Н.Алтанхуяг: Хэний цалинг, хэдэн хувиар нэмэхийг хэлэхгүй

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн сайдтай хамт сэтгүүлчидтэй уулзав. Тэрээр өмнө нь ээлжит 30 минутын уулзалтдаа Хэвлэлийн албаны даргатайгаа ирдэг байсан бол энэ удаад Эрүүл мэндийн сайдыг дагуулсан нь учиртай байсан болов уу. Өнгөрсөн хэсэг хугацаанд энэ салбарт нэлээд хэл ам болсон. Гэхдээ Ерөнхий сайд цаашид ганцаараа биш танхимынхаа нэг сайд эсвэл агентлагийн дарга нарынхаа нэгэнтэй хамт сэтгүүлчидтэй уулзаж байхаар болжээ. Түүний хамтрагчдын эхнийх нь Н.Удвал сайд юм байна. Хэвлэлийнхний асуулт, сайд нарын хариултыг товчлов.

 

Н.Алтанхуяг:

-Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмэхийг шаардсаар л байна. Та хүлээж авах уу?

-Цалин нэмнэ. Мөнгийг нь төсөвт суулгасан. Гэхдээ хэзээ, хэний цалинг хэдэн хувиар нэмэхийг хэлэхгүй.

 -Хүйт ороод айлууд нүүрс биш хуучин дугуй түлж агаар бохирдуулдаг асуудал байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Хямдхан нүүрс худалдаж байгаа.

-А.Гансүх сайд яамныхаа төсвийг тусад нь оруулж ирнэ гэж хэлээд байнгын хороонд нэлээд асуудал болсон. Та түүнтэй уулзав уу?

-Засгийн газар ганцхан төсөв боловсруулдаг. Нэг яамны төсөв гэж тусад нь дахиад оруулах юм байх даа. Сайдад хуулийн арга хэмжээ авна.

-Оюутны тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоож байхаар хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Тэтгэлгийг хавтгайруулахгүй байх талаар гишүүд нэлээд маргалдлаа?

-Оюутан нэртэй хүн болгонд 70 мянган төгрөг өгдөг буруу. Сайн сурдаг нь ахиу мөнгө авдаг, сурлага муутай нь хоосон үлддэг тогтолцоо хуучин байсан. Гэтэл одоо хэт хавтгайрсан. Үүнийг өөрчлөхөөр ярьж байна.

 

Н.Удвал:

-Эм ханган нийлүүлдэг 200 гаруй байгууллага бий. Тэдгээрийг цэгцэлж байна уу?

-Ажлын хэсэг гараад цэгцлэхээр ажиллаж байна. Эмийн сан ч тоогоо алдсан. Үүнийг ч зохицуулна. Нэн шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулж байна. Мөн шинэ жорын цахим системд шилжүүлнэ.

-Гэмтлийн эмнэлгийн шинэ даргын сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ?

-Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл манай яаман дээр баталгаажаагүй байгаа. Салбар зөвлөлөө баталгаажуулсны дараа томилгоо хийх байх. Бид уржигдар сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд тавьсан.

-Эмнэлгүүдийн барилга ашиглалтад орохгүй удаж байна. Жишээ нь Түлэнхийн төвийн барилга. Энэ талаар яам ямар бодлого барьж байна вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын 47 барилгыг барьж байна. Үүнээс найм нь ашиглалтад орсон, 12 нь энэ онд багтаж ашиглалтад орох ёстой. Он дамжин баригдаж буй барилга олон бий. Түлэнхийн төвийн барилгыг найман тэрбумаар барихаар болсон.

М.ГАН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих