О.Хуягцогт: Төсвийн урсгал зардал 11 дахин өссөн

11-13-4Э.СОЛОНГО

Ирэх оны төсвийн талаар Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогттой ярилцлаа.

-Ирэх оны төсвийн урсгал зардал өсөхөд юу нөлөөлж байна?

-Төсвийн урсгал зардал 10 гаруй жилийн өмнөхөөс 11 дахин өссөн. Урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэлт, Хөгжлийн банкаар салбаруудад олгож буй хөнгөлөлттэй зээл, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө, гаднаас зээлсэн зээл голлон нөлөөлж байна. Зээлийн үйлчилгээ 18.2 тэрбум төгрөг болж 21.9 дахин өссөн. Төсвийн урсгал зардал 2000 онд 455.5 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн онд 11 дахин нэмэгдсэн. Мөн орон нутгийн төсвийн зарлага өнгөрсөн онд 1.828.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байсан бол ирэх оны төлөвлөгөөгөөр 2.094.2 тэрбум төгрөгт хүрч дөрөв дахин өргөжлөө.

-Оюутнуудад олгож байгаа 70 мянгыг ирэх онд МСҮТ-ийн суралцагчдад нэмж олгохоор болсон гэсэн. Үүнд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-МСҮТ-ийн оюутны тэтгэлэгт сар бүр 45 мянган төгрөг олгож байсныг 70 мянга болгохоор болсон. Үүнд 12 тэрбум гаруй төгрөгийг хуваарилаад байна.

-Орон нутгийн төсвийн төслийг нэлээд тэлсэн байдалтай боловсруулсан гэх юм?

-Орон нутгийн ирэх оны төсвийн орлого, зарлага ДНБ-ий 10.2 хувь хүрэхээр байна. Өнгөрсөн онд ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэж байсан. Үүнтэй харьцуулахад орон нутгийн төсөв дөрөв дахин тэлж байна.

-Орон нутгийн төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлсэн юм бэ?

-Орон нутгийн төсвийн нийт зарлагын 71.5 хувийг орон нутгийн төсвийн орлогоор, 2.5 хувийг улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр санхүүжүүлнэ. 17 аймагт 162.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс олгоно. Орон нутгийн төсвийн суурь зардал 570.1 тэрбум төгрөг. Ирэх онд тусгай зориулалтын байгуулгууд, Орон нутгийн хөгжлийн сан, гадны зээлээр санхүүжих зарлагууд, улсын төсвийн санхүүжилтийн эх үүсвэртэй нийлээд нэг их наяд 321.5 тэрбум төгрөг орон нутагт очно.

-Өнгөрсөн жил Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг дорвитой зүйлд зарцуулаагүй гэх юм. Сангийн мөнгө Засаг дарга нарын хувийн бизнесийг хөгжүүлэх эх үүсвэр болж байна гэх шүүмжлэл бий. Ийм байтал энэ онд тус сангийн төсвийг нэмсэн байх юм?

-Ирэх онд Орон нутгийн хөгжлийн санд 282.1 тэрбум төгрөгийг хуваарилахаар болсон. Энэ нь өнгөрсөн онд уг санд шилжүүлсэн мөнгөнөөс 34.5 тэрбум төгрөг буюу 13.9 хувиар их үзүүлэлт. Энэ санг өнгөрсөн жилээс эхлэн   ажиллуулсан болохоор анхны удаагийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн нь төгс байгаагүй. Гэхдээ ирэх онд алдаа, туршлагаас суралцаж улам сайжруулах нь зөв гэж үзсэнээр сангийн мөнгийг нэмэхээр болсон.

-Хүний хөгжлийн сан олны анхааралд байна. Ирэх онд энэ сангаар дамжуулан хэчнээн мөнгийг халамж, тэтгэмжид өгөх вэ?

-Ирэх онд энэ санд ашигт малтмалын нөөц ашигласны 70 хувь болох 534 тэрбум гаруй төгрөг, ногдол ашгийн 15 тэрбум гээд нийт 549.8 тэрбум төгрөг төвлөрөхөөс 170 тэрбум нь урьдчилгаа төлбөрт суутгагдаж, 378.9 тэрбум төгрөг бэлнээр орно.  Үүнээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 12 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгөнд 240 тэрбум төгрөг, өнгөрсөн оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр гаргасан бондын хүүд 31 тэрбум төгрөг, Оюутолгой компанийн 2009 онд авсан 100 сая ам.доллар болон урьдчилгаа төлбөрүүдийн хүүд 23.5 тэрбум төгрөгийг зарцуулна.

