Сэрэмжлүүлэг: Секс сүрдүүлгийн гэмт хэргийн 28 тохиолдол бүртгэгджээ

Сэрэмжлүүлэг: Секс сүрдүүлгийн гэмт хэргийн 28 тохиолдол бүртгэгджээ

-Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүлж байна-

Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цахим гэмт хэрэгтэй холбоотой сэрэмжлүүлгийг удаа дараа гаргаж байсан билээ.

Харин энэ удаад Sextortion буюу секс сүрдүүлгийн гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг гаргасныг хүргэж байна.

Тус албаны хувьд Монгол Улсын хэмжээнд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.

Энэ он гарсаар манай улсад секс сүрдүүлгийн 28 удаагийн тохиолдол бүртгэгдэн шалгагдсан байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь онлайн хэлбэрээр үйлдэгдэх ба үйлдэгч этгээд нь гадаад улс орноос байгаа нь уг гэмт хэргийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага оногдуулах ажилд хүндрэл учруулдаг. Иймд энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө хамгаалж, урьдчилан сэргийлэхэд хувь хүн өөрөө тодорхой мэдээлэлтэй байх шаардлага гарч буй тул ийнхүү сэрэмжлүүлж байгаа аж.

Гэмт хэрэг үйлдэгч фэйсбүүк ашиглан танилцаж улмаар скайф мессенжер ашиглан онлайн секс хийж үүнийгээ бичлэг болгоод эцэст нь мөнгө нэхэж, мөнгө өгөхгүй бол бичлэгийг нь тараана хэмээн сүрдүүлдэг байна.

Ихэвчлэн эротик зураг бүхий хаягнаас танилцах хүсэлт илгээж фэйсбүүкийн чатаар харилцах явцдаа тухайн хүний бүхий л танил найз нөхдийн мэдээллийг цуглуулан авдаг байна.

Манай улсад бүртгэгдээд байгаа хэргийн дунд мөнгө өгсөн тохиолдол ч байгаа бөгөөд харамсалтай нь нэхэмжилж буй мөнгийг өгсөн өгөөгүй ялгаагүй тухайн бичлэгийг нь ил болгосон байгаа аж.

Иймд ард иргэд үл таних буюу гадаад улс орны хүмүүстэй харьцаа тогтоох, мэдээлэл солилцохдоо хувийн ёс зүйтэй байж бусдад өөрийн мэдээллээ алдахгүй байх хэрэгтэйг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна.


Хэрэв та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, тэдэнд тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлж байсан бол бид энэ талаарх мэдээллийг нууцлал, аюулгүй байдлын өндөр түвшинд хүлээн авч буй бөгөөд таны өгсөн мэдээлэл бүр Олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох ажилд өгч буй ихээхэн тус нэмэр болохыг ч хэлж буй юм.Цахим төрлийн гэмт хэргийн мэдээллийг 24 цагаар cybercrime@police.gov.mn цахим шуудан болон 51-262425 дугаарын утсанд хүлээн авч байгаа юм байна.

Мөн та ЭНД дарж Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


URL:

Сэтгэгдэл бичих