Өндөр настай ээж маань маргааш байрнаасаа хөөгдөхдөө тулчихаад байна

Өндөр настай ээж, хоёр хүүхдээ дагуулан өвлийн хүйтэнд гудманд гарахдаа тулаад буй нэгэн эмэгтэйн дүү манай сонинд хандсан юм. Түүнийг Ц.Оюунгэрэл гэдэг бөгөөд хоёр хүүхэдтэй эгч нь ээжийнхээ хамт 2000 онд Шүүхийн шийдвэрээр хураагдсан байр худалдаж авсан нь өдгөө ийм байдалд хүргээд байгаа ажээ. Тодруулбал, тэд одоогоос 12 жилийн өмнө ШШГЕГ-ын хошууч С.Шинэцогттой ярилцаж, тохиролцон 3.4 сая төгрөгөөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр байранд хоёр өрөө худалдан авчээ. Гэтэл өдгөө Д.Баясгалан гэгч эмэгтэй гарч ирэн, байраа суллахыг шаардаад зогсохгүй шүүхийн шийдвэр гаргуулснаар нэг айлын ам бүл байрнаасаа хөөгдөхдөө тулаад байгаа нь энэ аж. Ингээд Ц.Оюунгэрэлээс болсон явдлын талаар тодрууллаа.

-Яаж яваад байрнаасаа хөөгдөхдөө тулчихав. Тухайн үед хураагдсан байр гэдэг утгаараа зах зээлийн үнээс хямд худалдаж авсан юм уу?
-1999 онд манайх Найрамдал зуслангийн баруун аманд мал маллаж байгаад заримыг нь алдчихсан юм. Тэгээд үлдсэн хэдээ зараад гурван сая төгрөг болгож, хотод амьдрахаар ирсэн. Ингээд хүүгийндээ нэг газар байрлаж байгаад байр авах санаатай хайж байх үед нэг танил маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хураагдсан байр байна гээд ШШГЕГ-ын хошууч цолтой С.Шинэцогт гэдэг хүнтэй уулзуулсан юм. Бид түүнтэй уулзаад хураагдсан байрнаас хоёр өрөөг 3.4 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үеийн байрны ханш тийм л байсан, хураагдсан байр гээд зах зээлийн үнээс доогуур авсан зүйл ерөөсөө байхгүй. Харин ч худалдаж авсан байр маань тааз нь нурсан, маш их засвар шаардлагатай байсан. Тиймээс бид тухайн үед сая гаруй төгрөгийн засвар хийж байж орсон. Гэтэл 12 жилийн дараа гэнэт нэг хүн гарч ирээд манайхыг шүүхэд дуудаад, байр чөлөөлж өг гээд биднийг гудамжинд хөөж гаргах гээд байгаа нь энэ.

-Тухайн үедээ гэрээ байгуулж, байрны ордероо аваагүй юм уу?
-С.Шинэцогтоос байр авах үед “Намайг амьд байгаа цагт та нар эндээ байж л байна. Ордер бичиг баримтыг чинь гаргаж өгнө” гэж хэлж байсан. Тэгээд манай дүүгийн паспортыг авч яваад хоёр жилийн дараа бидэнд эргүүлж өгсөн. Ордер ч авчирч өгөөгүй. Надаар байраа заруулсан хүн ордерыг нь өгөхгүй байна гэж хэлээд өөрөө 5-6 жил алга болчихсон.

-Тэгээд одоо байрыг чинь авахаар гомдол гаргаад байгаа хүн ямар учиртай юм бэ?
-Дугарсүрэнгийн Баясгалан гэдэг эмэгтэй байгаа юм. Тэр Баянзүрх дүүргийн шүүхэд ажиллаж байх хугацаандаа Батлан хамгаалах яамны харьяа хувьчлагдаагүй газрын байрыг ШШГЕГ-ын эрх мэдэл бүхий хүмүүсээр дамжуулан худалдсан байгаа юм. Үүнийг нь бид 12 жилийн дараа мэдэж байна шүү дээ. Тухайн үед “Ганц худаг”-ын дарга байсан хурандаа Н.Чойндон, ШШГЕГ-ын хошууч С.Шинэцогт нар үүнийг гэрчилж, мэдүүлгээ ч өгчихсөн. Тухайн үед Д.Баясгалан өөрийнхөө байрыг заруулахаар С.Шинэцогтод түлхүүрээ өгсөн байсныг бид хүлээж авсан юм билээ. Гэхдээ бид байраа С.Шинэцогт гэдэг хүнээс авсан болохоос Д.Баясгалангаас аваагүй. Гэтэл 2011 оны долдугаар сард биднийг Баянзүрх дүүргийн шүүхээс дуудсан л даа. Энэ байрыг худалдаагүй, түрээсэлсэн байсан гэсэн утгатай гомдлыг Д.Баясгалан гаргасан байсан.

-Тэгэхээр Д.Баясгалан гэгч өөрийнхөө байрыг хураагдсан байрны жагсаалтад оруулж зарсан гэсэн үг үү?
-Үгүй. Өөрөө их өртэй байсан юм билээ. Түүндээ хураалгачихсан байсан гэсэн үг. Тэгээд танилаараа дамжуулж заруулчихаад өөрөө хууль мэддэг хүн учраас ордерыг нь бидэнд өгөлгүй аваад үлдчихсэн юм билээ.

-Тэгэхээр байраа зараагүй, түрээсэлсэн гээд эргүүлж авах гээд байгаа хэрэг үү?
-Хууль мэдэхгүй бид ШШГЕГ- ын хошууч С.Шинэцогтын хэлсэн үг бүрт нь итгэж байсан нь л том алдаа боллоо. Тэр Д.Баясгалан гэдэг хүн маш их өрийн дарамтад ороод тухайн үед байраа заруулж өрөө төлсөн юм билээ. Д.Баясгалан нэхэмжлэлдээ “Байр түрээслүүлсний 1.5 сая төгрөгийг С.Шинэцогтоос авсан. Энэ хүмүүсийг байрнаасаа хөөсөн боловч гарахгүй байна, хурдан гаргаж өгнө үү” гэж бичин, шүүхэд хандсан байгаа юм.

-Гэхдээ бичиг баримтгүй байрыг худалдаж авсан нь та нарын буруу юм биш үү?
-С.Шинэцогт манай ээжийн ахтай ажилладаг байсан хүн л дээ. Тэгээд л “Найдвартай, асуудалгүй, та нар энэ байрыг авчих. Би удахгүй бичиг баримтыг нь гаргаад өгнө” гэсээр байгаад авахуулсан юм. Гэхдээ мэдээж тэр хүнд итгээд ордергүй байр худалдаж авсан нь бидний буруу болчихоод байна л даа.

-Ийм асуудал үүссэний дараа С.Шинэцогттой биечлэн уулзсан уу. Юу гэж байх юм?
-Хэдэн жил хайж, цагдаагаар эрэн сурвалжлуулж байж энэ оны арванхоёрдугаар сард түүнийг олсон л доо. Тэгээд ямар ч байсан байр зарсан талаарх бүх зүйлийг үнэн бодитоор нь бичүүлж авсан. Уг нь яг л бодит үнэнийг яриулсан л даа. Гэвч тэр нь шүүхэд нотлох баримт болохгүй байх шиг санагдаад байгаа юм. Үүнээс өөрөөр байраа өөрийнх гэдгийг гэрчлэх ямар ч бичиг баримт бидэнд байхгүй. Д.Баясгалан бол дээд боловсролтой, насаараа хуулийн байгууллагад ажилласан хүн. Байраа түрээсэлсэн гэхэд түрээсийн гэрээ байх ёстой гэдгийг сайн мэднэ. Түүний худлаа гөрдөж байгаа нэгдүгээр баримт нь энэ. Хэрвээ түрээсэлсэн гэрээ байсан бол түүний ингэж гомдол гаргах нь зөв байх. Хоёрдугаарт, энэ арван хэдэн жилийн хугацаанд биднийг байрнаас хөөж байгаагүй. Эсрэгээрээ бид байрны ордероо авах гэж тэр хүнийг арайхийж олж уулзаж, хуульч Ганбаатартай цуг гэрт нь хүртэл очиж байсан. Хэрвээ бидэнд түрээслээд, бид гарахгүй байсан бол бид биш, тэд манайд ирж, хөөж туух байсан биз дээ. Гэтэл тэр хүн “Ордер өгөх цаг нь болоогүй байна” гэж биднийг даапаалж байсан юм шүү. Хуулийн хүн өчнөөн олон жил дуугуй явна гэж юу байхав. Дуртай хуулийн байгууллагадаа хандах эрх түүнд байсан.