-Нэгдсэн төсөвт Хүний хөгжлийн сангийн мөнгө хэчнээн хувийг эзэлж байна вэ?

-Хүний хөгжлийн сангийн хөрөнгө 3.4 ху­вийг эзэлж байгаа. Улсын төсөв 60.1, орон нутгийнх 22.6, Нийгмийн даатгалын сангийн мөнгө 13.9 хувийг эзлэхээр тусгасан.

-Судлаач, эдийн засагчид Сангийн яам ирэх оны төсөвт уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бодитоор тооцсон боловч хэмжээг нь бодит байдлаас өндөр тогтоосон нь эрсдэл дагуулна гэж үзэж байна?

-Уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ, нөөцөд Ашигт малтмалын газрын судалгаа, мэдээллийг ашигласан. Ирэх оны төсөвт зэсийн үйлдвэрлэлийн хэмжээг 301 мянган тонн, нүүрсний экспортыг 31.4 сая тонн, газрын тосыг 5.9 сая баррель, алтыг 31.6 тонныг экспортолно гэж тооцсон. Энэ нь өнгөрсөн оны төсөвт тусгасан уул уурхайн бүтээгдэхүүнээс 81, 53, 22, 139 хувиар өссөн үзүүлэлт юм. Ирэх оны төсвийн орлогын ихэнх хувийг эрдэст бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байгаа. Үүний 45 хувийг зэс, 39-ыг нүүрс, 12 хувийг төмрийн хүдэр бүрдүүлнэ.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэд найддаг нь манай төсвийн гол алдаа гэж судлаачид ярьдаг. Тиймээс төсвийн ихэнх хувийг бүрдүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэрхэн тооцсон бэ?

-ОУВС-гийн түү­хий эдийн үнийн статис­тикийн мэдээллээр 2001-2012 оны зэсийн дундаж үнэ 5.147 ам.доллар байсан бол эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээллэдэг олон улсын байгууллагуудын зарласан 2013-2016 оны дундаж үнийн төсөөлөл 7.336 ам.доллар байна. Энэ хоёр үнийн дүнг дундажлан тооцвол ирэх оны төсөвт баримтлах зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 6.241 ам.доллар байхаар тусгасан. Нүүрсний үнийг мөн энэ аргаар тооцож ирэх оны төсөвт боловсруулаагүй нүүрсний үнийг 81.6, баяжуулсан нүүрсийг 115.9 ам.доллараар үнэлж суулгасан. Алтны үнийг унци нь 1.269 ам.доллар гэж тооцсон. Алтны үнэ өнгөрсөн жилийн төсөвт тусгаснаас 195, төмрийн хүдэр 7.7 ам.доллараар бага тооцсон. Харин нүүрсний үнэ 20, зэсийнх 500 гаруй ам.доллараар ахиу байна.

-Орлого тал дээр хүмүүс их шүүмжлэх юм. Ер нь ирэх онд манай улс төсөвт тусгасан уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэчнээн төгрөгийн ашиг олохоор төлөвлөөд байна вэ?

-Оюутолгойн олборлолт эхэлснээр алтны олборлолт нэмэгдсэн. Ирэх онд тус компанийг 24.9 сая тонн алт бүхий баяжмал экспортлосноор нийт алтны олборлолтын хэмжээ 31.6 тоннд хүрч ирэх оны улсын төсөвт 89.2 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 15 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлого гээд 104.3 тэрбумын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Ирэх онд 1.225 мянган тонн зэсийн баяжмал, 3.2 мянган тонн молибдены баяжмал олборлож 273.8 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн тооцоо гаргасан. 39.1 сая тонн нүүрс олборлож, 31.4 сая тонныг экспортлон 281.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, үүний 6.2 тэрбумыг Тогтворжуулалтын санд, 275.3 тэрбумыг Нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр болсон.

-Ирэх онд төсвийн алдагдал хоёр хувьд багтана гэж гэж байгаа ч зарим төсөвт ажлын зарлагыг огцом бууруулсан нь юутай холбоотой юм бэ?

-Улсын төсвийн хө­рөнгө оруулалтаар болон төслийн зээлээр санхүүжих төсөвт аж­луудыг огцом бууруулсан гол шалтгаан нь төсвөөс гадуурх бондын санхүүжилт хэвээр үргэлжлэхтэй холбоотой.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.