2012 онд төрсөн хүүхдэд 128 мянган төгрөг олгоно

13-11-19-1tХүний хөгжил сангийн хувь хишиг болгож 2010 оноос эхлэн иргэн бүрт нэг сая 500 мянган төгрөгийг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр олгох ажил эхэлсэн билээ.

Тэгвэл энэ үед 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэд ирэх сарын 1-ний дотор Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөгийг бэлнээр авах боломжтой аж. Энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Санхүү, бүртгэлийн хэлтсийн газрын мэргэжилтэн Б.Бадрахаас тодруулсан юм.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэнд хэдэн төгрөг олгосон бэ. Мөн энэ удаа нөхөн олгох ажилд улсаас хэчнээн төгрөг төсөвлөсөн байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд 2.9 сая иргэнд 1.4 их наяд төгрөгийг бэлнээр буюу 21 мянган төгрөгөөр, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 321.9 тэрбум төгрөг олгосон байна. Харин өнгөрсөн хугацаанд 2011 оны байдлаар 133 мянган оюуганд 66.9 тэрбум төгрөг, 2012 оны байдлаар 144 мянган оюутанд 71 тэрбум төгрөг олгоод байна.

Нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр нийт 615 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд олгосон аж. Харин энэ оны төсвийн мөнгө дуусч байгаатай холбогдуулан 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд мөнгийг нь нөхөн олгох ажлыг үргэлжлүүлж байна. Тэгэхээр энэ онд 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд улсаас нийт 32 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

-Гадаадад амьдарч байгаа болон 2012 онд төрсөн хүүхдүүдэд нөхөн олгох ажил үргэлжилж байгаа гэсэн. Энэ тал дээр та мэдээлэл өгнө үү?

-Энэ нь 2012 онд шинээр төрсөн, гадаадад удаан хугацаагаар амьдарч байсан, хорих ял эдэлж байсан иргэдэд илүү хамааралтай болж байгаа юм. Хэдийгээр эдгээр иргэн хувь хишгээ авах эрхтэй байсан ч өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар амжиж авч чадаагүй байна. Хамрагдаж буй иргэдэд тавьж байгаа гол шаардлага бол иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх юм. Ингэснээр гадаадад амьдарч байгаа иргэн ар гэрийнхнээрээ дамжуулж мөнгөө авах боломжтой болно. Харин 2012 оны сүүлчээр төрсөн хүүхдүүд өнгөрсөн оны хувь хишиг гэж 128 мянган төгрөг л авна.

-Ингэж нөхөн олгож байгаа нь нэг сая төгрөгөө авч чадаагүй оюутнууд болон ахмад настнуудад хамааралтай юу?
-21 мянган төгрөгийг Монгол Улсын иргэн бүр авах эрхтэй гэсэн үүднээс нөхөн олгож байгаа юм. Харин зарим иргэн Хүний хөгжил сангийн мөнгийг дахин олгож байна гэсэн ташаа мэдээлэлтэй орж ирж байна. Энэ нь нэг сая төгрөгөө авч амжаагүй оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралгүй.

-Нэг сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр авах хүсэлт гаргасан иргэд хэзээнээс үр ашгийг нь хүртэх боломжтой болох вэ?
-Үүнд тодорхой заасан хугацаа байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа брокер диллерийн компаниудад гаргаснаар иргэд нэг сая төгрөгийн хувьцааныхаа үр ашгийг хүртэх юм. Мөн энэхүү ажлыг бид “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК -тай хамтран зохион байгуулна.

Т.Болорцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.