Б.Баатар: Би сонин юм бодож, сонирхолтой тавилт гаргаж болно. Гэхдээ…

Б.Баатар: Би сонин юм бодож, сонирхолтой тавилт гаргаж болно. Гэхдээ...

-Ингэе залуучууд аа, одоо яаж будсаныг харъя, Ариунболдыг дууд. “Өндөр”-өө наашаа зогс. -Гэрлийнхэн сонсож бай, яг эхний хүнээс авахуулаад нүүрэн дээр нь гэрэл өгөөд дүрдээ тааруулж будаж уу, хэтрүүлж, эсвэл дутуу будаж уу гэдгийг хараадах.

-Дүрээ бодож будсан байна уу, хүмүүст таалагдах гэж будаж уу гэдгийг чинь одоо шалгана, эхнээс нь явуул. Ариунболд протокол хөтөл, хэнийх нь зөв байна, хэнийх нь болохгүй байна гэдгийг. За эхэл.

Найруулагч Б.Баатарыг ингэж үүрэг өгчихөөд эргэх зуурт нь цөөн асуултад хариу авлаа. Улсын Драмын эрдмийн театрын үзвэрийн шинэ жил түүний найруулсан “Кихот ноён” жүжгээр нээлтээ хийх гээд найруулагч ч, уран бүтээлчид ч зав тун багатай байлаа.

-Кихотын сураг хэдэн жилийн өмнөөс гарч байснаа таг чиг болсон?
-Таван жилийн өмнө Пүрэвдагва орчуулаад би найруулж тавих гээд бүр Уран сайхны зөвлөл батлачихсан байсан юм. Гэсэн ч хөрөнгө мөнгө гэх мэт элдэв шалтгаанаас болоод тайзны бүтээл болж чадаагүй. Харин өнөөдөр цаг нь ирж.

-Баатар найруулагчийн Кихот дэлхийн улс орнуудын Кихотуудаас юугаараа ялгаатай болох бол, магадгүй энэ инээдэм байх уу, эмгэнэл байх уу, эсвэл бүр өөр өнцөг барьж байгаа юу?
-Дэлхийн улс орнуудад Кихотоор кино, драм, мюзикл, хүүхэлдэйн кино гээд хийж болох бүх бүтээлийг гаргачихсан. Дэлхийгээр нэг тарчихсан, хийчихсэн, бүтээчихсэн, юмыг Монголд тавьж яах гээд байгаа юм бэ гэхээр Монголын театрын жүжигчдийн уран чадвар, хөгжим, тайз, найруулга гээд бүхлээр нь авч үзэхээр ямар төвшинд байгаа юм бэ гэдгийг харуулах, сорих гэсэн энгийн атлаа том зорилго байгаа юм. Товчхондоо бол уран чадвараа харуулна, сорино гэсэн үг. Зарим хүн сонгодог жүжиг тавина гэдгийг алдарших гэж ойлгоод байдаг.

Энэ бол биш. Хүний огт мэддэггүй хайрын жүжиг тавих нэг өөр хэрэг. Дэлхий мэддэг том бүтээлийг тавих бас их өөр. Уран чадварыг бид үзүүлнэ ээ гэж адгаж адарч хийж байгаа юм. Жишээ нь, олон улсын фестиваль боллоо, Кихотоор уулзлаа гэж бодъё, тэр дунд манайх өөрийн өнгө аястай, онцлогтой Кихоттой зогсож байна гэсэн үг. Ер нь анзаараад байхад манайх эмгэнэл, мелодрам хоёрыг сайн тоглодог. Харин Кихот өөр. Жаргаад байгаа ч юм шиг, эмгэнээд ч байх шиг, инээмээр ч юм шиг алагласан байх жишээтэй. Ийм зүйлийг сонгож авч байгаа учраас хүнийг танихгүй юм руу оруулж байна.

-Сонгодог жүжиг гэдэг аль ч цаг үе, нийгмийн хөрсөнд бууж байдгаараа л агуу гэдэг. Кихотыг өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм, цаг үетэй холбож авч үзвэл…?
-Аль ч улс үндэстэнд нэг мөнхийн сэдэв байдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй, бас хэзээ ч бүтдэггүй атлаа сэтгэл зүрхэнд нь ойрхон тийм сэдэв. Манайд жишээ нь Далан худалчийн үлгэр, шилийн сайн эрсийн тухай домог байна. Гадаадын улс орнууд Мянгуужин, тэнэг Иван гэх мэтээр өөр өөрийн гэсэн Кихоттой байдаг. Сервантесийн Кихот ноён бол амьдралыг өөрчилнө, шинэчилнэ гэж л “тэнэгтэж” байгаа амьтан. Цаг үе, нийгмээсээ түрүүлж харж байна уу, үгүй юү гэдгийг бүү мэд. Гэтэл нийгмийг өөрчилнө гэж түрүүлж дуугарсан хувь хүнд мөнөөх нийгэм нь өөрөө дургүй нь өнөөгийн бидний амьдралд байж л байгаа зүйл.

Жишээ нь, гэр хорооллыг Токиогийн гудамж шиг болгоно гэж хэлсэн Бат-Үүлийг өнөөдөр хүмүүс элдвээр муулж, амьдралаас тасархай юм ярилаа гэж шүүмжилж байна. Гэтэл яагаад тийм байж болдоггүй юм, болгоё гэх юм бол гэр хорооллыг хусаад оронд нь байшин барьчихна шүү дээ. Кихот ноён бол өнөөгийн манай нийгэм дээр буулгахаар Бат-Үүл мөн л байгаа биз дээ. Юмыг өөрчилье, шинэчилье, гоё болгоё гэж зүтгэж буйгаараа адилхан санагдаад байгаа юм. Тийм учраас орчин үетэй холбогдож байгаа биз.

Шинэчилье, өөрчилье гэсэн улс нь нэгээс эхэлдэг. Монголд ийм Кихот шиг, хүн харахад солиотой юм шиг боловч өөрчилж шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс төрөөсэй, олон гараасай. “Хонх”- ын Цогтсайхан, С.Зориг гээд тухайн цаг үедээ Кихот байсан хүн олон. Тэр бүү хэл, хуучин Ардчилсан Германы Эрик Хоннекер хүртэл Кихот ноён. “Коммунизм буй болно, цаг нь болоогүй байсан” гэж хэлсэн байдаг. Миний буруу байсан гэж хэлээгүй, гэхдээ тийм л үзэл бодолдоо үнэнч байсан байна шүү дээ.

-Кихот ноёны дүрд сонгон шалгаруулалт хийсэн үү, эсвэл эхнээсээ л Б.Жаргалсайханыг гээд бодчихсон байв уу?

-Тоглох жүжигчин нь байхгүй бол том жүжиг, сонгодог бүтээл барьж аваад хэрэггүй. Жүжигчин нь төртөл хүлээх ёстой. Жагаа байгаа учраас би энэ жүжгийг тавих гэж яараад байгаа хэрэг. Жагаагаас ур чадвартай жүжигчид бий, бас түүний зэрэгт хүрэхгүй хүн ч бий, энэ театрт. Гэхдээ Жагаа байхгүй бол би энэ жүжгийг тавих ямар ч хэрэггүй, үнэндээ бол. Би сонин сонин юм бодож олж болно, сонирхолтой тавилт гаргаж ирж болно, гэхдээ Жагаа байхгүй бол тэр бүтэхгүй байсан гэсэн үг.

-Таван жилийн өмнө тавихаар төлөвлөж, бүр Уран сайхны зөвлөлөөр хүртэл орж байсан тэр үед ч Кихот ноёнд Жагаа л байсан гэсэн үг үү?
-Тийм ээ, Жаргалсайхан л байсан.

-Санчо Пансод?

-Өмнө нь ч, өнөөдөр ч Амгаланбаатар л байсан.

-Санчо Пансо гэхээр нэг их гэдэстэй, идчихээд өнхрөөд байх хүсэлтэй хүн юм гэсэн сэтгэгдэл “Дон Кихот” романыг анх уншиж байхад төрсөн?
-Ерөөсөө бид личность гэж хувь хүнд их дургүй, нийтээрээ гараа өргөсөн юманд их дуртай. Тэгсэн атлаа нөгөө хувь хүний ярьж байсан зүйл хоёр, цаашлаад дөрөв, сүүлдээ бүр олон хүнийг хамраад ирэхээр нь “Би мэдэж байсан юм аа” гэж туудаг массын төлөөлөл. Бүх хүн шинийг хүсдэг мөртлөө хуучиндаа орох маш дуртай. Зах зээлд шилжихэд хүмүүс хуучин соц нийгэмдээ сайхан амьдарч байсан тухайгаа нийтээрээ ярьж байсантай адил. Санчо бол тэр ард түмний төлөөлөл. Ер нь бол өндөр, нам, ухаантэй тэнэг хоёр нөхрийн тухай Монголын хөрснөө буулгачихсан бүтээлийг монголчууд аль эрт хийчихсэн шүү дээ.

-Та балетыг нь хэлж байна уу?

