Газар булааж гаршсан “MCS”

“MCS”-т монголчууд таатай ханддаг. Үндэсний хэмжээний томоохон компани, хөл дээр нь босгосон эзэд нь монгол хүмүүс, эх орондоо чамгүй их хөрөнгө оруулалт хийсэн, шилдэг татвар төлөгч бас ажил олгогч гээд энэ компанийг тойрсон таатай мэдээлэл зөндөө байдаг болохоор “MCS” гэх нэрийг сонссон монголчуудын олонхи нь эерэг сэтгэлтэй байдаг юм. Харамсалтай нь, сүүлийн үед “MCS” гэх компанийг босгож чадсан түүхээ, монголчуудын сэтгэлд гоёор дүрслэгдсэн энэ нэрээ эзэд нь таагүй мэдээллээр арчихаар сэтгэл шулуудсан бололтой. Энэ нь тус компани олон хүний хувийн өмчийг, олон айлын хувь заяаг үл тоон хотын төвд авсан газар дээрээ өндөр барилга сүндэрлүүлэхээр улайрч буйтай холбоотой бөгөөд ард түмэн тус группийн захирал Ж.Оджаргалаас “Та зөвшөөрлийг нь аваагүй байж яах гэж байшин бариад байгаа юм. Олон хүний орон гэрийг яагаад нураагаад байгаа юм бэ?” хэмээн хэвлэлээр дамжуулан асуухаас аргагүйд хүргэж байна.

 

Үнэндээ бол нийслэлд, бүр хотын төвд “MCS”-ээр овоглодог олон барилга бий. Тэнгэр багандсан сүрлэг бас тансаг орд харш нь Улаанбаатарт өнгө нэмж буй нь ч үнэн. Уг нь хотын “А” зэрэглэлийн бүст газар авна гэдэг амаргүй, тэр тусмаа жирийн иргэд бас танил тал муутай компанийн захирлуудад бол энэ нь бүр ч боломжгүй. Харин “MCS”-т ийм зовлон үгүй. Зорьсон үедээ, ямар ч өндөр үнээр хүссэн хэмжээнийхээ газрыг авч чаддаг гэх. Үүнийг батлах ганцхан жишээ нь хамгийн сүүлд дэгдээд буй дуулиан буюу тус компанийнхан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас ард түмний бэлэг болгон барьж өгсөн орон сууцыг газартай нь үнэ хүргэн авсан явдал. Харамсалтай нь Ерөнхийлөгч асны “буянаар” өнөөдөр 20 гаруй айл яахаа мэдэхгүй, өндөр үнээр авсан орон сууц нь хэзээ ч нурж мэдэхээр болчихоод буй. “MCS”- ийн өндөр барилга босоход нар харах эрх чөлөөний тухай бодоод ч хэрэггүй болсон уг есдүгээр байрныхан энэ тухайгаа дуулгаж, хаана хандахаа мэдэхгүй хэцүүхэн байдалд байна.

 

Хэрэв уншигчид санаж буй бол хэдхэн хоногийн өмнө тус компанийнхан нэгэн асуудал дэгдээсэн нь олон улсын зэрэглэлтэй 25 давхар үйлчилгээний барилга барих нэрээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн гудамж буюу Хуримын ордны хажууд барилгын ажил эхлүүлсэн билээ. Энэ нь дээр дурдсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөс авсан газар юм. Харамсалтай нь “MCS пропертиз холдинг”-ийн захиалгаар барьж буй гэх 25 давхар барилгын суурь цутгалтын ажил анхнаасаа хууль бусаар эхэлсэн бөгөөд тэр хавийн оршин суугчид үүнийг эсэргүүцсэн ч эгээ л худаг руу хашгирсантай адил болоод үлдэж буйгаа уламжилж байна. Оршин суугчдын өгсөн мэдээллээр “MCS пропертиз холдинг” компанийнхан барилга барих зураг төслөө холбогдох газруудаар батлуулаагүй, барилгын зөвшөөрөл аваагүй байсан атлаа “MCS” гэх нэрэндээ найдсан уу яасан хууль бусаар барилгын ажил эхлүүлснээс болж Хуримын ордны хажууд буюу есдүгээр байрны оршин суугчид болох 20 гаруй айл хана нь цуурсан хэзээ нурах нь мэдэхгүй байранд айдас дүүрэн амьдарч буй ажээ.

 

Иймээс тус байрны оршин суугчид хохирлоо барагдуулахаар нэгдэж, тус компанийн удирдлагуудыг шүүхэд өгөхөөр болсон байна. Ингэхдээ өөрсдийн эрх нь зөрчигдсөн, барилгын үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулсан, цаашид барилгын ажлыг үргэлжүүлэхгүй байх гэсэн хэд хэдэн үндэслэл бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа ажээ. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлснээр тус компанийнхан салбарын яамнаас зөвшөөрөл аваагүй атлаа барилгынхаа суурийг цутгаад эхэлчихсэн байсан гэхээр энэ компани Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уу хэмээн хардахад хүргэж байгаа тухайгаа өгүүлсэн.

 

Уг нь монголчууд “MCS”- ийнхэнд найрсаг хандаж ирсэн. Дархан цаазат Богдхан уул, Туул голын эргээр хүссэнээрээ газар авч, байшин барилга сүндэрлүүлж эхлэхэд “мөнгөтэй хүмүүс аргагүй өөр юм даа” хэмээн дуу алдаж байгаад л бариулсан. Гэтэл удалгүй Богдхан уулын нэг амыг авч, халзалж байгаад амралт, зугаалгын газар, цанын бааз, гольфийн талбай байгуулсан. Тэгэхэд ч мөн уулга алдаад л өнгөрсөн. Мөн хотын төвд газар авч “Шангрила”, “Сонгдо” гээд том том хаягтай барилга барьж улмаар Соёл амралтын хүрээлэнгийн газраас хумсалж “Шангрила-2″ зочид буудлын барилгыг барихаар улайрч эхлэхэд “MCS’-ийнхэн аймар юм даа” хэмээн дуу алдсан.

 

Зөвхөн Хүүхдийн паркийн газар дээр жишээ авахад “Монтана” гэх компани “MCS” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж, хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг дарган 2007 оны захирамжаар 4900 ам метр газрыг үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэх болсон. Харин “MCS”-ийнхэн эзэмшил газартаа хонгконгчуудтай хамтарч 3004-00 сая ам.долларын хөрөнгө оруулалттай таван одтой “Шангрила” зочид буудал барихаар болж газрын хэмжээг нэмэх хүсэлт гаргасныг тухайн үеийн Засаг дарга зөвшөөрч, 0.5 га газрыг нь гурван га болгон нэмж өгсөн байдаг юм. Гэвч тус компанийнхан өнөөдрийг болтол хүүхдүүдээс булаасан газраа буцаагаад өгөх сэтгэлгүй, тэр ч бүү хэл хүмүүсийн эрхийг зөрчин өөр газар барилга бариулахаар улайрч эхэллээ. Түүнлчэн тус компанийг 2000 оноос хойш төрөөс зарласан тендерийн 80 орчим хувийг авсан гэх мэдээлэл байдаг ба хамгийн сүүлд л гэхэд яамдад өөрсдийн оруулж ирдэг цахилгаан бараагаа шахаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

 

Эцэст нь хэлэхэд “MCS”- ийн төв байр, үйлдвэрүүдэд нь орох гэхээр хамгаалагч нар нь нэвтрүүлдэггүй. Бичиг баримттай,зөвшөөрөлтэй эсэхийг асууж бяцхан хэмжээний мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг. Энэ нь нэг талаар тус компанийн дотоод журам, нөгөө талаар өөрсдийнхөө хөрөнгөд хууль бусаар хэнийг ч нэвтрүүлэхгүй гэсэн хамгаалалт байх. Харамсалтай нь тэд өөрдсийнхөө хөрөнгийг, өөрсдийн эзэмшилдээ ийм их хайртай атлаа бусдын хөрөнгөнд, бусдын эзэмшилд хууль бусаар, зөвшөөрөлгүй халдахдаа гаршчихсан юм биш үү. Уг нь “MCS” үндэсний хэмжээний томоохон компани шүү дээ.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих