Австралид Монгол судлалын хоёрдугаар бага хурал болов

“Монгол судлалын хоёрдугаар бага хурал” 11 дүгээр сарын 4-нд Канберрагийн Австралийн Үндэсний Их сургуульд болов.
Уг бага хуралд Монгол, Австрали, Япон, БНСУ, АНУ, БНХАУ-ын Өвөр Монголын 20 гаруй эрдэмтэд, оролцож, түүх, соёл, олон улсын харилцаа, нийгэм, хэл шинжлэлийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв. Хуралд Монголын түүхчид проф. Ж.Болдбаатар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, судалгааны газрын захирал, Др.Ц.Батбаяр, Шинжлэх ухааны Академийн дэргэдэх Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, түүхч О.Оюунжаргал болон МУИС, МУБИС-ын эрдэмтэн, багш нар, Өвөр Монголын эрдэмтэд оролцов.
Бага хурлыг Австралийн Үндэсний Их Сургуулийн Судалгаа хариуцсан орлогч ректор проф. Ж.Корбетт нээж, проф. Ж.Болдбаатар “Монгол Улсын түүх судлалын өнөөгийн байдал, бэрхшээл” сэдвээр үндсэн илтгэл тавив.
Хуралдаанаар “Монголын нийгэм дэх гадаад соёлын нөлөө”, “Гуравдагч хөршийн бодлого: Түүхэн залгамж чанар ба шинэ бодит байдал”, “Солонгосын хойгийн соёлын солилцоон дахь Монголын үүрэг, нөлөө”, “Чин үеийн Монголын засаг захиргааны бүтэц: Засаг бус хошууны үүсэл” зэрэг илтгэлийг сонсож санал солилцов.
Проф. М.Рост-Рублээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын талаар Монголд хийсэн судалгаандаа үндэслэн илтгэл тавилаа. Мөн тус улсад сурч байгаа монгол оюутнуудын төлөөлөл болж Австралийн Үндэсний их сургуульд магистрын чиглэлээр суралцагч оюутан Ч.Итгэл тавилаа.
Хурлыг Австралийн Үндэсний Их Сургуулийн дэргэдэх Монголын хүрээлэн, тус ЭСЯ-ны дэмжлэгээр зохион байгуулсан юм. Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монголын хүрээлэн нь 2011 онд проф. Л.Нарангуа-гийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан юм.

URL:

Сэтгэгдэл бичих