Алексей Баталов: Амьдрал нулимсанд дургүй киноноос эротик хэсгүүдийг нь хасч гаргасан

Алексей Баталов: Амьдрал нулимсанд дургүй киноноос эротик хэсгүүдийг нь хасч гаргасан

Орос-Зөвлөлтийн кино урлагийн амьд домгуудын нэг Алексей Баталовтой уншигч та бүхнийгээ уулзуулж байна.

Энэ жил 85 нас шүргэж яваа тэрбээр “7 өдөр” сэтгүүлийн сурвалжлагч Анжелика Пахомовад дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Сонины зай талбайгаас болоод ярилцлагыг бүтнээр нь оруулж чадаагүйдээ хүлцэл өчье.

-Алексей Владимирович, та “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гошад тоглож байхдаа агуу бүтээл, үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүр болно гэдгийг нь мэдэж байсан уу?
-Юу ч мэдээгүй. Зураг авалтын үеэр намайг “үнэхээр мундаг тоглож байна” гэж орилж хашхирах ч юм уу баярлаж, бахархсан зүйлгүй болохоор арга ч үгүй юм. Гоша үзэгчдийн сэтгэлд илүү ойр байдгийн шалтгаан бол эмэгтэй үзэгчдийн ихэд таашаадаг тэрхүү “аз жаргалтай төгсгөл”-ийг оруулж өгсөн кино зохиол нь өөрөө юм болов уу.

Дашрамд дурьдахад, би энэ кинонд анхнаасаа тоглох бодолгүй байсан юм шүү дээ. 70-аад он бол би жүжигчний карьераа дуусгахаар шийдээд байсан үе. Улс төрд орох бодолтой байсан юм. Намын байгууллагад нарийн бичгийн даргаар ажиллах санал ирсэн болохоор Кино урлагийн их сургуулийн ажлаа ч ерөнхийдөө болих тийшээ хандаж байв. Тийм болохоор В.Меньшовыг анх утасдахад татгалзсан. Гэвч мань хүн цөхрөлтгүй хөөцөлдсөөр, натурт олон хоногоор гарахгүй , сургуулийн захиргаанаас бүх зөвшөөрлийг авчихна хэмээн ятгасаар байсан юм.

Мөн Гошагийн дүр бол миний өмнө нь тоглож байсан “Нэг жилийн есөн өдөр” киноны эрдэмтэн Герасимов, “Өнөр гэр бүл” киноны Алексей нарын аль, алиных нь шинж чанарыг агуулсан “алтан гартай” ажилчны дүр гэж хэлж билээ. Түүний хичээл зүтгэл үр дүнд хүрч би зөвшөөрсөн. Тухайн үед энэ кино миний жүжигчний амьдралд ямар итгэмээргүй том эргэлт гаргахыг мэдээгүй.

-Александрагийн найз хөвгүүнийг өмөөрч гудамжны танхай залуустай зодолддог хэсэгт би их дуртай. Байдал бишдэж байхад Гоша гэнэт гарч ирдэг тэр хэсэг…
-Тэр зураг авалтын үеэр хоёр ч удаа маш хүчтэй цохиулж билээ. Меньшов зураг авалтад туслуулахаар урьд өмнө нь нэг ч удаа кинонд тоглож байгаагүй, цохилтын хүчээ бууруулахыг мэддэггүй мэргэжлийн самбочдыг авчирсан байлаа. Тэр үеийн жүжигчид орлон тоглогч авалгүй бүхнийг өөрсдөө хийхийг хичээдэг байсан болохоор би ч гэсэн чанартай бүтээл гаргахын тулд сайн дураараа хохирогч болоход бэлэн байв.

