, оюуны чадвартай Монгол гэж бид ярьж, бичдэг. Оюуны өмчийн газар “Оюунлаг Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол бүтээгдэхүүний патентыг дэлхийд гаргах, зохиогчийн эрхийг хамгаалах чиглэлд дэвшилтэй ажиллаж байгаа. Хариуцсан зургаан агентлагийнхаа тухай товч хэлэхэд ийм байна. Бүгдийг  нэгбүрчлэн ярих юм бол  түүний ард олон мянган ажилтан, албан хаагч, түүнд хамааралтай олон мянган  ард иргэд, аж ахуйн нэгж байгаа учраас хариуцлагын тогтолцоог сайжруулж, төлсөн татвараараа биднийг цалинжуулж байгаа хаандаа сэтгэлд нь хүртэл үйлчлэх ёстой. Энэ алхмыг бид өнгөрсөн жилээс эхлүүлсэн, энэ жил хоёр дахь удаагаа форум хийж  байна. Ирэх жил мөн зохион байгуулна. Бид хаандаа үйлчилнэ, хаан маань өөрөө ямар сахилгатай, хариуцлагатай байх ёстой  гэдгийг ирэх жилийн форумдаа тусгаж, системтэй, шат дараалалтай ажил хийгдэнэ дээ.

-Энэ удаагийн “Ард түмэн Та-Хаан”  форумд тавьсан  илтгэлээ та    “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэж нэрлэжээ. Яагаад ингэж нэрлэх болов? 

-Дэгийн тухай “гэрээ аятай тухтай дэгтэй байлгаж чаддаг хүн цаашдаа эх нутгаа ч дэгтэй байлгаж чадна” гэж Их эзэн Чингис хааны билэгт сургаальд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Өнөөдөр дэг журамтай, сахилга баттай улс орон дэлхийд олон бий. ХБНГУ гэхэд л дэг журамтайгаараа дэлхийд алдартай. Япон улс дэг журам, сахилга, хариуцлагыг  жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн үлгэр жишээ орон. Тийм ч учраас эдийн засгийн хямрал болон бусад зүйлд  өртсөн ч хялбархан даваад гарчихдаг. Хаана дэгтэй байна тэнд хөгжил  байна. Манай улс дэг журамтай, хариуцлагатай байж чадвал дэлхийд манлайлж чадна. Чингис хааны үед Монгол Улс  хамгийн дэг журамтай,  хүнлэг, хүний мөс чанар сайтай байсан. Их хааны түүхээс үзэхэд андуудынхаа төлөө, дайснаа дайсан гэж үзэлгүй түүний  төлөө ямар их сэтгэл гаргаж байж вэ. Анд сайн нөхдийнхөө төлөө, эх орныхоо төлөө дэг журамтай, сахилга баттай байснаараа дэлхийд манлайлсан байна. Асар их оюуны потенциальтай, дэлхийн хэд хэдэн том эзэнт гүрнийг байгуулахдаа  дэг журамтай, оюунлаг явж ирсэн байгаа юм.  Өнөөгийн бид ч гэсэн   дэгтэй журамтай, цэгцтэй л амьдаръя. Өнөөдөр гудамжаар явж байгаа автомашинуудыг харахад бид ямар амьдарч байгаа нь илхэн. Тэднийг дэгтэй болгоё гэдэг маань дэглэх гэсэн ойлголт биш. Дүрмээ баримталъя, биенээ хүндэтгэж, хүлээцтэй байя, явган хүмүүстээ боломж олгоё гэсэн үг. Энэ удаагийн хэлэлцүүлгээр бид энэ мэт олон асуудалд хариулт өгч, бас олон зүйлийг хүмүүст ойлгуулах  зорилго тавьсан. Ерөнхий  сэдэв нь “Ард түмэн Та-Хаан” гэж байгаа боловч төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар ярьж байна. Бидэнд хөх толботой Монгол хүний бурхнаас заяасан онцлог чанар байна, байгалийн баялаг байна, эргэх  дөрвөн улиралтай сайхан эх орон минь байна. Ийм байхад дэлхийд яагаад манлайлж чадахгүй гэж. Сингапур гэхэд л өнөөдөр загасчны тосгоноос дэг журамтай байснаараа алдаршиж, дэлхийд хөгжлийн хурдаараа манлайлж чадаж байна. Ингээд бодохоор бидэнд бүх боломж байна, харин  дэг журам, сахилга хариуцлага, хуулиа хэрэгжүүлэх  байдал дутагддаг. Хүн болгон дэг журмыг өөрөөсөө, гэр бүлээсээ эхлүүлж чадвал Монгол Улс хөгжинө. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийн биелэл нь тэр. Монгол Улсын Шадар сайд сахилга хариуцлагын гол салбаруудыг удирдаж буйн хувьд, нөгөөтэйгүүр  би өөрөө дэг журам, сахилга хариуцлагын түүчээ нь болж ажиллах ёстой. Ийм  агуулгаар  илтгэлээ “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна”  гэж нэрлэсэн юм.