-Ордер өгөх цаг нь болоогүй гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Бид Д.Баясгалангийн гэрт очиж уулзахдаа үнэ хөлсөөр нь худалдаж авснаа хэлээд байрныхаа ордерыг авъя гэхэд тэгж байсан юм. Манай байрны ордер Д.Баясгаланд өөрт нь байсан юм билээ л дээ. С.Шинэцогтоор заруулах гэж түлхүүрээ өгөхдөө ордероо аваад үлдчихсэн байгаа юм. Тэгээд өөрөө хууль мэддэг хүн болохоор энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуустал хүлээж байсан байна лээ.

-Та бүхэн өөрсдөө энэ асуудлаараа хууль хяналтын байгууллагад хандаж үзсэн үү?
-Ийм асуудал үүсээд эхлэх үед бид хууль хяналтын байгууллагад хандсан ч хөөн хэлэцэх хугацаа нь дууссан байна гээд хүлээж аваагүй. Гэтэл ингэж биднийг хүлээж авахгүй атлаа Д.Баясгалангийн гомдол бүх юмыг хүлээж аваад шийдвэр гаргаад байгаад л хамаг учир байгаа юм. Ер нь бол шүүх нэг талд үйлчилж байна л гэж бид харж байгаа.

-Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа нь хэдэн жил юм бэ?
-Д.Баясгалан хууль мэдэхгүй биднийг дэндүү хуурсан байгаа биз. Хөөн хэлэлцэх хугацаа нь арван жил байдаг юм байна. Тэр хугацааг нь дуусахыг хүлээж цаг нь болоогүй байна гэж хэлж байсан байгаа юм. Хуулиа судалчихсан, цоорхойг нь яаж ашиглахаа тун сайн төлөвлөсөн, үнэхээр аймаар хүн байж. С.Шинэцогт Баянзүрх дүүргийн шүүх дээр очоод “Энэ хүмүүст байр зуучилж зарсан нь үнэн. Д.Баясгалан намайг гуйсан юм. Бид найз нөхдийн холбоотой байсан” гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл Д.Баясгалан “Би С.Шинэцогтоос мөнгө аваагүй. Тэр хүнийг таних ч үгүй. Байраа түрээслүүлсэн мөнгөө би Ц.Шагдарсүрэн гэж хүнээс авсан” гээд мэдүүлгээсээ буцчихсан. Миний дүүг нас барсныг мэдээд тэр шүү дээ. Ц.Шагдарсүрэн гэдэг нь миний дүү. Тухайн үед байрны ордер шилжүүлж өгнө гэж дүүгийн минь паспортыг авч, хоёр жил гаруй явсан. Харин тэд дүүг маань таних ч үгүй. Тэр үед дүү маань энд байгаагүй л дээ. Харин одоо нас барчихсан юм хөөрхий. Гэтэл Д.Баясгалан нас барсан дүүг минь ашиглаж луйвар хийх гэж байна. Тэгээд бүр болоогүй, мэдүүлэгтээ Ц.Шагдарсүрэнтэй харанхуй бүрэнхийд уулзсан гэсэн байгаа юм. Харанхуйд царай нь харагдахгүй хүнтэй уулзаад, байраа түрээслүүлсэн болж таарах нь л дээ.

-Одоо энэ асуудал ямар шатандаа явна вэ. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргачихсан гэсэн үү?
-Шүүх бол зөвхөн Д.Баяс- галангийн л хүсэлтээр шийдвэр гаргаад байгааг би дээр хэлсэн. Энэ ч утгаараа түүний гаргасан гомдлын дагуу өнгөрөгч наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд хурал болж, Д.Баясгалангийн талд шийдвэрлэчихсэн юм. Тэгээд бид давж заалдсан ч Нийслэлийн шүүх мөн л түүний талд асуудлыг шийдсэн л дээ. Харин Дээд шүүхийн шүүгч нар Д.Баясгаланг буруутгаж, энэ хэргийг дахиад анхан шатанд буцаасан. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсан. Аргагүй ч үгүй биз. Д.Баясгалан насаараа тэр дүүргийн шүүхэд ажилласан хүн юм билээ. Тэрний эсрэг шийдвэр гаргаж чадахгүй болохоороо татгалзсан байх. Ингээд Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээрээ дахиад Д.Баясгалангийн талд асуудлыг шийдчихээд байна. Гэрчийн мэдүүлгүүд шүүгчдэд огтхон ч нөлөө үзүүлээгүй. Хүний урманд уншиж ч үзээгүй байх. Уг нь гэрчийн мэдүүлгийг авч үздэг бол асуудал тэнд л үнэн мөнөөрөө байгаа л даа.

-Тэгээд та бүхэн дараагийн шатны шүүхэд гомдлоо гаргаагүй юм уу?
-Ээж бид хоёр анхан шатны шүүх хурлын дараа шүүхийн шийдвэрийг нь аваад давж заалдах гээд бараг өдөр бүр Баянголын шүүх дээр очиж байсан. Хуулиараа шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор гараад, бид давж заалдах ёстой юм билээ. Гэтэл Баянголын шүүхийнхэн “Танай хэргийн шүүхийн шийдвэр гараагүй байна, гарвал эргээд мэдэгдэнэ” гэж явсаар байж өдий хүрчихсэн. Гэтэл саяхан шийдвэр гарсан байсан. Ингэхдээ аль наймдугаар сарын 6-нд шийдвэрээ гаргасан байгаа юм. Бидний давж заалдах хугацаа аль хэдийн дуусчихсан байхад мэдэгдэж байгаа юм шүү дээ. Бид шийдвэр гарсныг мэдээгүй байсан. Гэтэл танд мэдэгдэх гэж утсаар зөндөө залгасан гэж хэлээд байгаа.

-Та тэр дуудлагыг нь аваагүй өнгөрөөчихсөн юм уу?
-Би шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд утсаа салгах нь байтугай, залгасан хүн бүрт эргэж залгаж байсан. Ийм байхад дуудлага мэдээгүй өнгөрөөх ёсгүй. Баянгол дүүргийн шүүхийнхэнд маш их гомдолтой байна. Шүүгч М.Баясгалангийн туслах Сэрүүнтунгалаг гэдэг хүүхэн бидэнд мэдэгдэх ёстой байсан юм билээ. Түүнээс яагаад шүүхийн шийдвэр гарсныг хэлээгүйг асуух гэтэл “би ажлаасаа гарчихсан” гэсэн. Шинэ туслах нь тэр шийдвэрийг нь бидэнд өгөлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уруу явуулчихсан юм шиг байна лээ. Өнгөрөгч баасан гаригт бидэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байр суллаж өгнө үү гэсэн шаардлага ирэхээр нь л мэдсэн. Баянгол дүүргийн шүүхийнхэн Д.Баясгалангийн талд шийдвэр гаргаж, биднийг давж заалдах боломжгүй болгосон л гэж үзэж байна.

-Одоо тэгээд байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэж байгаа юм байна. Цаашдаа яах бодолтой байна вэ?
-Даралт ихтэй настай ээжийг минь одоо байрнаас нь хөөж гаргахад яг бэлэн болчихоод байна. Маргааш гэхэд хөөх байх. Шүүх үнэхээр Д.Баясгалан гэж хүнд үйлчилж байна. Ядахдаа бидний тухайн үед байр худалдаж авсан 3.4 сая төгрөгийг одоогийн ханшаар бодож өгөх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр гомдолтой байна. Бид энэ мөнгөө авъя гэж сөрөг гомдол гаргасан ч бас л хэрэгсэхгүй болгосон. Энэ байранд эгч хоёр хүүхэдтэйгээ, ээжтэй маань дөрвүүлээ амьдардаг. Гэтэл өрх толгойлсон эмэгтэй, тэтгэврийн эмгэнийг сохор зоос ч үгүй гудамжинд хөөж гаргаж байгаа нь хүнлэг ардчилсан нийгэмд арай л хүн чанаргүй асуудал юм даа. Одоо ямар ч байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон тойргоосоо сонгогдсон гишүүдэд хандаж үзнэ дээ. Бидний асуудлыг эерэгээр шийдэж өгнө гэдэгт итгэж, найдахаас өөр арга алга даа.

М.ӨНӨРЖАРГАЛ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.