Эзэн богд Чингис хаан минь ГЭРЭЛТЭЭСЭЙ!

Эрдэмтэн Жак Уэтерфордын туурвисан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном дэлхийд алдартай Аmazon.com сайтын санал асуулгаар 2011 оны шилдэг сонсдог номоор шалгарлаа. Америкийн жирийн нэгэн коллежийн багш Жак Уэтерфорд олон жилийн турш судалгааны томоохон ажил явуулсны үндсэн дээр “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээн дэлхий дахинд Чингис хааныг маань урьдын адил хүчирхэг боловч гэрэл гэгээтэй талаас нь сурталчиллаа.

Ингэхэд Монголчууд бид ер нь Эзэн богд Чингис хаанаа гэрэл гэгээтэй, сайхан талаас нь ярьж, сурталчлахаа больчихоо юу даа. Чингис хааны тухай кино хийнэ гэхээр оросууд давхиж ирээд хар талаас нь баахан дүрсэлчих юм. Түүхийн ном сурах бичиг дээр гадныхан их эзэн Чингис хааны маань алдар гавьяаг дураараа баллаж цохолж, гуйвуулж байна. Тэгэхэд Францчууд Наполеоноо, Оросууд Александраа, Америкчууд Авраам Линкольноо, Хятадууд Мао Зэдүнээ хэрхэн түүхийн хуудаснаа гэрэлтүүлэн үлдээж байгааг бид харж байна.

Тэд их хаадаа, удирдагчдаа дандаа л гэрэл гэгээтэй талаас нь дүрслэн бичиж, түүхэнд мөнхөлж байна. Тиймээс Дэлхий мэддэг Чингисээ бид одоо л гэрэлтүүлэхгүй юм бол хэзээ гэрэлтүүлэх юм бэ. Дэлхий Чингисийг үнэлж, түүний нэр түүхийн хуудаснаа одоо ч гэрэлтэн харагдаж байгааг бид эрдэмтэн Жак Уэтерфордын номноос олж харлаа.

Дараа жил эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн тохиох гэж байна. Өнөө жил “Хүннү” гүрнийхээ 2220 жилийн ойг монголчууд бид омог бардам, хүндэтгэл төгөлдөр тэмдэглэх гэж байна. Тиймээс сэтгүүлчид, блогчид, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хэнээс ч асуулгүй, шахаж шаардалгүй Чингис хааныхаа тухай ГЭРЭЛТЭЙ, ЧАСХИЙСЭН сайхан мэдээ, нийтлэлийг олон түмэндээ хүргэхийг уриалж байна.

Эзэн богд Чингис хааны маань алдар гавьяа, морин дэл Их монгол улсаа байгуулсан аугаа сүр хүч нь үеийн үед гэрэлтэж байхын төлөө оюунаа чилээцгээе, сэтгүүлчид ээ.

Р.Тэмүжин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.