Өвөө эмээгийн нэг сарын тэтгэврийн мөнгө ач охины нэг өдрийн зугаа

Хаврын урь орж, оюутан, сурагчид шалгалт шүүлэг гээд зав муутайхан л байна. Гэхдээ хаврын шалгалт гэхээсээ илүү хонхны баяртаа санаа зовж зөвхөн энэ л тухай яриа болж байна.

Хонхны баярын төгсөлтийн уур амьсгал ч аль хэдийнээ оржээ. Хаана тэмдэглэх, хэдэн төгрөг яаж олох, юу өмсөх гээд санаа тавих ажил их байгаа бололтой.

Өчигдөр “Sunday plaza” ортол ердийн үеийнхээс ачаалал нэлээн нэмэгдсэн нь ажиглагдаж байсан юм. Тэнд байгаа ихэнх хүмүүс хонхны баярынхаа хувцсаа худалдаж авахаар зорин ирсэн аж. Орлого ихтэй байгаа бололтой хямдруулахгүй гэсэн үг чихэнд сонсогдож байсан юм.

Үүний хажуугаар “хонхны баярт зориулсан үндэсний онцлогийг хадгалсан гоёлын дээлний прокат ажиллаж байна”, “Анги хамт олны монтаж хямд чанартай хийж үйлчилнэ”, “100-200 xүн хүлээн авах хүчин чадалтай зоогийн газар таны мартагдашгүй баярыг чинь тэмдэглэж өгнө, үнэ хямд” гэсэн зар нэлээдгүй харагдлаа. Мөн “ганцхан удаа өмссөн дээл зарна” гэсэн зар ч тавьсан харагдана.

Сэргэлэн сүүхээтэй оюутан нь цагийн ажил хийгээд мөнгөө олчихдог юм гэхэд ЕБС-ийн xүүxдүүд мэдээж эцэг, эхээ шаналгахад хүрнэ. Саяхан ерөнхий боловсролын нэгэн сургууль эцэг, эхийнхээ хурлыг хийж хүүхдүүдийнхээ хонхны баярыг хэрхэн тэмдэглэх талаар ярилцжээ.

Энд аль сургууль болохыг дурдсангүй. Тэгээд баярт зориулах зардал гэж 140.000 мянган төгрөг хураахаар болсон байна. Үүнээс гадна төгсөлтийн баяраар өмсөх хувцас гээд бодоод үзэхээр ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхэд бараг хоёр зуун мянган төгрөг шаардагдахаар болоод байна. 30 хүүхэдтэй гэж тооцохоор нэг өдрийнхөө баярт 4.600.000 төгрөг зарцуулах нь байна. Зарим нэг бэл бэнчинтэй эцэг, эх энэ саналыг ухайлан дэмжиж, гадаад дотоод явуулах юм болно. Амьдралын боломж тааруу нэгнээ хөлдөө чирж буй нь тодорхой. Үр хүүхэд нь эрдмийн баяраа хийх гэж байхад мөнгө байхгүй гээд суугаад байлтай биш. Энд тэндээс зээлж гуйгаад ч болов өгнө.

Эмээ өвөөгийн нэг сарын тэтгэврийн мөнгө. Төсвийн ажилтны нэг сарын гар дээр ирдэг цалин. Дээр нь ядаж байхад хүүхэд нь тааруу сурдаг бол бүр ч урамгүй. Юм үүгээр дуусахгүй. Шалгалт өгнө. Их, дээд сургуульд орно. Есдүгээр сарын 1-нээс өмнө сургуулиуд сургалтын төлбөрөө бэлэн 100 хувь төлж байж томилолтоо ав гэнэ. Зугаалгаар явахад 500,000-аар зугаалдаг анги гэж байх юм. Ганцхан зугаалганд ийм хэмжээний мөнгө зарна гээд бодохоор. Уул нь цаашаа суралцах тэдэнд сургалтад хамрагдаж тархиа цэнэглэхэд мөнгө хэрэгтэй л байна.

Зугаалга нийллэг, хувцас, бэлэг гэж байхаар төгсөгчид яагаад өөрсдөдөө хэрэгтэй сургалтад хамт олноороо хамрагдаж болдоггүй юм бол. Ерөнхийлөгчийн мод тарих аянд оролцож сургуулийнхаа гадаа талбайг яагаад цэцэрлэгжүүлж болохгүй гэж. Багш нарт хийдэг ажлынх нь төлөө үнэтэй бэлэг өгөх хэрэг бий юу. Сэтгэлийн бэлэг цэцэг л өг л дөө. Ийм зүйлийг яагаад хүүхдүүд сэтгэхгүй байна.

Төгсөх курсын оюутнууд 500.000 төгрөгөөр төгсөлтийнхөө баярыг тэмдэглэх гэнэ. Монгол дээлний захиалга нэмэгдэж нэг дээл 150.000 төгрөгийн өртөгтэйгөөр бүтэж байна. Ромбо зүүх дээл нь юм даа гээд эцэг, эх нь гараа гаргах нь зүйн хэрэг. Оюутнууд арван жилийн багачуудаас ялгарах гэж гадаад, дотоод явцгаах юм байх. Аяллын компаниуд ч оюутнуудад зориулсан хөтөлбөр гаргасан байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих