П.Батхуяг: ”Монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулах нэрээр алдагдсан төсвөө нөхөх гэж байж мэднэ”

-Гаднынхны нөлөөлөл, алсын бодлого ч байж болзошгүй-
Кирилл монгол бичгийг журамлаж, дүрэмд нь өөрчлөлт оруулах, толь бичиг гаргах тухай Засгийн газрын 37 дугаар тогтоол энэ оны хоёрдугаар сард гарсан. Уг тогтоолын дагуу БШУЯ-аас зохион байгуулан Төрийн хэлний зөвлөл, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУА болон МУИС, МУБИС-ийн багш, хэл шинжлэлийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг монгол хэлний зарим дүрэмд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байгаа.
Тэд гээгдэх эгшгийн дүрэмд өөрчлөлт оруулаад зогсохгүй онцгой дөрөв буюу “ъ, ь, й, щ” гэсэн үсгүүдийг хасахаар зэхэж байна. Ахмад эрдэмтдийн боловсруулж буй энэхүү төсөлтэй олон хүн санал нийлэхгүй байгаа юм. Энэ талаар Утга зохиол шүүмжлэгч, судлаач П.Батхуягтай ярилцлаа.
-Хэл бичгийн ахмад эрдэмтэд монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулахаар төсөл боловсрууж байгаатай олон хүн санал нийлэхгүй байна. Харин та санал нийлж байгаа юу? 
-Хувь хүнийхээ байрь сууринаас би маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад гэвэл аливаа зүйлийн шинэчлэлд цаг хугацааны өөрийн гэсэн тохироо гэж бий. Тэр зүйл нь бүрдсэн цагт хүссэн хүсээгүй шинэчлэгддэг. Гэтэл өнөөдөр нийгмийн сэтгэл зүйд нэг хүчтэй зүйл нөлөөлөөд байх боллоо.
Тодруулбал, шинэчлэлийн Засгийн газар ч гэх шиг. Шинэчлэлийн гэхээр хүмүүс “Ерөөсөө энэ нийгмийн амьдралын бүхий л тогтолцоог шинэчлэх ёстой юм байна” гэж ойлгоод байна. Гэтэл шинэчлэгдэх, хувьсч өөрчлөгдөх зүй тогтолтой юм бол цаг нь ирэхээр л шинэчлэгдэнэ.
Тэгэхээр би хэлний шинэчлэлийн, тэр тусмаа дөрвөн үсгийн асуудалд санал нийлэхгүй байгаа. Хүчээр, механикаар хийж болохгүй. Харин тэр хэл шинжлэлийн мэргэд олон нийтийн санаа бодлыг анхаарах ёстой. Монгол хэлний дүрмийг өөрчлөх шаардлагатай ч цаг нь болсон уу, үгүй юу.
Цаг нь болоогүй зүйлийг хүчээр хийх гээд байгаа юм биш үү гэж тэднээс асуумаар байна. Хүчээр хийх гээд байгаа үйлдэл нь шинэчлэлийн гэгдэх Засгийн газрынхаа мундаг бодлогын нөлөөнд ороод, тэр сэтгэл зүйдээ автаад бүгдийг л өөрчлөх юм байна гэж ойлгоод байгаа юм биш үү.
Урьдчилсан бэлтгэлтэй, үе шаттай хийх ёстой ажлыг дур зоргоороо гүйцэтгэх гээд байж болохгүй. Аливаа зүйл бол хоёр талтай. Сайн сайхан зүйлийн эсрэг муу муухай, буруугийн эсрэг зөв л оршиж байдаг. Энэ ёсны үүднээс авч үзвэл бид ямар нэгэн хэмжээгээр өөрсдийнхөө монгол хэлэнд анхаарал тавих цаг болсон.
Гэхдээ дөрвөн үсэг солих, хасахын хэмжээнд анхаарал тавих уу, эсвэл эх хэлнийхээ бодлогын хэмжээнд анхаарал хандуулах уу гэдэг л гол асуудал. Түүнээс биш дөрвөн үсгээр тоглосноороо хэлний хувьд шинэчлэл хийгээд, монгол үндэстэн аман аялгууны хувьд шинэ төвшинд гарна гэдэгт итгэхэд эргэлзээтэй байгаа юм.
-Зарим хүн энэ эрдэмтдийг өөр зорилго агуулан монгол хэлээр оролдож байж болзошгүй гэж хардаж байна? 
-Цаана нь юу нуугдаж буйг тааж мэдэхгүй ч шинэчлэл гэдэг үгээр далимдуулаад өөрсдийнхөө амьдрах орон зай, өвөр түрийг зузаатгах гэсэн хэсэг бүлэг улстөрчин хүмүүсийн бодлого гэдэг нь харагдаж байна. Тэр бодлогыг нь хэрэгжүүлэх гэж яваа хөөрхий хэдэн эрдэмтэн байгаа байхгүй юу.
Гэхдээ энэ эрдэмтдийг буруутгах нь бас хаашаа ч юм. Харин өөрчлөх, шинэчлэх ёстой гэсэн ойлголтыг нийтийн дунд үр тариа шиг цацаад буй нь цаанаа асар том шалтгаантай байх. Би тийм их хартай хүн биш ч эх хэлнийхээ төлөө хардаж байна. Ер нь надаар ч зогсохгүй нийгэм даяараа хардаж байна шүү дээ.
Энэ дөрвөн үсгийн цаана надад гурван том айдас байна. Төлөвлөж буйгаараа солилоо гэхэд нэгдүгээрт, төрийн хэлний бодлого, бүх харилцаа, мөн хувь хүмүүсийн харилцаанд зөв бичих дүрмийн асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, олон хүний, мөн албан байгууллагуудын нэр өөрчилнө.
Монгол хэлний багш нарыг давтан сургалтад хамруулах шаардлагатай болно. Хууль, тогтоомж, төрт ёсны бичиг баримт, сурах бичиг, ном зохиол гээд бүх л зүйлд энэ дөрвөн үсгээс болж маш том өөрчлөлт орно. Энэ бүхний цаана асар их мөнгө эргэлдэнэ биз дээ. Тэгвэл тэр их мөнгө хэнд хэрэгтэй юм бэ.
Энэ бүхний цаана өнөө алдагдалтай төсвөө нөхөх гэсэн төрийн бодлого явж байх вий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Нэг үгээр хэлбэл, тэд ажилтай болж байна. Нийгэмд хэвийн явж байсан зүйлийг өөрчлөх нэрээр шинэ ажил бий болгоод, зүгээр л хүмүүсийн тархийг өнгөц дөрвөн үсгээр угааж байна.
Гэтэл цаана нь их том хор хохирол бий. Хоёрдугаарт, улс үндэстний маань оршин тогтнох хувь заяаны асуудал явж байгаа юм. Бид хэлнийхээ тогтолцоогоор хэдий чинээ оролдоно тэр хэмжээгээр хэлний соёл, боловсрол дахиад л утгаа алдана.
-Тэгвэл дөрвөн үсгээр оролдохгүйгээр монгол хэлэнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж? 
-Одоо нийгэмд зөв бичдэг хүн байхгүй болсон шүү дээ. Хүн бүр дураараа бичиж байгаа. Ийм байтал дөрвөн үсэгтэй зууралдаж байхаар монгол хэлний журамласан толь гаргаж, суурь боловсролдоо анхаар л даа. Монгол хэлний багш нарыг улам чадваржуул л даа. Хийх шаардлагатай ажил их байна.
Сурах бичгүүдэд байгаа хүүхэд бүү хэл эцэг эх нь ч ойлгохоо байсан энэ их өгүүлбэр зүйн зурлага, гол өгүүлбэр, гол бус өгүүлбэр, өгүүлэхүүн, байц гэсэн хэрэгтэй хэрэггүй онолын зүйлүүдээс татгалзаж болно. Монгол хэлнийхээ сургалтад хүүхдүүдийг өгүүлбэрийн гишүүдээ ялгаж зурдаг биш, харин өргөдөл бичиж чаддаг болгон төгсгө л дөө.
Энэ мэт хийх ажил өчнөөн байхад дөрвөн үсэг яриад байх юм. Үүний цаана эдийн засаг, улстөр, тэдээд улс орны оршин тогтнох хувь заяа бий. Бид хэнтэй адилхан аялгуутай ярьдаг болох гээд байгаа юм бэ. Үүнд хэн мөнгө хаяад байна вэ. Хэний бодлогоор, хэний оролцоотойгоор төрийн хэмжээнд хийгдэх гээд байна вэ.
Энэ бол маш том асуудал. Ингэж гаднын нөлөөнд автаж байхаар монгол ёс заншил, өв уламжлалаа хүүхдүүдэд ойлгуулдаг хичээлийн хөтөлбөртэй больё л доо. БШУ-ны сайдад хувь судлаачийн үүднээс хэлэхэд маш том ажил өмнө нь байна.
Морин хуур, хөөмэй, уртын дууны, мөн монгол бичгийн үндэсний хөтөлбөр нэг, хоёр гэж хэрэгжсэн. Одоо энэ хөтөлбөр ирэх онд дуусна. Харин дараагийн хөтөлбөрөө хоёрын хооронд цаасан дээр хийхээ больё. Хэдхэн хүн хуурдаж, хөөмэйлдэхдээ гол нь биш нийт иргэдийн үндэсний боловсролд анхаарах хэрэгтэй.
Аяндаа монголоороо сэтгэдэг, боддог, дээдэлдэг болчихвол хүссэн хүсээгүй морин хуур тоглож, хөөмэйлдэж, хэл бичгээ сурна. Гэтэл хэлбэр төдий юм хийгээд байна. Одоо өнгөн хэлбэр бус гол арга уруугаа шилжих цаг болсон. Ингэхийн тулд эрдэмтэн мэргэдээ цуглуулаад үндэсний боловсролын хөтөлбөр гэж хийх хэрэгтэй.
Энэ хөтөлбөрөөс хүүхдүүд “Би монгол хүн шүү дээ” гэж мэдрэх мэдрэмжийг авдаг болгоё. Япон Улсын дунд сургууль төгсч буй охид нь цайны ёслолыг хийж сураад, хөвгүүд нь сэлэмний урлагийг эзэмшээд төгсдөг. Гэтэл манай хүүхдүүд 12 жил суралцаад үндэсний гэсэн юуг таньж, сураад төгсч байна вэ.
Юу ч байхгүй шүү дээ. Үндэсний боловсролын хөтөлбөртөө монгол хүн өв соёл, ёс заншлаасаа юуг сурсан байх ёстой, юуг эзэмшсэн байвал түүнийг боловсролын стандартад нийцсэн гэж үзэх асуудал бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байна. Харамсалтай нь эрдэмтэд нь гаднын соёлын нөлөөнд автсаар байтал бүх өв соёл устаж үгүй болох нь.
-Тантай санал нэг байна. Гэтэл эрдэмтдийн одоо боловсруулж буй төслийг төрөөс дэмжиж тогтоол гаргах магадлалтай байгаа. Хэрэв батлагдвал хүн бүр шинэ дүрмээр журамласан толийг нь хуулийн дагуу худалдаж авах үүрэгтэй гэсэн? 
-Уг нь төр гэдэг чинь эртнээс монголчуудын хувьд үнэт зүйл нь байж ирсэн. Үеийн үед бид цайныхаа дээжийг “Төрийн сүлд минь өршөө” гэж өргөж байсан. Америк, Англи, Япон гээд аль ч улсад энэ заншил байхгүй. Бидний үзэл, оюун санаанд төрийг дээдлэх үзэл маш эртний суурьтай.
Харин энэ их үнэлэмжийг 1990-ээд оноос хойш төр баригчид өөрсдөө үгүй хийсэн. Тиймээс одоо төрийн үнэлэмж ард иргэдийн дунд газар унасан шүү дээ. Хэрэв эрдэмтдийн энэ завхарсан төслийг төр дэмжиж тогтоол гаргаад, толь бичгийг нь “Энэ дүрмийг сониндоо баримтлах ёстой” гээд тулгавал ажлын эрхэнд чи авч магадгүй. Харин ард түмэн хүлээж авахгүй.
Яагаад гэвэл төрд итгэх итгэлгүй болсон. Аливаа хууль тогтоолыг иргэд ёсчлон биелүүлдэг, хүндэтгэн үздэг чанарыг өөрсдөө үгүй хийсэн. Тэгэхээр улстөрчид дээрээ ажлаа хийж л байхад түмэн олон амьдралын мөрөөрөө, ажлаа хийдэг зүй тогтлоороо, бичдэг хэвшлээрээ бичээд л явж байна. Хэзээ ч хэрэгжиж нэг мөр болохгүй.
-Монгол бичгийг эргээд ашиглаж, төрийн хэл болгох хэрэгтэй гэж олон хүн үзэж байна? 
-1990-ээд оны дунд үед ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийг монгол бичиг рүү шилжүүлээд эргэж болиод хүүхдүүдийг “алсан” шүү дээ. Уг нь тэр үед төр өөрийн гэсэн бодлоготой, ой санамжтайсан бол улам үргэлжлүүлэх ёстой байсан юм.
Тэгсэн бол өдийд монгол бичгийг нэлээд өндөр төвшинд сурсан хэсэг бүлэг бий болох байлаа. Гэтэл манай төрийнхэн нийгэмд хэрэгтэй, хийх ёстой зүйлээ орхиж, огт хэрэггүй, шаардлагагүй зүйлүүдийг маш том ажил болгон сурталчилдаг. Үүгээрээ ажил хийсэн болж харагддаг.
Магадгүй энэ үйлдлээрээ төрийн хэсэг бүлэг хүмүүс цаашид цалинтай байх эх үүсвэр нь бий болдог байх л даа. Тиймээс л ийм асуудалд анхаарлаа хандуулцгаагаад байгаа болов уу.
-Ц.Өнөрбаян доктор “Ц.Дамдинсүрэн гуай монгол хэлний дүрмийг сайжруулаарай гэж хэлсэн” гээд байгаа? 
-Ц.Дамдинсүрэн гуай “сайжруулаарай” гэсэн болохоос “өөрчлөөрэй” гэж хэлээгүй л байхгүй юу. Гэтэл энэ нь сайжруулах биш харин ч муужруулалт. Ц.Дамдинсүрэн гуай “Би үгийн гарал, дүрэм дээр алдсан байна. Үүнийг хожмын мэргэд улам боловсронгуй болгох байх” гэж хэлснийг энэ хүмүүс гуйвуулж байна.
Тэгээд ч олон нийт хүлээж авахгүй байна шүү дээ. Засгийн газар аливаа зүйлийг ард түмэнтэйгээ хэлэлцэж шийдвэрлэнэ, ойр байна гэдэг болсон. Тэгвэл дөрвөн үсэг хасах, гээгдэх эгшгийн дүрэмд өөрчлөлт оруулах, эсэх талаар яагаад асуухгүй байна аа. Замын түгжрэл бууруулах, машины дугаар хязгаарлах энэ тэр гээд асуудаг хэр нь хамгийн чухал зүйлийг ямар шалтгаанаар асуухгүй байна гэдэг л учиртай байгаа биз.
-Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга, хэл бичгийн ухааны доктор Б.Магсаржав гуай “Хэл бичигт өөрчлөлт оруулж буй бид ард түмний төлөөлөл” гэж хэлсэн. Тэгэхээр ард түмнээс асуух шаардлагагүй гэсэн үг юм болов уу? 
-Аливаа мэргэжил, салбарын хүмүүс ямар ч тохиолдолд ард түмний цөөнх л байдаг. Чи бид хоёр утга зохиолын хүмүүс байж “Бид хоёр ард түмний төлөөлөл. Тиймээс ард түмний өмнөөс шийдвэр гаргана” гэж хэлж болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл, бид ард түмэн гэдэг том модны нэг л нахиа.
Гэтэл төр ард түмнээсээ асуулгүй, гүйцэтгэж буй цөөнх нь өөрсдийгөө “Ард түмний төлөөлөл” гэж яриад буйд л би гайхаад байна. Манай төрд нэг арга байх шиг. Би дахиад хэлье. Дээр хэлсэнчлэн олон нийтийн анхаарлыг татах, эрхэнд нь халдах, өөрсдөдөө ашигтай далайцтай зүйл гүйцэтгэхийн тулд наана нь сатааруулах юм хийдэг байх.
Хэл бичгийн дүрмийг өөрчлөх гэдэг улстөржсөн, асар их мөнгө эргэлдэх ажлынхаа наана нь зүгээр л дөрвөн үсэг орхиж байна. Харин ард түмэн дөрвөн үсгийг байх, байхгүйн тухай маргалдаж байхад цаана нь том ажлууд нь хийгдэж л яваа. Тэгээд үнэнч, шударга, өөрийн байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн дуу хоолойг шууд хавчиж эхэлдэг.
-Хэл шинжлэлийн залуу эрдэмтэд энэ асуудалд яагаад анхаарал хандуулахгүй, дуугарахгүй байгаа юм бол? 
