Хоёр толгойтой, нэг биетэй “сиам”-ын ихэр охид амьдрах гэж тэмцэж байна

Биеэрээ холбогдсон “сиам”-ын ихрүүд тавдугаар сарын 5-нд Хятадын Сычуан мужийн Суинин хотын төв эмнэлэгт төрсөн ба эцэг эх нь охидоос төрсөн даруйд нь татгалзсан талаар хэвлэл мэдээллээр цацагдсан билээ. Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор тааруу байгаа бөгөөд амьдрах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

“Сиам”-ын ихрүүд 4,05 килограмм, 51 сантиметрийн өндөртэй төрсөн бөгөөд хоёр толгой, хоёр нурууны яс, хоёр хоол боловсруулах эрхтэн мөн хоёр тусдаа мэдрэлийн систем,бүтэн хагас зүрхтэй ба бусад эрхтэн нь дундаа нэг учраас тэднийг салгах мэс засал хийх ямар ч боломжгүй хэмээн эмч нар мэдэгдэж байна.

Сонирхолтой нь эх нь жирэмсэн байхдаа хоёр ч удаа эход харуулахад жирэмслэлт хэвийн явагдаж байна гэж эмч нь хэлж байжээ. Эмч нар ургийг хажуу талаас нь харснаас хоёр толгой нь харагдаагүй байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Эцэг эх нь хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй байжээ. Учир нь Хятадад хүүхдийн хүйсийг мэдсэнээр үр хөндүүлэх эрсдэл ихсэх магадлалтай тул үүнээс хамгаалж хүйс тодорхойлох нь хуулиар хориглосон байдаг юм.

Хүүхдүүдийг Суинингээс Чонгкинг хотын Зин Киао эмнэлэгт шилжүүлээд байгаа бөгөөд тэдний амь нас “хутганы ирэн дээр” байгаа хэмээн эмч нар хэлжээ. Эцэг эх нь охидоос татгалзсан гэж мэдээлж байсан ч харин энэ мэдээллийн дараа тэд хүүдүүдээ өөрсдөө өсгөхөөр шийдсэн байна.
CNN-ий сурвалжлагч охидын аав Ляо Гуожунруу утсаар яриад байдлыг лавлахад “Ихрүүдийн бие муу байна. Тэд арав гаруй өвчнөөр өвдөж амьд үлдэх боломж тун бага байна” гэжээ.

Тэрээр охидоо өхөөрдөж “Зүүн охин”, “Баруун охин” гэж нэрлэжээ. “Тэд нэгэн зэрэг унтаж, нэгэн зэрэг сэрж, нэгэн зэрэг уйлж, заримдаа гараа хөдөлгөж байгаад гар гараасаа барилцана. Их хөөрхөн” гэж Ляо хэлжээ.

Ляо Суинингд ирэхээс өмнө Гуандон мужид тогооч харин түүний эхнэр даавуун хувцасны үйлдвэрт ажилладаг байжээ. Охидын эмчилгээний зардал тэдний орлогоос хол давсан байна. Гэвч эмнэлгийн удирдлага болон Суинингийн нийгмийн үйлчилгээний байгууллагууд тэдэнд туслахаар шийджээ.

“Эмнэлэг биднээс ердөө төлбөр нэхээгүй. Хятадын өнцөг булан бүрээс эмнэлгийн мэргэжилтнүүд бидэнд туслахаар нисэж ирцгээж байна” гэж Ляо хэлжээ. Тэрээр эхнэртэйгээ охидын бие сайжирна гэдэгт итгэж байгаа гэнэ.

“Сиам”-ын ихэр төрөх нь ховор тохиолдол ч (200 мянган төрөлтөд нэг тохиолддог) тал нь амьдарч чадалгүй хорвоог орхидог гэнэ. Гэвч ийм төрсөн хүүхдүүд энх тунх амьдарч буй жишээ олон бий. Жишээлбэл Эбигейл, Бриттани Хензель хоёр охин, мөн л хоёр толгойтой ихрүүд Америкт амьдарч байгаа бөгөөд тэд одоо 20 настай.

Хоёр толгойтой “сиам”-ын ихрийг дицефаль гэдэг ба тэд гурав, дөрвөн гартай ч байдаг, бүр ховор тохиолдолд трицефалууд буюу гурван толгойтой хүүхэд төрдөг гэнэ.

Хятадад хоёр толгойтой “сиам”-ын ихэр төрсөн тухай манай эриний 179 онд хамгийн анх тэмдэглэгдсэн байна.

С.Халиун

Эх сурвалж: www.cnn.com


URL:

Сэтгэгдэл бичих