Авлига авсан сургуулийн захирлыг албан тушаалаас нь чөлөөлөв

Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяа сургуулийнхаа эргэн тойрны газрыг бусдад дур мэдэн худалдсан, авлига авсан гэх хэргээр буруутгагдаад байгаа.  Тэгвэл авлига авсан захирлыг албан тушаалаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах тушаалыг гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.3, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг зөрчсөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг Авлигатай тэмцэх газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/7034, 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8470 дугаар албан бичгийн дагуу албан тушаал бууруулж, 111 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.

2.С.Энхтуяаг албан тушаал бууруулсантай холбогдуулан Төрийн Үйлчилгээний албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад үүрэг болгосугай.

3.С.Энхтуяагийн ажилласан хугацааны цалин болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг 111 дүгээр сургуулийн нягтлан бодогч Г.Гэрэлмаад зөвшөөрсүгэй.

4.Тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.

5.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “С.Энхтуяад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/97 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.


URL:

Сэтгэгдэл бичих