О.Насанбурмаа: Олимпод зодоглох нь миний чин хүсэл

Монгол Улсын чөлөөтийн эмэгтэй бөхчүүдийг дэлхий мэднэ. Олимп, дэлхийн аварга, олон улсын дэвжээн дээр тэдний алдар дуурсагдаж, медалийн тавцанд гарахад нь гаднын дасгалжуулагчид нүд унагадаг юм.
Ингэж л эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа тэдний төлөөлөл болсон Монгол Улсын гавъяат тамирчин Очирбатын Насанбурмааг ярицлагын зочноор урилаа. Гавъяат маань чансаагаараа жиндээ манлайлж саяхан дэлхийн шилдэг тамирчдын оролцдог тэмцээнд уригдсан юм.
Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбоо түүний мэдүүлгийг хугацаанаас нь хоцроосон учраас тэрбээр тэмцээндээ оролцож чадаагүй. Энэ нь ч гавьяатыг дэмждэг олон хүнийг бухимдуулж багагүй хугацаанд олны ярианы сэдэв болсон билээ.
-Гадаадын тэмцээнд тасралтгүй явдаг болохоор тантай уулзах амаргүй юм аа. Энэ олон жил зодоглох хугацаандаа санаанаас гарамгүй барилдаан хийж байв уу?
-2005 онд болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаж учраа бүхнээ түвэггүй ялсан. Тэр үеийн барилдаанууд л санаанаас гардаггүй юм. Т.Сүхбаатар багш маань надаар их бахархаж билээ.
-Ер нь олон улсын тэмцээнүүдээс медаль аваагүй буцсан нь цөөхөн байх?
-Бараг оролцсон тэмцээн бүрээсээ медаль зүүсэн. Өсвөрийн болон залуучуудын Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Өсвөрийнхөөс хошой алтан медаль зүүсэн. Бас залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй. Насанд хүрэгчдийн Азийн аварга боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа хүрэл медаль хүртсэн.
Мөн нас насанд улсын аваргаар арав гаруй удаа шалгарсан даа. Гэхдээ энэ бүх амжилт ганцхан надаас шалтгаалаагүй. Намайг үргэлж дэмжиж байсан гэр бүлийнхэн болон багш дасгалжуулагчид, шигшээ багийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хүч” спорт клубийнхны минь хамтын гавьяа юм.
-Таныг анх спортын өөр төрлөөр хичээллэж байсан гэдэг юм билээ. Тэр талаар сонирхуулаач?
-Анх хүндийн өргөлтөөр хичээллэж байсан юм. Тэгээд удалгүй чөлөөт бөх рүү урвасан. Улмаар “Замчин” нийгэмлэгт одоогийн багш Т.Сүхбаатар, спортын мастер Дамбарагчаа нарын удирдлага дор чөлөөтийн секцэнд орсон. Хамгийн гол нь миний эгч О.Мягмарсүрэн улсын шигшээгийн тамирчин байсан.
Эгчийгээ тэмцээнд ороод медаль аваад ирэхэд баярлаж би ч гэсэн бөх болохсон гэх атаархал төрдөг байж дээ. Дээрээс нь манай гэр бүлийнхэн спортод их элэгтэй нь нөлөөлсөн. Би чинь гурван ах, гурван эгчтэй айлын отгон хүүхэд шүү дээ.
-Тэгвэл эгчээсээ их зүйл сурсан юм байна?
-Бүх зүйлийг эхнээс нь зааж өгсөн. Гэхдээ ганцхан тамирчин хүнийг бэлтгээгүй, хүн шиг хүн болохын ухааныг давхар ухааруулсан ачтай хүн дээ. Бөх болно гэдэг хүнтэй мэндлэх, хүндлэх ёс юм шүү гэж эгч минь хэлдэг. Тэр бүхнийг нь дагаж дууриаж явснаар би өдий зэрэгтэй тамирчин болсон. Тэгж л спортын сайхныг мэдэрч явна.
-Одоо чөлөөтөөс өөр спорт сонирхдог уу?
-Сагс, хөлбөмбөг, ширээний теннисээр зав гарвал тоглохыг хичээдэг. Бас усан бассейнд хааяа явдаг Би чинь Биокомбинатад Туул голын эрэгт тоглож өссөн болохоор усан спортод их дуртай юм шүү дээ.
-Чөлөөт цаг л гарвал ихэвчлэн спортоор хичээллэдэг юм шиг болчихлоо. Өөр зүйл хийдэггүй, юм уу?
-Би бас ном их уншдаг. Сүүлийн үед улам их унших болсон. Номын амтанд ороод тэр биз. Мөн хөргөгчний наалт цуглуулдаг. Мөн очсон улс орноосоо янз бүрийн бэлэг дурсгалын зүйл авч цуглуулдаг.
-Тамирчид дэвжээнд гарахын өмнө өөрсдийн гэсэн заншсан зүйлтэй байдаг. Таны хувьд… ?
-Би айхавтар шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ дэвжээнд гарахдаа аав, ээж, Сонгинохайрхан уулаа боддог Мөн дэвжээнд гарахдаа эх орноо л гэдэг юм.
-Таны хүсч мөрөөддөг чин хүслээр яриагаа өндөрлөе.
-Олимпод зодоглохсон гэсэн ганцхан чин хүсэл бий. Тиймээс 2016 оны олимпийг хүлээж байна. Гэхдээ түүнээс өмнө олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд амжилттай оролцох хэрэгтэй.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.