Үр дүн ч үнэхээр та бүхний үзсэнээс илүү сайн болсон юм шүү. Даанч дэндүү их хасч танасан. /В.Меньшов 2007 онд өгсөн нэгэн ярилцлагадаа энэ талаар “Гурван цаг орчим л гардаг бүтээлээс 40 гаруй минутыг хасч танана гэдэг аймшигтай хэрэг” хэмээн өгүүлж байжээ/. Тухайлбал киноны гол баатар маань Олег Табаковтой амрагладаг хэсэг байна. Бас Николай Гоша дээр ирж ярилцдаг хэсгийг хассан. Николайг орж ирэхэд Гоша нүцгэн, нэлээд архичин шинжиндээ орчихсон сууж байдаг юм л даа. Иймэрхүү үйл явдлыг харуулах нь Зөвлөлт орны нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж үзсэн юм.

Барууны үзэгчид Зөвлөлтийн хүмүүс бүгдээрээ тийм гэж төсөөлнө гэж айсан хэрэг биз. Гэхдээ тэгтлээ хассан ч гэсэн кино итгэмээргүй амжилт гаргаж чадсан л юм даа. Алдар нэр ард түмний талархлыг хүлээсэн бүтээл болсны ихэнх гавьяа нь В.Меньшовт оногдох учиртай. Тэрбээр тухайн үед ихэд түгээмэл байсан танк, эх орны дайн, байлдаангүй дандаа аж байдлын кино хийж нэрд гарсан нь үнэхээр гайхалтай. Би тэр үеэс хойш одоо болтол түүний шүтэн бишрэгч болсон. -

Та хамгийн анхны кинондоо хэрхэн тоглож байснаа санадаг уу?

-Дунд сургуульд байхад манай ангийнхан бүгд Зоя Космодемьянскаягийн тухай киноны олны хэсэгт тоглож байлаа. Бид түүний ангийн хүүхдүүд болж гардаг юм. Надад хэдхэн үг хэлдэг маш жижиг дүр ногдсон ч тоглоход их хэцүү байсан. Дараа нь ээж аавдаа зэмлүүлээд кинонд тоглохоос өмнө сайн суралцах ёстой юм байна гэдгийг ойлгож билээ.

- Та багадаа авьяастай хүмүүсийн дунд, урлагт их ойр өссөн гэж сонссон юм байна. Анна Ахматоватай ч танил байсан гэдэг?
-Намайг таван настай байхад манайх Нащокинскийн зохиолчдын байранд нүүж очсон юм. Тэгэхэд утга зохиолын луухгарууд болох Мандельштам, Ильф, Светлов, Олеша нар манай хөршүүд байсан. Зочдын өрөөний гол хэсэгт хүндэт зочдод зориулсан том буйдан байрлуулчихсан, тэнд нь зохиолчид голдуу сууж байдаг сан. Хүүхдүүд бид бол тийшээ ойртох ч эрхгүй. Анна Ахматова нүүж ирснээсээ хойш энэ буйдангийн гол эзэн нь болсон. Кофе уугаад л, хүмүүстэй ярилцаад л. Тэр их өвөрмөц хүн байсан. Чёлктой, дээр үеийн бошинз өмсөнө. Удаан хөдөлгөөнтэй.

Түүний талаар сайн мэдэхгүй ч ямар ч байсан Ленинградаас ирсэн гэдгийг нь санаад байдаг юм. Дайнаас өмнө ээж Анна хоёр намайг тийш нь авч явж байлаа. Тэр буцаж ирээд бидэнтэй байнга л ойр амьдарсандаа, хөөрхий. Эхлээд зохиолчдын байранд, дараа нь хожим миний аав болсон зохиолч Виктор Ардовын амьдарч байсан байранд нүүж очсон.

Ээжийн минь гар дээр бурхан болсон юм шүү дээ. Өглөөний цайны дараа ээжтэй минь хамт юм ярьж сууж байгаад “түр явчихаад ирье” гээд маш тайван босч угаалгынхаа өрөө рүү орсон гэдэг. Ирэхгүй болохоор нь хойноос нь ортол шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэсэн. Түргэнийхэн ирээд инфакт болсон гэж оношилсон байдаг.

Х.Сайхан

http://stat.gogo.mn/news/2012/10/31/mongoliinmedee1031.jpg


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.