Э.Энх-Эрдэнэ: Би өөрийгөө төгс дуучин болсон гэж боддоггүй

Untitled-1Амьдрах сайхан тоглолтоо хийх гэж буй хайрын дууч МУСТА Э.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тоглолтын чинь талаар яриагаа эхлэх үү?
-Сайн байцгаана уу? Нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд “Амьдрах сайхан” гээд хоёр дахь бие даасан тоглолтоо 2013 оны 11 дүгээр сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Өмнө нь “Хайрласанд минь уучлаарай” нэртэй тоглолтоороо Улаанбаатар хот болон Монгол орныхоо 18 аймаг 200 гаруй сум,  Солонгос улс зэрэг газар аялан тоглож байсан. Энэ удаагийн тоглолтонд маань 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа.
-Тоглолтоо яагаад “Амьдрах сайхан” гэж нэрлэсэн бэ?
-Энэ дууны үг нь их энгийн хэрнээ амьдралын үнэ цэнэ, Монгол нутгийн минь сайхныг мэдрүүлэхээр утга агуулсан байгаа. Хорвоо дэлхий дээр амьдарна гэдэг их сайхан зүйл шүү дээ. Тийм учраас “Амьдрах сайхан” гэж нэрлэсэн.
-Хүн бүр л сайхан амьдралыг хүсдэг. Тэгвэл сайхан амьдрахын тулд хүн ямар байх ёстой вэ?
-Эрүүл биед саруул ухаан оршино гэж Монголчууд ярьдаг. Хүн ер нь эрүүл энх өвчин зовлонгүй байхад зорьсон зорилгодоо хүрч юуг ч бүтээж юунд ч хүрч чадна. Бас нөгөө талаар хийж байгаа ажилдаа дурлаад мэргэжилдээ эзэн болоод үр шимийг нь хүртээд явах хамгийн сайхан зүйл гэж би боддог.
-Хүний амьдралын хамгийн сайхан мартагдашгүй дурсамжтай үе бол яах аргагүй хүүхэд нас байдаг. Бага насныхаа талаар дурсахгүй юу?
-Би 1986 онд Баянхонгор аймгийн Жинст сумд төрж өссөн. Бага нас маань их сайхан өнгөрсөн. Аав ээж маань гурван хүүхдээ их сайхан өсгөж хүмүүжүүлсэн. Одоо болтол би нэг зүйлийг мартдаггүй юм . Миний ээж намайг 3 настай байхад Багшийн дээд сургуульд сурахаар явж байсан. Тэгэхэд би ээжийгээ их санадаг байлаа. Ээж явахдаа ээж нь Улаанбаатар гэдэг газар луу яваад иймхэн хоноод ирнэ гээд 10 хуруугаа гаргачихаад явдаг байсан. Ийм байдал 4 жил үргэлжилсэн. Ээж минь бүр хаяад явчихаагүй ч гэсэн ээжийгээ их санадаг байсан. Хааяа аав ах эгчдээ загнуулахаараа сумынхаа наадмын талбай руу алхчихдаг байлаа. Тэгээд ээж минь ирдэг болоосой гээд ээжийн тухай дуу их дуулна. Би заримдаа тэр үеэс л би дуунд орж эхэлсэн байх гэж боддог шүү. Одоо би өөрийнхөө хүүхдүүдийг ингэж удаан хугацаагаар орхиж явахгүй юм шүү гэж боддог. Тухайн үед ээж минь амьдралын шаардлагаар бидний төлөө цаашдын амьдралаа л бодож явсан байх. Жоохон хүүхэд ээжийгээ их санадаг юм байна лээ.
-Гэр бүлийн хүмүүжил бол хүний амьдралын хамгийн чухал хүчин зүйлийн нэг таныг аав ээж тань хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Миний аав их тусархуу , цайлган их энгийн хүн байдаг. Ээж маань 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан. Олон ч аав, ээжийн  хүүхдүүдийг хүмүүжүүлсэн багш хүн. Сайхан амьдралын төлөө зөв амьдрах ёстой юм байна гэдэг үзлийг бидний тархинд суулгаж өгсөн хүн бол ээж минь юм. Миний аав ээжийн тухайд овойж оцойтлоо их хөрөнгө мөнгө цуглуулаагүй ч олон түмэнтэйгээ эвтэй найртай сайхан амьдарч байсных нь буян заяа түшиж хүүхдүүд нь сайхан амьдарч байна. Хүний суурь хүмүүжил ямар байхаас яаж амьдрах нь шалтгаалдаг гэж боддог. Тиймээс шинээр аав ээж болж байгаа залуучууд маань хүүхдийнхээ хүмүүжил дээр маш их анхааран зөв төлөвшилж улс эх орондоо хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлээрэй гэж уриалмаар байна.
-Шударга амьдрал гэж ер нь байдаг болов уу? Өнөөгийн нийгэмд худал хуурмаг явдал их гарах боллоо гэж хүмүүс ярих юм
-Хүн чинь ер нь их давруу шүү дээ. Бүх зүйл нь бэлэн байгаад ирэхээр тэрнээсээ илүү ихийг л хүсээд байдаг. Тийм болохоор хүний ухамсар их чухал гэж боддог. Шударгаар амьдарч байгаа хүмүүс зөндөө л байна. Би ч гэсэн өнөөдөр өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралдаа хар толбо үлдээчихэлгүй зөв сайхан амьдрах юмсан гэсэн бодолтой өөрийн зорилго мөрөөдлийнхөө төлөө шударгаар л тэмцэж явна. Угаасаа нийгэмд сайн муу хоёр зэрэгцэж оршдог болохоор аль алиныг нь үгүйсгэж болохгүй.
-Анх хэдэн онд оюутан болж байв?
-Би 2004 онд МУИС-ийн Математик программ хангамжийн ангийн хуваарь аваад ирж байлаа. Хөдөөний улаан хацартай хүүхэд ирээд Баянхошууны тийшээ хашаа байшинтай айлд дэлгүүрийг нь хараад оронд нь үнэгүй амьдардаг байлаа.
-Математикч хүүхэд яаж яваад дуучин болсон бэ?
-2008 онд би сургуулиа төгссөн тухайн үед надад хүн ер нь өөрийн гэсэн орон зайтай болох хэрэгтэй юм байна гэдэг бодол төрж байсан. Ингээд  бага зэрэг дуулчихдаг байсан болохоор энэ авьяасаа хөгжүүлвэл яасан юм, мөн бусад залуучуудаас би юугаараа дутах вэ адилхан л би хийж бүтээе хөдөлмөрлөе гэсэн сэтгэхүйтэйгээр урлагт орж ирсэн. Дуучин болоход маш их цаг хугацаа шаардагддаг юм байна. Цаашид ч бас шаардагдах байх. Би одоо ч бүрэн төгс дүүчин болсон гэж өөрийгөө боддоггүй. Хийх юм маш их байна.
-Математик программ хангамжийн ангийг төгссөн гэхээр их толгойтой хүүхэд байсан байх нь ээ?
-Ганцхан дуу гэлтгүйгээр аль ч тал руу хөрвөх чадвартай мэргэжилдээ сайн байх юмсан гэж боддог . Гавал байгаагүй ч зохих хэмжээгээр тоо бодчихдог байсан шүү.
-Таныг дуугаа хүнд зориулж дуулж байсан гэдэг. Энэ талаар яриач.
-Уран бүтээл болгон түүхтэй байдаг. Хүнд сайхан дурсамж гэж байдаг шүү дээ. Надад ч гэсэн нэг тийм дурсамж байсныг л дуулсан. Би чинь одоо хоёр хүүхэдтэй. амьдрал сайхан тогтоод явж байна. Ийм үед би тухайн үед тийм хүнд хайртай байж дээ гээд яриад яваад байвал утгагүй.
-Таныг “Хайрын дууч ” гэдэг болсон. Хайр гэж таны бодлоор юу вэ?
-Хайр бол мөнхийн зүйл. Амьдрал үргэлжилж байгаа цагт хайр сэтгэл байсаар л байх болно. Хэзээ ч хуучиршгүй дундаршгүй зүйл бол хайр. Би хайрыг тэнгэр, гал , устай зүйрлэнэ. Тэнгэртэй зүйрлэвэл тэнгэр цэлмэж байгаа юм шиг сайхан, галтай зүйрлэхэд дотроос дүрэлзээд улайсаад байгаа юм шиг, устай зүйрлэвэл давалгаалаад цалгиад байгаа юм шиг агуу мэдрэмж ,агуу зүйл юм даа.
-Нийтийн дуунаас өөр салбарт өөрийгөө сорьё гэж боддог уу?
-Дуулахын хажуугаар амьдралаа аваад явчихаар чадвартай байх хэрэгтэй. Бусад хүмүүсийн л адилаар багахан ч гэсэн хувийн ажил эрхэлж эхэлж байгаа.
-Хайрын дууч маань удахгүй бизнесмэн дууч нэртэй болох юм байна даа?
-Уран бүтээлийг зогсолтгүй авч явахын тулд миний ард бизнесийн хүч байх хэрэгтэй. Хэн ч надад зүгээр мөнгө өгөхгүй. Миний хувьд би өөрөө өөрийгөө л дэмжиж явдаг. Түүнээс дуугаа орхихгүй ээ.
-Дуучин болсоноор таны амьдралд хэр их өөрчлөлт орсон бэ?

-Дуулснаас хойш мэдээж маш их өөрчлөлт орсон. Ямар ч гэсэн өөрийн амьдралаа төвхнүүлээд сайхан амьдарч байна. Ер нь бол хүн өөрийнхөө төлөө амьдрал өөд тэмцэж чадвал өөрчлөлтүүд байнга л бий болж байдаг байх гэж боддог. Хүний амьдрал энэ чигээрээ байгаад байхгүй. Миний амьдрал ч бас өөрчлөгдөөд л явах байх.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа. Уншигчиддаа эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
С.Наранцацрал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.