Хороо нэртэй мөнгө угаадаг газруудыг шалгая

20googleНийслэл ирэх оны төсвөө хэрхэн бүрдүүлж, яаж үр ашигтай зарцуулах талаар дээр, доргүй ярилцаж эхэлсэн. Чухал энэ дагт хороодын Засаг дарга нарын зарцуулж байгаа төсөв, дарга нарынх нь үйлдэлд анхаарлаа хандуулах цаг болжээ.

Жишээлбэл, Баянзүрх дүүргийн долдугаар хорооны барилгыг 2006 онд барьжээ. Тэр цагаас эхлэн зүүн бөөрөнд нь “Эдкс” хэмээн хаягтай хими цэвэрлэгээний газар наалдан сэм тэднийхээс дулааны шугам татаж, гарах төлбөрөө энэ оны эхэн хүртэл хорооныхтой нэгтгэж ирсэн гэдэг.

Үүнийг мэдэлгүй “Өмнө нь долдугаар хорооны дулаан болон ашиглалтын зардлыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас шууд төлдөг байсныг одоо зогсоосон. Энэ хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн” гэж Засаг дарга Д. Пүрэвдаваа хэлнэ лээ.

2013 оны нэгдүгээр сард долдугаар хорооны Засаг даргаар Ч.Дүүриймаа ажиллахаар ирж энэ бусармаг байдлыг илчилсэн гэж байв. Долдугаар хорооны барилга баригдсанаас хойш Засаг даргаар нь н.Түмэннаст, н.Байгалмаа, н.Мядагмаа нар ажиллаж байх үед ийм завхрал гарсан бололтой. Хар ухаанаар бодсон ч орон сууцны айл хөршийнхөө дулааны төлбөрийг долоон жил хэл амгүй даана гэж байхгүй биз дээ.

Өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийг хасаад долдугаар хороо хоёр өрөөтэй, усны хоёр цорготой хэрнээ орон сууцны конторт 4-5 сая төгрөгийн өр хуримтлагдсанаар хэрэг манджээ. Энэ мэтээр улсын төсвийн мөнгө ямар нэг бизнесийн байгууллагын дулааны зардлыг төлдөг байж таарахгүй.

Яг л цоорхой халаас шиг төсвийн мөнгийг долоон жил шахам хувийн байгууллагын халаалтын зардалд урсгасан байгаа юм. Тиймээс цаашид хороо нэртэй төсвийн мөнгийг “угаадаг” газруудыг шалгаж хараандаа авбал хэчнээн төгрөг хэмнэхийг хотын дарга та бид таашгүй.

Д.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих