Утаа мөнгийг утаагүй зуух шиг сорж байна

шахмал-түлшИрэх жил утааг бууруулах ажилд 200 тэрбум төгрөг төсөвлөнө, Дэлхийн банкны төслийн хүрээнд 15 сая долларын зуухаар хангахаар болов, утаа бууруулах 34 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хэлэлцэнэ, зуухжуулах 7 сая ам.доллар гээд л нийслэл хотын утаатай зарласан “дайн”-ы зардлын том том тоо хэвлэл, албаны мэдээллээр зогсолтгүй хөврөх болсоор олон оныг үдэв. Харамсалтай нь хотын утаа энэ их хөрөнгө сүйтгэл зарсан дайнаар ердөө л 5-30 хувь буурсан гэх дүн мэдээ байна. Энэ тоо нь тун бага буурсан хэмжээ төдийгүй 5-аас 30 гэх дэндүү их интервальтай байгаа нь бас эргэлзээ төрүүлнэ. Дээрээс нь утаа униарын байгаа бодит байдал, иргэдийн “агаарын бохирдол, утаа буураагүй хэвээрээ байна” гэсэн дүгнэлтийг нэмээд үзэх юм бол буурсан гэдэг бүр ч эргэлзээтэй.

Хотын утаа үнэхээр гамшиг болов. Өвлийн цагт утаан хөшгөөр хулдуулж амьдардаг нийслэлчүүд ханиад томуунаас эхлээд амьсгалын зам, уушигны өвчинд нэрвэгдэж байна. Эмнэлэгт цээжний зургаа авахуулаад харахаар уушиг маань уур манан дунд байгаа юм шиг харагдаж байхад яаж ч эрүүл байх билээ.

Ямар сайндаа л өвлийн утаатай Улаанбаатараас эрүүл мэндийн аялалын багаар Солонгост очиж үзлэг шинжилгээнд орсон хүмүүсийг тэндхийн эмч нар үзчихээд “та нар бүгдээрээ уурхайчид юм уу” гэж асууж байх вэ дээ. Бодвол уушиг, цээж нь мөн л битүү утаа, биед нь нүүрсний утаа шингэчихсэн байлгүй яав гэж.

Манай улсын хамгийн том үйлдвэр бол 200 мянган “цех”-тэй нийслэлийн гэр хорооллын “утааны үйлдвэрлэл” юм гэж хэлж болно. Энэ цехүүдийн зуухыг онилж хэдэн жил үргэлжилсэн гадаад, дотоодод үйлдвэрлэсэн бүрэн шаталттай утаагүй зуухаар солих ажилд хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн банкны төслийн зээлээр 15 сая доллар зарж дөнгөж дуусаад одоо “Улсын нийслэлдээ утаагүй амьдарцгаая” уриан дор 45 мянган зуух солих 7 сая долларын ажил хийгдэж байгаа аж.

Төсөл ёсоор ирэх оны 1-р сард Улаанбаатарын гэр хорооллын айлуудын дийлэнх нь буюу 165 мянган өрх бүрэн шаталттай зуухтай болж, “утаагүй улаан гал”-аа түлэх ёстой юм.

Гэтэл “хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгчээр утаагүй зууханд тохирсон утаагүй түлш нь алга.

Улаанбаатарыг бүрэн хангахад жилдээ 800 мянган тонн шахмал түлш хэрэгтэй атал бид энэ жил арайхийж 20 мянган тонныг л гаргах тооцоотой байна.

Бүхэл бүтэн гурван тэрбум төгрөгийн санхүүжилт авсан 2-р цахилгаан станцыг түшиглэн барих хагас коксожсон шахмал түлшний үйлдвэр 3-н жилийн нүүр үзээд одоо болтол ашиглалтад ороогүй л байгаа нь дэндүү хайнга, хариуцлагагүй явдал юм.

Таарахгүй технологи гэл үү, юу гэлээ нэг л мод бүтэхгүй, эсвэл бүр бүтэхгүй ч байж мэдэх юмны сураг дуулддаг.

Үүнээс өөр утаагүй зуух галлах түлшний үйлдвэрийг дэмжсэн төрийн дорвитой бодлого байхгүй байгааг “дайн зарлачихаад дайтахгүй байгаа” Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо анхаарч үзээсэй билээ.

Уут уутаар мөнгө урсгаж зарчихаад түлэх түлшгүй зуухаар “утааны эсрэг дайнд оролцож” байгаа бидний ийм арчаагүй байдал нь сумгүй буугаар дайсантай тулалдахаас ялгаа юу байх вэ.

“Нүүрс савлахаас өөр юм хиймээр байна” гэсэн бангыг УИХ-ын гишүүдээс хүртээд байгаа Засгийн газар ямар хөр цасны хайрууд иргэдээ хөлдөөлтэй нь биш нүүрч хямд үнээр борлуулахаас өөр аргагүй ч, нөгөө талаас нь авч үзвэл түүхий нүүрсийг хямдруулж ихээр борлуулах нь Засгийн газраас утааны үйлдвэрлэлийг дэмжиж буй хэрэг болохыг зөвшөөрч, дараа жилийн өвлөөс өмнө их хөрөнгө мөнгө зарж бүтсэн утаагүй зуухныхаа түлшнийг асуудлыг шийдвэрлэх дорвитой алхам хийхгүй бол дахиад л “нохой хоргоож” тортогт нүүрсээ л савлаж зогсох вий.

Уг нь “Утаагүй зуухаар айл өрхүүдийг 100 хувь хангаад зориулалтын түлшийг нь бүрэн хэрэглэж чадвал манай хотын утаа дунджаар 70 хувь буурах” тооцоотой юм билээ.

Иргэдийн эрүүл мэндээс эхлээд байгаль экологид ноцтой хохирол учруулагч утаа хэмээгчтэй зарласан “дайн”-д зарцуулах том мөнгө фронтдоо хүрэлгүй “Цэвэр агаар сан”-гаас эхлээд дарга нарын гараар үрэн таран болж, хэн нэгний хувийн бизнесийн тэтгэлэг болон зам зууртаа үрэгдсээр байвал Улаанбаатарчууд энэ дайнд ялагдахад хүрээд байна.

Г.Андрей


URL:

Сэтгэгдэл бичих