-Чадвартай, залуу эрдэмтэд энэ дөрвөн үсэг болоод цаанаа их ухвартай асуудлын талаар яагаад үг дуугарахгүй байна вэ. Ер нь нийгмийн чөлөөт дуу хоолойг хааж, боосон үйлдлийг төр өөрөө яагаад хийгээд байгаа юм. Тийм биз дээ. Ардчилал гэдэг зүйлээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд лав хоёр алхам ухарсан гэж би хараад байгаа.
ССАЖ-ын сайд нь үндсэн ажлаа мартаж нэг Батаар л ярьдаг болсон. Уг нь би Соёлын яам байгуулагдахад баярласан юм. Гэтэл эцэстээ нөгөө яам маань Соёл Батаарын яам болсон. Одоо харин БШУ-ны яамыг битгий л Боловсрол дөрвөн үсгийн яам болоосой гэж хүсч байгаа. Эх хэлний боловсрол гэхээр л дөрвөн үсэг яриад байдаг болох шинжтэй.
За яахав, тэд хувь хүнийхээ өнцгөөс төрийн ажил хийдэг байж болно. Харин би залуу эрдэмтдээс нэг л зүйлийг олж харахгүй байгаа. Хүн юм чинь олон гадаад хэл сурч, өндөр боловсрол хаа нэг газар эзэмшиж болно. Хамгийн гол нь таны сурсан бүхэн чинь эцсийн эцэст юунд зориулагдах ёстой юм бэ.
Гадаадынханд уу, үгүй биз дээ. 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай, 2.7 сая үндэстнийхээ хөгжил, оюун санаанд зориулагдах ёстой. Тэгэхээр шинэ цагийн залуу эрдэмтдэд би хатуу л үг хэлнэ. Та нар эрдэм боловсрол, хэл соёлыг өндөр төвшинд эзэмшсэн байж болно. Харин эх орноо гэх сэтгэл даанч алга.
Ийм завхарсан асуудал нийгэмд өрнөөд байхад нүдэн балай, чихэн дүлий сууж байгаа чинь гэмт хэрэг шүү. Та бидний үр хүүхэд ирээдүйд хаана амьдрах гээд байгаа юм бэ. Монгол харилцаа, ёс заншил, оюун санааныхаа ертөнцөд л үр хүүхэд маань амьдрах ёстой биз дээ.
Үр хойчийнхоо төлөө дуугарах цаг болоогүй юу. Өнөөдөр халаасанд чинь хэдэн төгрөг байх чухал биш ээ найзуудаа. Ирээдүйнхээ оюун санаанд монгол хэл, өв уламжлал, зан заншлаа авч үлдэх, ургуулан хөгжүүлэх л бидний гол ажил гэдгийг сануулъя. Би ер нь олон зүйлээс айж байна.
Тухайлбал, далайн шуурга болоод буй Зүүн Өмнөд Азийн орнууд эх газаргүй болвол хаана ирэх вэ. Төв Азийн өндөрлөгт, хүн амын сийрэгшилтэй бүс хаана байна. Ингээд бодохоор зөвхөн Монгол Улс шүү дээ. Тэд магадгүй өөрсдийнхөө ирээдүйг харсан бодлогыг бидэнд хэрэгжүүлдэг байхыг үгүйсгэх аргагүй.
Алсын бодлогынх нь эргүүлгэд манайхан яваад орчихсон юм биш биз дээ. Хэл бичиг өөрчлөх, түүх соёлыг мартуулах нь алсын бодлого юм шиг санагдаж байна. Энэ шинэчилсэн дүрэм нь батлагдвал бичиг үсэг анхлан сурч буй бидний хойч үе хүссэн хүсээгүй “мори, хони, хани, өвөлийн, хаварийн” гэж аялгаар нь дууддаг болно.
Энэ нь хэнд ашигтай вэ. Бодоод үз л дээ. Эх хэл бол улс үндэстний оршин тогтнох, аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан зэрэг бичгийн мэргэдийнхээ өвлүүлж үлдээснийг ингэж үргэлжлүүлэхгүй шүү найзуудаа. Ингэснээрээ түүхэнд үлддэггүй юм гэдгийг ч одооны энэ эрдэмтдэд хатуухан хэлье.
М.Наранболд
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих