Өвчнийг анагаах увидастай хөгжмийн тухай

Мэдээж хүндээр өвдсөн тохиолдолд эмчид хандах нь зүйтэй. Гэхдээ хөгжмийг биеэ анагаахад эмийн журмаар хэрэглэж болдог ажээ.

Энэтхэгийн ёс заншлаар бол хүн төрөлхтөн АУМ гэдэг нэгэн уянгалаг авианаас гаралтай гэнэ. Түүн дотор амьдарч, бас мөхдөг ажээ. Энэ чимээ нь бүтээгч бөгөөд бас анагаах увидастай гэж энэтхэгчүүд төдийгүй түвдүүд, хятадууд үздэг байна.

Барууны орнуудын их сургуулийн оюутнууд хөгжмөөр анагаах мэргэжилд суралцдаг болжээ. Анагаахын шинжлэх ухаанд хөгжмөөр эмчлэхийг үгүйсгэдэггүй бөгөөд хөгжим нь өвчин намдааж, тайвшруулдаг болох нь аль эрт тогтоогдсон билээ.

Зүрхний өвчин, хоол боловсруулах эрхтний хямрал, архаг ядаргаа болон янз бүрийн өвчний хам шинжийг хөгжмийн эгшгээр эмчилж болдог байна. Эхчүүдийн амаржих өрөөнд, мөн сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдэд хөгжмийн аялгуу сонсгох нь өвчтнүүдийн физиологийн үйл ажиллагаанд нөлөөлдөг ажээ.

Хөгжмөөр эмчлэх арга нь шинэ зүйл биш юм. Эрт дээр үед эмч нар үйлчлүүлэгчдэдээ тусгайлан сонгосон аялгууг сонсгон эмчилдэг байсан гэнэ. Хөгжим нь бие сэтгэлд нэвтрэн өвчтэй биеийг анагаах увидастайгаас гадна судасны цохилтыг удаашруулан нас уртасгадаг гэж Дундад Азийн нэртэй эрдэмтэн, гүн ухаантан, эмч Авиценна буюу Ибн Син Абу Али Хусейн ибн Абдаллах үздэг байжээ.

Харин орчин үеийн хөгжмийн ихэнх урсгал нь анагаах увидастай гэж хэлэхэд хэцүү юм. Эртний хятадууд элдэв сул үйлчилгээтэй эм хэрэглэхийн оронд хөгжим сонсох нь хавьгүй дээр гэж нотолдог. Америкийн индианчууд, бөө нар тухайн үедээ ямар нэг өвчнийг ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бүрэн эдгээдэг байжээ.

Гэхдээ ямар хөгжим сонсох вэ?

Хэрвээ өвчнөө эмчлэхийг хүсч байгаа бол сонгодог хөгжим, зан үйлийн эсвэл ардын аялгуу сонсох хэрэгтэй. Буддын шашны маанийн аялгуу нь бие организмд эергээр нөлөөлдөг байна.

Сонгодог хөгжмүүдийн дотроос Моцарт, Россини болон Гайдны бүтээлүүд нь амьдралыг эрч хүчээр дүүргэдэг бол Бах, Рахманиновын хөгжмүүд сэтгэл санааг тайвшруулдаг ажээ. Харин оросууд хэзээнээс өвчнийг хөгжмөөр анагаахдаа хонхны дуу сонсгодог байв. Хонхны дуу нь үе мөчний өвчин төдийгүй толгой өвдөх, нүдний хараа муудах зэргийг эмчилдэг ажээ.

Бас сонсох огт хэрэггүй аялгуунууд байдаг байна. Жишээлбэл, Вагнер, Штраусын зарим бүтээлийг удаан сонсох хэрэггүй бөгөөд тэдгээр нь муу муухай бодлыг төрүүлж болзошгүй байдаг ажээ. Гутранги үзэлтэй, архаг ядаргаанд орсон хүмүүс Шопены төгөлдөр хуурын уянгалаг аялгууг удаан сонсох хэрэггүй гэнэ. Учир нь ийм хөгжим нь тэдгээр хүмүүсийн дотоод сэтгэлийн шаналлыг нь улам даамжруулахад хүргэдэг байна.

Гэхдээ рок хөгжимтэй харьцуулшгүй юм. Орчин үеийн хөгжмийн хэмнэл нь сонсч байгаа хүнээ дарамт, стресст оруулдаг байна.

Японы эрдэмтдийн явуулсан туршилтаар, хүүхдээ хөхүүлж байхдаа намуухан, сонгодог хөгжим сонсч байсан эхчүүдийн хөхний сүү хоёр дахин нэмэгдэж байсан бол рок хөгжим сонсч байсан эхчүүдийнх эсрэгээрээ багасч байжээ. Харин “Пинк Флоид”, “Энигма” зэрэг хамтлагуудын бүтээлүүдийн анагаах чанарыг мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байна.

Сонсох хэрэгтэй юу? эсвэл тоглох нь дээр үү?

Хөгжмөөр анагаах аргыг идэвхтэй, идэвхгүй гэж ангилдаг байна. Идэвхтэй арга нь үйлчлүүлэгчдэд тодорхой аялгууг сонсгодог бол нөгөө арга нь үйлчлүүлэгчдийг гоцлол эсвэл найрал дуу дуулуулдаг ажээ.

Хөгжмөөр анагаах нь гэж нэрлэгддэг Америкийн сургуульд сэтгэл хөдөлгөсөн тухайлбал баяр хөөр, уйтгар гуниг, харамслыг төрүүлдэг тийм аялгуунуудыг сонсгодог байна. Харин Шведэд тодорхой аялгууны тусламжтайгаар сэтгэлзүйн гүнд нөлөөлдөг ажээ. Хөгжмөөр анагаах идэвхтэй аргын гол зорилго нь харилцааны туршлагатай болгох, ичимхий бүрэг занг арилгах, бие даасан, өөрийгөө удирдах чадвартай болгоход оршдог байна.

Харин сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хөгжмөөр анагаах аргыг оюун ухааны хомсдолтой хүмүүс дээр хэрэглэдэг ажээ. Мөн хараагүй, дүлий гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээх эмчилгээнд ч хэрэглэдэг байна. Барууны орнуудад хөгжмөөр анагаах аргыг засан хүмүүжүүлэх газруудад өргөн хэрэглэдэг гэнэ.

Сонирхуулахад, хөгжим нь зөвхөн хүнд төдийгүй ургамал, амьтанд ч бас нөлөөлдөг ажээ. Үүнийг туршилтаар тогтоосон байна. Сонгодог хөгжим сонсгосон үнээний сүү нэмэгдэж, ургамал цэцэгс маш сайхан ургаж байжээ. Хөгжим бас бусад амьтдыг ч тайвшруулдаг байна.

Ингээд эмч нар ямар аялгуу сонсохыг зөвлөснийг дурдъя:

-Тайвшрахын тулд: Брамсын “Бүүвэйн дуу”, Дебюссигийн “Сарны гэрэл”, Шубертын “Аве Мария”, Шопены бүжгийн хөгжим болон удиртгал хөгжмүүд
-Уур уцаар болон мэдрэлийн өвчнийг анагаахад: Бетховений “Сарны сонат”, Бахын “Кантата No2” болон “Итали концерт”, Гайдны “Симфони”
-Даралт өсөх болон зүрхний үйл ажиллагаа доголдсон үед:
Мендельсоны “Хуримын марш”, Шопены “Ноктюрн ре-минор”, Бахын хийл хөгжимд зориулсан “Ре-минорын концерт”
-Толгой таллаж өвдвөл: Огинскийн “Полонез”, Листагийн “Унгар ардын аялгуу”, Бетховений “Фиделио”
-Нойргүйдэх үед: Григийн “Пер Гюнт”, Сибелиусийн “Гунигийн вальс”, Шуманы “Зүүдний бодол”, Чайковскийн аялгуунууд
-Ходоодны үрэвслийг анагаахад: Бетховений “Долдугаар Сонат”
-Согтууруулах ундаа, тамхинд донтсон үед: Шубертын “Аве Мария”, Бетховений “Сарны сонат”, Сен-Сансын “Хун”, Свиридовын “Цасан шуурга”.


URL:

Сэтгэгдэл бичих