-Минкусын хөгжмөөр Лхасүрэн найруулагчийн тавьсан балетыг хэлээгүй, харин агуулга нь яг Кихот шиг монгол кино бий шүү дээ. “Зэрэг нэмэхийн өмнө” гэж. Монгол хөрсөн дээр буусан Кихот мөн байгаа биз дээ. Ялгаа нь гэвэл цүдгэр Санчо нь ухаантай, өндөр Кихот нь молхи болчихсон. Мотив сэдэл нь яг л Кихот.

-Театрын удирдлагууд “Харьцангуй богинохон хугацаанд тавьж байна” гэж хэлж байсан?

-Манайхан бригадаар хөдөө тоглолтоор явж ирсний дараа жүжгийн сургуулилалт аравдугаар сарын 5-нд эхэлсэн. Гэхдээ таван жилийн өмнө, энэ жүжгийг орчуулагдахаас эхлээд ярьсан, хөөцөлдсөн, хойшилсон гээд энэ бүх хугацаанд сэтгэхүйн хувьд бэлтгэгдсэн байсан гэж хэлж болно.

Одоо бол гүйцэтгэл ямар байх вэ гэдгээ хийж байна гэсэн үг. Цаг хугацаа шахуу тулгамдуу байна, гэхдээ шоглож хэлбэл, манайхан чинь бүгдээрээ шалгалтын өмнөх өдөр хичээлээ уншдаг биз дээ. Түүнтэй л адил.

-Жүжигчдийн багийн хувьд залуучууд түлхүү оржээ?
-Хүмүүс монодрам гэхээр нэг хүн тоглосон жүжиг гэж ойлгоод байдаг. Гэтэл моно гэдэг маань нэг үзэл бодлыг хэлдэг. Энд Кихотыг тойрсон нэг үзэл бодол үүсч байгаа, гэхдээ олон хүн оролцсон. Залуучуудын хувьд том жүжигт гарах гэж ёстой нэг “махаа зулгаалгаж” байна, гэхдээ үүний цаана энэ жүжгээс үлдэх юм их бий. Жүжиг сайн болно, сайн уран бүтээл төрнө гэдэг тэнд оролцож байгаа юм бүхэн цогцоороо сайн байхыг хэлдэг. Хөгжим дээр нь гэхэд гитараар АНУ-д магистр хамгаалсан Мөнх-Оргил гэдэг залуу, хөдөлгөөн хэмнэл талаас нь бүжигчин Төгсөө ажиллаж байгаа.

-Тайзны шийдлийг харахад их өвөрмөц юм. Зураач Ариунболдын бүтээлд та их сэтгэл хангалуун байгаа бололтой?
-Оросын тайз, дэлгэцийн урлагийн онолч, сэтгэгч, найруулагч В.Э.Мейерхольд гэж том нөхөр бий. Станиславскийтэй нэг үеийнх. Манайхан Станиславскийн системийн талаар сайн мэднэ. В.Э.Мейерхольдын тухайд сайн мэдэхгүй, гэхдээ одоо мэддэг болох гээд байна л даа. Пүрэвдагва номыг нь орчуулсан. Энэ номыг орчуулж байхтай нь зэрэгцээд уншсан хоёрхон хүн нь зураач Ариунболд бид хоёр. Тиймээс “Кихот ноён” жүжгийн тухайд хуучин мэдэх их өөр шийдэл, өөр “ном”-оор явж байгаа. Нөгөө талаар манай Ариунболд Монголд тун цөөхөн болчихоод байгаа тайзны мэргэжлийн зураачдын нэг.

* * *

Найруулагч зураачийнхаа тухай ингэж ярьж байтал гавьяат жүжигчин С.Дамдин орж ирлээ. Том хар цүнх барьсан “Хөх чоно” “Даргаа, нэг юм ярих хэрэг гараад” гэсээр дөхөж ирэв. Тэгээд “Нөгөө киноноос дуудаад, өнөөдрийн сургуулилалтаас чөлөө авах гэсэн юм” гэж учирлаад найруулагчаас зөвшөөрсөн хариулт аваад гарч одлоо.

Зөрөөд зураач Ариунболд “Тайзны дундаас гар гарч ирнэ, түүн дээр Жагаа суусан байна, нөгөө гар нь дээрээс бууж ирнэ” гэж ярьсаар хүрч ирлээ. “Кихот ноён”-ы хөшгөө нээхэд зураач, найруулагч хоёрын яриад байсан гар ямар байх бол…

Хөшиг маргааш нээгдэнэ.

Д.Ариун


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.