-Монголчууддаа хандсан Шадар сайдын энэ оюунлаг  илгээмж, эхлүүлж буй  ажил хэрэгжилтийн шатанд чухам  ямар байх бол. Үр дүнг нь  хэрхэн харж байна?

-Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эх орон руу тэмүүлэх хандлага нэмэгдэж байна. Дэлхийн хөгжилтэй оронд өндөр боловсрол эзэмшсэн залуучуудыг зориод ирэхэд нь ажиллаж амьдрах таатай нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь нэн тэргүүний шийдэх ёстой асуудал. Өнөөдөр тэр залуус төрийн албанд  ажиллая гэхээр танил тал эсвэл авлига хээл хахуулийн асуудалтай  тулгардаг нь нууц биш юм. Аль ч улсад очсон хамгийн наад жишээ нь л замын хөдөлгөөнд оролцохоос эхэлж харагддаг л даа. Гэтэл  манайд алхам тутамдаа хүнд суртал. Түүний ард авлига хээл хахууль байгаа нь ойлгомжтой. Танил талынхаа хүчээр ажилд орсон хүн нь ажлаа мэдэхгүй байх жишээтэй. Энэ замбараагүй байдлыг  эмх цэгцэнд оруулах шаардлагатай. Үүнийг Шадар сайдын хувьд ярьж байгаа нь олон хүнийг,   төрийн байгууллагуудыг  бухимдуулж магадгүй. Гэхдээ бодит үнэн нь  байгууллага бүрт хүнд суртал байгаа учраас нөхцөл байдлаа эхнээс нь засч сайжруулахгүй бол болохгүй гэдгийг хэлэх байна. Тухайлбал, үүнийг би өөрөөсөө, хариуцаж байгаа газруудаасаа эхлэхгүй юм бол хэн нэг нь хийх л ёстой. Хийхдээ хийсэн шиг хийх учиртай. “Ард түмэн Та-Хаан” форум гэхэд л нэг жил зохион байгууллаа, одоо боллоо гэвэл тийм биш. Өнгөрсөн жил бид форум хийж нэлээд ажил амжуулсан. Түүндээ  сэтгэл нь  ханаад орхичих юм бол тэр ажил нурна. Тийм учраас эхлүүлсэн ажлаа цаашид системтэйгээр үргэлжүүлнэ.

-Одоо асуултаа жаахан өөрчилж шинэчлэлийн Засгийн газрын тухай асууя. Шадар сайдын хувьд өөрийн ажиллаж буй энэ танхимын ажил, бодлого чиглэлд ямар дүн тавих вэ?

-2012 оны сонгуулийн дүнд  АН дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй учраас аль нэг нам, эвсэлтэй хамтарч ажиллахаас өөр арга байгаагүй. Энэ  утгаараа бидэнд санал тавихад нь хатуухан хэлэлцээр байгуулж засагт хамтарсан. Мэдээж ажил хийж байгаа учраас Засгийн газрын хэмжээнд санал бодлын зөрүү гарна. Гэвч бид ярилцаад асуудлыг хамтран шийдвэрлэж байна. Энэ бол Ардчилсан засагт байх ёстой зарчим. Ер нь Шинэчлэлийн Засгийн газар хэд, хэдэн бодлогод тулгуурлан ажиллаж байна. Би хувьдаа  зам, сургууль, цэцэрлэг гээд барьж бүтээсэн бүхнээ ярихыг чухалчилмааргүй байна. Харин бодлогын хэмжээнд хийсэн даацтай ажлуудаас дурьдая. Тухайлбал,  Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам  байгуулсан нь зөв алхам байлаа. Яагаад гэвэл  сүүлийн 20 гаруй жилд ажилгүйдэл, ядуурал газар авсан. Өмч хувьчлалын буруу бодлогоос болоод үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчилж олон мянган хүн мэргэжилтэй чадварлаг ажилтнууд  ажилгүй болсон. Ялангуяа, инженерүүд, зохион бүтээгчид гэх мэт өндөр мэргэшсэн боловсон хүчнээ гудамжинд гаргаснаас болж  ажилгүйдлээс гадна нарийн мэргэжлийн хомсдолд орсон. Тиймээс Хөдөлмөрийн яамтай болсон нь маш том дэвшил. Энэ яам нэг жилийн дотор багагүй ажил хийсэн. Ажилтай, орлоготой хүн нэмэгдэх тусам улсад татвар төлнө. Татвар  нэмэгдсэнээр улсын төсөв бүрэлдэж энэ нь эргээд нийгэм рүү хандах учиртай.

Шинэчлэлийн Засгийн газрын хоёр  дахь  чухал бодлого нь Эдийн засгийн хөгжлийн яам юм. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг нэгдсэн зургаар нь харахгүйгээр яам бүрт тарсан байдлаар явах нь үр ашиггүй. Мэдээж алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй, бодлогын хүрээнд засч сайжруулах зүйл байгаа.  Шинэчлэлийн Засгийн газарт хийж байгаа өөр онцлог ажил гэвэл шинэчлэлийг өөрөөсөө эхэлье гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна.  Зам дагаж хөгжил ирнэ  гэж бид ярьдаг.

Тэгвэл  аймгуудыг замаар холбох ажил энэ дөрвөн жилдээ багтаад дуусчих байх. Төмөр замын бүтээн байгуулалт бас нэг чухал сэдэв.  Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд хоёр хөрштэйгээ харилцах хөгжлийн талаар  хэд хэдэн санал бий. Хоёр хөршийнхөө дунд авто замын транзит, төмөр замын транзит, хий хоолойн транзит гээд байгалийнхаа баялгийг ухаад суухгүйгээр хоёр хөршийгөө холбох транзит тээврийг бий болгох ёстой. Ингэснээр ажлын байр хэдэн мянгаар нэмэгдэж, ашиг орлого нэмэгдэнэ. Хоёр том улсын дунд байхад зовлон бий. Гэхдээ зөв бодлоготой бол хөгжилд хүрэх боломж бий.

-МАХН-аар сонин юу байна гэж сэтгүүлчид байнга сонирхож байдаг. Танай намын дарга багагүй хугацаанд хоригдоод гарлаа. Таны хувьд хүнд хэцүү үед энэ намыг удирдах шиг боллоо. Журмын нөхөд чинь  таныг намын төлөө гол нуруугаа барьж ажилласан гэж магтах юм билээ. Одоо харин дарга гарлаа гэсэн шиг улс төрд идэвхигүй байна уу даа?

-Шүүмжлэлийг хүлээн авна. Намын дарга маань хэлмэгдчихсэн,  гишүүд маань бухимдалтай, дотооддоо  эмх замбараагүй байдал үүссэн   амаргүй үед намын дэд даргаар ажиллаж ирлээ.   Дээрээс нь УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Түүнчлэн Засгийн газарт хамтарч буй  АН-тай хэрхэн харилцах, эвсэж байгаа МҮАН-тай хэрхэн харилцаж ажиллах, нэг угшил гаралтай МАН-тай хэрхэн хамтарч ажиллах вэ  гээд бодлогын хүрээнд хэд, хэдэн асуудал байлаа.  Өргөн утгаар нь авч үзвэл дэд даргын хувьд бага хугацаанд амарч, урт хугацаанд хөдөлмөрлөх шаардлага гарсан. Намын гишүүдийн уйлах нь уйлж, зарим нь  өлсгөлөн зарлаж, шинэчлэлийн Засгийн газрыг зөв, буруу гэж янз бүрээр хандсан хэцүү үе байлаа. Тэр  үед сайн, муу бүхнийг сонсох ганцхан хүн нь намын  дэд дарга учраас бүхнийг тэвчээртэй сонсож, гомдох эрхгүй гэсэн зорилгыг өөртөө тавьж ажилласан.Намыг хүнд үед удирдаж байгаа хүний хувьд төрийн ноён нурууг харуулах ёстой. Дээр нь УИХ-ын ажил, Засгийн газрын ажил гээд цаг завгүй өдрүүд  байлаа. Энэ бүх амаргүй үеийг давсан. Одоо бол намын дарга  маань  эрх чөлөөтэй болсон. Гишүүдийн маань идэвх сайжирч, сахилга бат, дэг журам нааштай болж байна. УИХ-д суудалтай, Засгийн газарт  хамтарсан нам гэдэг утгаараа ноён нуруутай, бодлоготой  байх ёстой. Бид энэ сарын 24-нд намынхаа Бага чуулганаа хийнэ. Он гараад их чуулганаа хийнэ.

-Улс төрийн томоохон хүчин болох МАН Их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа өөрчиллөө. Тэдний  дотор нэгэн цагт тантай мөр зэрэгцэж нэг зорилгын төлөө зүтгэж  явсан нөхөд бий. Тэгэхээр та МАН-ын шинэчлэлийн гэх тодотголтой Их  хуралд ямар дүгнэлт өгч байгаа вэ?

-Би МАН-ын 27 дугаар Их хуралд илгээлт явуулсан. Илгээлтийг манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг уншиж өгөхөд тэд  алга нижгэнүүлэн ташиж хүлээж авсан  гэнэ лээ.  Ер нь МАН, МАХН хоёр нь угшил гарал нэгтэй нам. МАН-ын гишүүдийн 99 хувь нь миний  анд  нөхөд. Бид үзэл бодол нэгтэй, үүнийгээ хэзээ ч, хаана ч  нуухгүй. Харин үлдсэн нэг хувь нь тодорхой хэсэг бүлэглэл, намын нэрийг хүчээр өөрчилсөн, стандарт бус Засгийн газар байгуулсан олигархижсан нөхдүүд юм. Миний хувьд МАН-ын хуралд үнэлэлт дүгнэлт өгөх нь цаг хугацааны хувьд хараахан болоогүй. 27 дугаар Их хурлын нээлт болон дунд үе тун аятайхан боллоо гэж хөндлөнгөөс харж байсан. Харин хурлын төгсгөл тэр дундаа шийдвэр гаргасан мөч  сэтгэлд хүрээгүйг нуух юун. МАХН улс төрийн  аль ч хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн.  МАХН гэсэн  нэртэй байхдаа Монголын бүтээн байгуулалт, түүх соёл, эрүүл мэнд, боловсрол гээд бүх салбарт маш их зүйлийг хийсэн. 1990-ээд он ардчилсан хувьсгалын дараа МАХН шиг өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн Засгийн эрхийг олон удаа барьсан нам,улс төрийн хүчин байхгүй.  МАХН-ыг орчин үеийн нам болгосон,  социнтерний гишүүн болгож чадсан нь МАХН-ын удирдлагууд тэр дундаа Н.Энхбаярын хүчин зүтгэл багагүй байсан гэдгийг хэлэх ёстой.  Ингэж хэллээ гээд тал засч байгаа юм биш бодит үнэн. Гэтэл ард түмний итгэлийг даасан нам болсон байхад нь  нэрийг өөрчилж, стандарт  бус Засгийн газар байгуулахад нь ард  иргэд МАН-ыг хүлээж аваагүй.

-Бид МАН, МАХН-ын тухай ярилаа. Одоо  МАХН-МҮАН-ын эвсэлтэй хамтарсан  АН-ын тухай яримаар байна. АН шинэчлэл нэрээр түрэмгий бодлого явуулж байна гэсэн  шүүмжлэл ихээхэн өрнөж байна. Таны бодлыг сонсоё?

-Аливаа асуудалд хандахдаа ардчилсан зарчмаар цөөнхийн саналыг хүндэтгэж олонхийн шийдвэрээр асуудлыг шийдвэрлэдэг. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан тэр үеэс эхлэн өнөөг хүртэл гаргасан  шийдвэр бүрт санал нэгдээд явсан уу гэвэл өрөөсгөл. Гэхдээ миний гаргасан санал, шүүмжлэлийг хүлээн авч хүндэтгэлтэй ханддаг. Хамгийн гол нь хүн бүр өөрт оногдсон  ажилд хариуцлагатай сэтгэлээсээ хандах учиртай.

Ч.ОЛДОХ, Д.БОЛОР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.