Юу л болоод байна даа

Юу л болоод байна даа

Өчигдөр МАН-ын шинэхэн дарга М.Энхболд улс төрийн намуудын дарга нартай уулзав. Зангараг заасан уу, яасан Н.Алтанхуяг, ИЗЗН-ын дарга С.Оюун нар тэр рүү зүглэсэнгүй. Уул нь 16 намын даргад бүгдэд нь урилга хүргүүлсэн юм гэнэ билээ. Намын дарга нар ч идэвхтэй цуглажээ.

Тэд улс төрийн амьдралд нэлээд идэвхи, санаачилгатай оролцож, төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрт ч нөлөөлж байх саналтайгаа сөрөг хүчний даргад учирлаж харагдлаа. Ер нь бол намууд их л идэвхтэй байна. Сөрөг хүчин долоо хоног болгон нээлттэй өдөрлөг хийгээд л…

Намын дарга нартай зөвшилцөн давхилдаж эгээ л сонгуулийн жилийг санагдуулаад байх нь хачирхалтай. Сонгуулийн өмнөх болон сонгууль болох жил л намууд бужигнаж, дээр дооргүй албан тушаал, атаа хорсол, хардлага сэрдлэг, хамтрах, хамтын ажиллагаа эрчимжүүлэх талаар ярьдаг болохоос бусад хоёр жилд нь их л тайван байдагсан.

Гэтэл сүүлийн үед нэг л биш ээ. Тухайлбал, парламентад суудалтай улс төрийн намууд энэ өвөл тун ч бужигнаантай байна. Дээдэс нь ч суудлаа олохгүй, доодсууд нь ч гүйдлээ олохгүй хор, хов найруулсан нэг л идэвхтэй хэсэг бүлгүүд нам дотроо тэмцэлдсээр. Энэ бүхэн МАН-аас анхлан эхэлсэн.

МАН-ын зөрчил туйлдаа хүрчээ

МАН сонгууль болгонд удаа дараа ялагдсаны дараагаас л тун идэвхтэй улстөржиж эхэлсэн. Гишүүд нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг арсалдаж, хэн нэгнийхээ хэнэггүй хариуцлагагүй байдлыг ярьж, шүүмжилж Их хурлаа л хуралдуулчихвал энэ бүхэн нь өргөс авсан мэт алга болно хэмээн шуугисан.

Хүсэн хүлээсэн, хүлээлт үүсгэсэн 27 дугаар Их хурлаа хийсэн ч тэдний тэмцэл улам хурцадсан гэж хэлж болно. Хүлээж байсан шинэчлэл нь ч хийгдээгүй, хүлээлт үүсгэсэн албан тушаалаа ч авч чадаагүй нөхдүүд нам дотор жинхэнэ бужигнаан үүсгэх нь тэр.

М.Энхболдын фракцид бүх эрх мэдлээ өгсөн “өт”-үүд биед нь хүрэхэд өрвөлзөж эхэлсэн гэдгээ сүүлийн өдрүүдэд харуулж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар Т.Бадамжунай нарын авлигачид хэмээн хэвлэлээр ил тод зарлаж, намдаа буглаад байгаа авлигачдын талаар ном бичихээр болсон гэдгээ зарласан юм.

Бодит жишээ баримтад тулгуурласан номоо туурвихаар ханцуй шамлан орсон гэнэ лээ. Хоёрдахь том жишээ бол, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Б.Лхагважав. Тэрбээр, энэ албан тушаалаасаа намын Их хурлын дараа татгалзсан бөгөөд ийм авлигад автсан намын зөвлөхөөр ажиллаж чадахгүй хэмээн мэдэгдсэн юм.

Бага хурлын гишүүнд багтсан хүмүүсээс ихэнхи нь “аавын хаалга” татна хэмээгээд бугширмал, баригдмал хуучирсан хэв маягт цутгасан М.Энхболдоор удирдуулсан энэ нам цаашаа явахгүй хэмээн бухимджээ. Гуравдахь жишээ нь, залуу боловсон хүчин болох М.Найданхүү нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон намын даргын томилгоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн эдгээр нөхдүүдтэй цаашдаа хамтарч ажиллахад хэцүү байна гэв.

Элчин сайд асан Б.Энхмандах нарын эрдэмтэд намаа орхин МАХН-ыг сонгохоор болсон гэх мэтээр одоо ч МАН дотроо хагаралдсан хэвээр байна. Тэд албан тушаалаас болж ийн арсалдаж байна уу, аль эсвэл цаана нь тэднийг хэн нэгэн далдын гар хөдөлгөөд байна уу.

МАХН-ынхан ч бас дутсангүй

Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр үргэлж л шахуу нэг чиг зорилготой, элэг нэгт ахан дүүс гэдгээ зарладаг МАХН-ынхан МАН-ын  эдгээр бужигнаантай зэрэгцэн дотооддоо зөрчилдөж эхэлцгээв. Тэд хариуцлага гэх үгийг байнга шахуу үглэх болж зүг бүрт, өөрийнхөө зоргоор тэнэх болсон намын гишүүдээ чөдөрлөж сар гаруйн өмнө “Хариуцлагын гэрээ” гэгчийг байгуулсан.

Үүний дараа намын гишүүд нь хурал цуглаан зарлаж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг огцруулах асуудлыг ярьж эхэлсэн юм.

Тэд Н.Энхбаярын эсрэг хор найруулж, албан тушаалд нь санаархаж байгаа Д.Тэрбишдагва, түүний гар хөл болсон намын удирдлагад сууж байгаа хүмүүсийг шахан гаргаж, Н.Энхбаяр дарга болон намаа аварна хэмээн хэвлэлийн хурал зарлаж мэдэгдсэн бөгөөд эдгээр хүмүүсийг сайн дураараа ажлаа өгөхийг хүртэл зөвлөв.

Мөн Д.Тэрбишдагва болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба бас бус албан тушаалтнуудтай хариуцлага ярьж, огцруулах асуудлыг тун удахгүй хуралдах МАХН-ын Бага чуулганы үеэр хэлэлцэх тов гаргажээ. Өөрөөр хэлбэл, өнөөх л албан тушаалын төлөөх өрсөлдөөнөө зарлаж, Ардын намыг даган дуурайж, шинэчлэл ярьж гүйлдэж эхэлсэн нь энэ.

АН-ын “тул”-ууд хөдөлж эхэлсэн нь аюулын харанга дэлдэв

Олонхи болсноосоо хойш төдийлөн бужигнаж сүйд болоогүй АН-д ч сүүлийн үед байдал бишидчихээд байгаа.

Нэг хэсэг жигүүр байгуулан сүржигнэж, АН-д шинэчлэл хийнэ хэмээн хэвлэл мэдээллээр зарлаж, АН-ын дарга, генсекийнхээ арчаагүй, доройг гайхаж явсан А.Мурат нарын нөхдүүдээс өөрөөр бол АН тэгтлээ бужигнаагүй байв.

Тэдний “дөвчигнөл”-ийн хариуг намын дарга Н.Алтанхуяг ганц удаагийн уулзалтаараа өгсөн бөгөөд албан тушаал амласан уу, яасан нөгөө хэсэг бүлэг нөхдүүд таг болчихсон юм даг.

Тэдний хувьд бол улс төрийн “жижигхэн жараахай”. Гэхдээ АН-ын “том тул”-ууд хөдөлгөөнд орж эхэлсэн нь энэ намд юу болоод байна вэ хэмээн өнгийж харахад хүргэж байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал  Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзаж, төд удалгүй УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн нь энэ намын дотоод тэмцлийг бүр тод харуулах нь тэр. Р.Амаржаргал гишүүний хувьд АН-ын хувьд маш чухал хүн.

Намын гол лидер улстөрчдийн нэг. Тэд намынхаа гол лидер улстөрчид албан тушаал өгөөгүйдээ алдаж байна гэх хардлага байгаа ч намын дарга, ҮЗХ-ны гишүүдтэйгээ таарч тохирохгүй болсон учраас ийм шийдвэр гаргасан гэх. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээс татгалзана гэдэг намаасаа татгалзаж байгаа гэсэн үг.

Олонхи гэдгээ арайхийн хамгаалж байгаа намынхаа нэг суудлаар туг тахихаар шийдсэн нь ч зориглосон хүнээс гарах алхам. Одоо түүнийг барьж тогтоолоо ч асуудлыг шийдчихэж чадахгүй. Албан тушаал өглөө ч Р.Амаржаргал гишүүн нэр хүндээ бодоод тэр саналыг нь хүлээж авах нь юу л бол.

АН-ынхан чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхэд мэдээж аваад үлдэх гэж хичээцгээнэ. Гэхдээ намдаа сөрөг хүчин болсон нэг хүний “халдвар” цаашид хэдэн хүнд дамжихийг тааж хэлшгүй. Ж.Батзандан гээд жагсаалтыг үргэлжлүүлэхэд бэлэн нөхдүүд тун олон байгаа. Хэвлэлээр таамаглаж бичдэгчлэн олон фракцийн дарга, цэргүүд гэнэтхэн ийм цочир, цочир шийдвэр ар араасаа гаргаад унавал юу болох бол.

…Налгар намрыг нэг их бужигнаж сүйд бололгүй өнгөрүүлсэн намууд жавар тачигнасан өвлөөр их зөрчилдөж, бужигнах нь бололтой. Иймэрхүү эхэлсэн өвлийн үр дүн хамаг сезон ордог хаврын улиралд  юу л болох бол. Тэд нэгэн зэрэг хэлэлцсэн юм шиг тэмцэлдэж, шүүмжилж, уурлаж, бухимдаж туниж гомдох болсон нь юуны цондон вэ.

Намаараа талцах нь хэрээс хэтэрч, намд элсэх гэдгийг албан тушаал гэж ойлгодог “дон” нь хэтрээд байгааг харуулаад байгаа хэрэг үү. Эсвэл тэднийг цаанаас нь их том гар хөдөлгөж, монголчуудыг намаар нь, намын гишүүдийг дотор нь албан тушаал, амбийцаар нь арсалдуулах хүсэл сонирхолтой хэсэг бүлэг нөхдүүд байна уу.

Ямартай ч намууд ямар ч үед тайван байж чадахаа больж. Намчирхал, намаар нь талцуулж хуваах нь хэрээс хэтэрчээ. Тэд тайван амьдарч, тайван сууж чадахаа больсон байна.

Б.Өнөртогтох


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих