Инфляц “номхорчээ”

Инфляц “номхорчээ”

Инфляцийн өсөлт олон нийтийн анхаарлын төвд байна.

Олон улсын байгууллагуудаас энэ талаар хийсэн судалгаанууд ч гарах боллоо.

Өнгөрсөн хугацаанд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болоод бусад бодлогын дүнд гол бараа бүтээгдэхүүний үнийг барьсан юм.
Барилгын материал, шатахуун, хүнс гээд инфляцийг “өрддөг” гол барааны үнэ нам дор байгаад ирэхээр бусад улстай харьцуулахад Монголд эдийн засаг эерэг хандлагатай байжээ.

Эдийн засгаа тогтворжуулсан улсуудын жишээг харахад эн тэргүүнд иргэдийнхээ анхдагч хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг шийдэж чадсан байх юм.

Энэ тохиолдолд Монголд орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлсэн нь инфляцид нөлөөлсөн чухал “эм” байжээ.

16-аас есөн хувь хүртэл…

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар өнгөрсөн онд төгрөгийн бяр чадлыг илэрхийлэгч инфляц 14-16 хувь хүртлээ өссөн байна.
Инфляци өсч байсан бол энэ онд нэг оронтой тоонд хүрч бууран, өнгөрсөн есдүгээр сард гэхэд 9.9 хувьд хүрээд байгаа билээ.

Ирэх онд Монголбанк инфляцийг найм, 2015-2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй байхаар зорьж буйн ажиллах юм. Түүнчлэн одоо үйлчилж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлахаа мэдэгдээд байгаа. Ингэснээр төгрөгийн үнэ цэнэ цаашид сайн хэвээр хадгалагдах юм.
Энэ оны мөнгөний бодлогын хувьд ахиц дэвшиц гаргасан, бодлогын цар хүрээгээ даацтай нэмж чадсан нь “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” юм. Энэхүү бодлогоо эдийн засгийн хөрсөн дээр нь буулгахын тулд Засгийн газартай хамтран ажилласан нь үр дүнгээ өгч энэ онд инфляци 15 хувь хүрэх байсныг нэг оронтой тоонд барьж чадсан билээ.

Ингэснээр махны үнийн өсөлт өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.1 дахин буурсан бол гурилын үнэ тогтворжжээ. 2011-2012 онд 190 төгрөг, 310 төгрөгөөр тус тус огцом өсч байсан АИ-92 шатахуун, дизель түлшний үнэ маш тогтвортой байлаа. Бас шатахууны нөөц өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.2 дахин нэмэгджээ. Эдийн засагчид өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн бодлогуудаас найман хувийн хүүтэй орон сууцны зээл иргэдийг хуримтлалтай болоход хамгийн их нөлөөлсөн хэмээн үзэж байна.

Арилжааны банкуудын нийт ипотекийн зээлийн үлдэгдэл өнгөрсөн наймдугаар сарын эцсийн байдлаар нэг их наяд 461.8 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс 616.5 тэрбум төгрөгөөр буюу 72.9 хувиар өсчээ. Сүүлийн гурван сарын хугацаанд буюу найман хувийн хүүтэй энэ зээл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн багц 475.6 тэрбум төгрөг буюу 48.2 хувиар өссөн байна.

Ж.Цогзолмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих